Б.Ганчимэг - Хунгийн чуулган

Twitter Print
2021 оны 09-р сар 29-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Холын тэртээ домогт Дарьгангын нутагт ариун Ганга бий. Ариун гангын усаар үсээ угаасан бүсгүй хүн жаргадаг. Хайрын шувуу Хун газрын хол усны уртыг туулсаар Гангад л ирж чуулдаг. Намрын Ганга тэгэхээр хайрын ганга болдог. Хайрын Гангад ирж үсээ угаасан бүсгүй хайраар дутдаггүй. Хайраар дутахгүй амьдрана гэдэг юутай ч зүйрлэшгүй тавилан. Яаж би найр хайрын дууль алдарт Гангад очих вэ. Үсээ ганцхан угаахсан гэж мөрөөднө.

Аль тэртээ арван долоо наймтайд сонссон ийм нэг дам ярианаас болоод сэтгэлийн минь мухарт шургачихаад гарч өгдөггүй хүсэл яваад л байдаг байлаа. Гарч өгөхгүй болохоор нь Гангын тухай, Хунгийн тухай дуулаад л явав. Дуулаад л явахад хэзээ нэгэн цагт бүтэх юм шиг...

Хэзээ нэгэн цагт би үлгэрийн цэнхэр Гангын хөвөөнд сууж байх юм шиг...

Ганган байгалийг тольдсон

Гангын нуур нь цэлгэр дээ

Хайртай хоёрын сэтгэл нь

Хамгийн дундаас онцгой доо... Лав хориод жил дуулжээ. Тэгэхээр хориод жил мөрөөдсөн гэсэн үг байх.

Дагшин дуутын ус нь

Тунгалаг болоод арвин даа

Дассан хоёрын сэтгэлийг

Түүнтэй яаж зүйрлэх вэ...

Дуулаад л явав. Дуулаад л явахад бүтдэг юм байна. Одоо би охиддоо мөрөөдлөө сайн нуу, цээжнийхээ гүнд үлгэр болтол, бүр зүүд болтол хав дарж сур гэж захина. Охиноо мөрөөдөж сургая. Мөрөөдөж сурсан бүсгүй хүлээж сурдаг. Хүлээж сурсан хүүхэн хүнд итгэж сурдаг. Итгэж сурна гэдэг жинхэнэдээ хайрлаж сурахын нэр. Охидоо би хайрлахад сургая.

Нэг мэдэхэд би мөрөөдлийн цэнхэр Гангын эрэг дээр зогсч байв. Зүүдэнд цэв цэнхэр өнгөөр тунарч байдаг Ганга надад нов ногоон харагдав. Ногоорон хөөсрөн цалгилж үзэгдэв. Юун үсээ угаах . Догшин, дагшин гэж жигтэйхэн.

Энэ хорвоогийн бүх хунг элгэндээ тэврээд наадуулж байдаг гэх домгийн цэнхэр Ганга нуурыг ийнхүү зорьж зорьж очоод гайхан мэлрэн зогсов. Хүн ч үгүй, хун ч үгүй Гангын эрэгт ганцаараа удаан байх аргагүй санагдав. Нутгийнханы ярьж байгаагаар лав сүүлийн хэдэн жил хунгийн чуулган Ганга нууранд болоогүй гэнээ. Ариун Гангын ус элдвийн саван шампуниас хордож, ургамал сэлт нь өвдсөн юм байх. Газар газраас очсон над шиг саваагүй эмс Гангын усаар үсээ угаачихвал есөн хүсэл нь биелчих юм шиг санан зорьж ирээд, ариун тунгалаг усыг нь баахан хир даг, үсний будгаар булингартуулж хаяад буцдаг аж. Ингээд Ганга нуур ганц ч хунгүй гансарч байдаг болж. Юу нь сайн байхав. Гангар гунгар хун Гангадаа л байвал гоё.

Үнэндээ нуур ч гэж нуур, нэр ч гэж нэр юм аа.

Ганга нуураас ниссэн хун

Намартаа заавал ирдэг

Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал эргэдэг... гэж Явуу найрагч нэгэнтээ дуу алдсан нь зүгээр ч нэг явдал биш бололтой.

Гангадаа туниад бууж өгөхгүй байгаа хунгууд холгүйхэн орших Холбоо нууранд чуулдаг болсоор нэлээн хэдэн жил өнгөрч байгаа гэнэ.

Хунгийн чуулганд зорьж очдоггүй гэх хэн хэзээ зохиосон нь мэдэгдэхгүй иш мухаргүй үг ирж буцаад л байв. Гэвч тэгэх тусам очмоор бодогдож намар намарт байж суухын аргагүй болно. Тийшээ аваад яваач гэж бараг амьтан болгоноос гуйж байж сая нэг алтан боломж ирдэг юм байна.

Өглөө Улаанбаатарт тууж явсан хүн үдэш нь Баруун-Уртын төв талбай дээр зогсч байлаа. Эндээ хоноод маргааш өглөө нь эртлэн Дарьгана явах болж, Аймгийн захиргааны нэгдүгээр давхарт байх зочид буудалд хоног төөрүүлэхээр орлоо. Жижүүрээс өрөөнийхөө түлхүүрийг гардаж аваад хонгилоор алхтал өөдөөс нял хийсэн жунгаа үнэр хамар цоргив. Хаа л явна өмнөд хөршийн сайн найзууд үнэр танараа тээсээр манаргаж явах болжээ. Сайн найзууд маань захиргааны байшинг доргитол хашгичсаар үүр цайлгав.

Хөл хөдөлгөөн эхлэнгүүт Сүхбаатар аймагт суудаг цорын ганц танил болох Ай.Төмөр-Очир ахыг асууж сурлаа. Эхнэр нь сургуулийнхаа 80 жилийн ойгоор Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж мань хүн ер нь хүлээн авалтын байдалтай байгаа сураг чих дэлсэв. Төдөлгүй бид хэл үг авалцлаа. Мань хүн ч давхиад ирэв. Бид төрийн төв хэвлэлд нэг тогоон дотор буцалж явсан улсын хувьд ах дүү хоёр шиг тэврэлдэн уулзлаа. Би ч зорьж ирсэн хэрэг явдлаа дуулгав, ах хүү ч тусалж дэмжихээр тогтов. Ингээд төрийн сайдын машинаас Төмөр-Очирын ногоон тэрэг рүү шилжиж суугаад Дарьгангын зүг хөдөлдөг юм байна. Түүнтэй ингэж ханьсах дотоод хүсэл надад байв. Ай.Төмөр-Очир миний зорин зорин ирж байгаа хунгийн чуулганы талаар анх төрийн төв хэвлэлд бичсэн сэтгүүлч. Тийм болохоор түүнээс асууж сурах юм их байв.

Ах бид хоёр аймгийн төвөөс дөнгөж амаржсан нялх биетэй, нярай хүүхэдтэй хоёрын хоёр хүүхэн, бас нэг хөгшин суулгаж аваад давхив. Ай ах замдаа ам хуурайгүй. Улс төр, уран бүтээл гээд явж өгөв. Тийн хуучилсаар үдшийн бүрийгээр Дарьгангад ирж хүүхнүүдээ буулгаж өгчихөөд холбоо нуур луу шууд хөдөллөө.

Тэнгэрт түг түмэн од гялбалзаж, нуурын уснаа мянган цагаан хун гэрэлтэн хөвсөн газрын диваажинд хүрч очжээ. Нүд унагахгүй байхын аргагүй бургастай төгөл... Төгөл дотор даарсан чандага шиг гурван цагаан гэр. Багийн даргынх, бага эмчийнх, нөгөө нь харин буурчийн гэр.

Харанхуйн дунд Төмөр-Очир ахын хөөе Долгормаа гэх дуун сонсогдоно. Энэ эр Дарьгангын нохой, хүүхэн хоёрыг нэр зүсээр нь андахгүй дэг ээ. Төдөлгүй гэрт гэрэл гарч, бүсгүй хүний дуу сонсогдон манай ах явж оров. Ах гарч ирж байна. Энэ манай ангийн охиных юм аа. Нөхөр нь ноднин өнгөрсөн. Ирж чадаагүй болохоор халираад байна. Чамайг холоос яваа, хунгийн чуулган үзэх гэж ирсэн гээд бүгдийг нь хэлчихлээ. Ах нь гадаа хоносон ч яахав, харин чи ороод унтчих гэж байна. Пүг хийсэн халуун гэр угтав. Баруун талын орон дээр арван долоо, найман насны нэг хүү унтаж байна. Эзэгтэй цай хоол болон яриа хөөрөө дэгдэж, монгол хүний цоож цуургагүй халуун сэтгэл яах ийхийн зуургүй эвсэн найрсаж, намрын шөнө холбоо нуурын эрэгт гурван хүн дүнгэр дүнгэр хүүрнэж суулаа. Одоогоос гучин жилийн тэртээ энэ хоёр хүн хөрш аймаг руу анагаахын дундад сурахаар мордож байсан улс ажээ. Бүсгүй бага эмч болон Гангын хөвөөнд суурьшсан бол мань хүн тал тал тийшээ үсчиж явсаар дууссан гэнэ. Дууссан ч гэж дээ. Энэ өөрийнх нь яриа шүү. Гэхдээ их л ортой үг байх. Хорин жил энэ нуурын эрэгт амьдарсан эмч бүсгүй харин миний сэтгэлийг ёстой нэг гижигдэж байв. Бушуухан өглөө болоосой. Түүнтэй ярьж хөөрөх юм мөн ч их байх.

Энэ гэр эмэгтэй хүний гараар бүтсэн урлан ажээ. Юм бүхэн эмх цэгцтэй. Энд тэндгүй эрээн мяраан хатгамал. Хос хун нямбайлан хатгасан явган хөшиг, дэрний уутнууд нүдэнд тусна. Айлын хүү нүд ирмэхийн зуур шурхийн босч, ээжийнхээ орны урдуур шидсэн гудсан дээр тусгаар тогтнов. Манай ах гадаа унтсан ч яахав болон цэмцэгнэтэл яаж болох вэ, дотор унт гэх гэрийн эзэгтэйн намуухан команд өгөгдөж айлын хүүгийн дулаан хэвтэр рүү эрээлж цээрлэх юмгүй шурган алга болов.

Дэн намсхийн унтарч би гэдэг хүн холбоо нуурын эрэгт намрын шөнө танихгүй эзэгтэйн гэрт хөрвөөж хэвтлээ. Харин гадаа юу болоод байгааг даан ч нэг ойлгож өгөхгүй байв.

Гаав гаав, гүүв гүүв, хүүе хүүе... тэгэснээ хүүхэд уйлаад ч байгаа юм шиг... ноход боргож, чоно улиж, гөлөг гаслаж байх шиг гачлантай дуун тэнгэр газрын савслага Гангын орчмыг тэр аяар нь автуулж байлаа.

-Эгчээ, энэ дуу хэзээ тасрах вэ?

- Бараг л тасрахгүй дээ. Одоо буцах нь дөхсөн бүр их гангинана.

-Хэзээнээс эхлэв?

-Энэ жил эрт эхэлсэн. Есөн сарын аравдаас л чуулсан шүү дээ.

-Хүн их ирэх юм уу?

-Өө, их их. Машин тасрахгүй хөвж байна.

-Жинхэнэ чуулган арай болоогүй байна. Зарим аймгийн хун ирээгүй байна гэж уншсан. Ингэж их зүтгэж байж ирээд үзэж харж чадахгүй буцвал яана гэж айж байлаа?

-Гэнэт баруун хаяанаас Ай ахын сүржин дуу хадаад явчихав. Хн, юугаа уншчихсан амьтан бэ. Нөгөө Их хурлын чуулганы ирц бүрдэхгүй байна гэдэг шиг юм болох нь шив дээ. Тэдэнд нээнэ, тэдэнд хаана гээд ямар Их хурлын чуулган биш дээ. Хун энчээ буудгаа буугаад, чуулдгаа чуулаад дуусах гэж байхад... гэж ирээд харанхуйг хага зүсэн хоржоонтойгоор чимхээд авав.

Буцах хунгийн дуунаар сэрсэн

Буурал намрын цагаан шөнө... дуунд биш дэргэд минь тунарна. Би харин гэрт гадаа хоёроо ялгахаа байв. Хун гэдэг шувуу чинь анаашнаас дутуугүй урт хүзүүтэй, уужим хоолойтой амьтан ажээ. Тэдний хоолой даанч нэг эцэж цуцахыг мэддэггүй бололтой. Эхлээд сонин, дараа нь содон, эцэст нь харин юу ч гэж хэлмээр юм бэ дээ.

Үүр цавцайн гийж, талын өглөө яах ийхийн зуургүй ургаад ирэв. Босоод айлын шар нохойгоор хань хийж аваад нуурын эрэг рүү алхчихлаа. Холбоо нуур, хунгийн чуулган хоёр бие биенийхээ сүрийг дарж ядан мэлтэлзэж байна. Захаасаа зайрмагтаж хөлдсөн нуур хунгаа гол руугаа шахан багтааж ядаж байх шиг. Лав мянган хун бий гэсэн үнэн бололтой. Гэхдээ шувууг хонь шиг тоолж болдоггүй юм байна. Өдөн цагаан хун сүрэг сүргээрээ сүжрэн бүлэрч байснаа, усны мандлыг далавчаараа пад пад хийтэл алгадан хөөрч, нуураа хэдэнтэй хошууран тойрсноо эргэн хурган бууна. Зарим нь жигтэйхэн зожигорч хоёулханаа хүзүү сээрээ орооцолдуулан эрхлэлдэж, уран цагаан далавчаа шүхэр шиг дэлгэн өөд өөдөөсөө ус цацалж тоглоно. Энд нэгэн хос тийнхүү янаглан байхад тэр захад зарим нь хурал хуй болон сүржигнэж бөөгнөрөлдөн хашгиралдана. Тэгж тэгж хэсэг хэсгээрээ чимээгүйхэн арилж өгдөг гэнэ.

Хун ирэх нь ерөөсөө мэдэгддэггүй атлаа явах нь орчлонг тэр аяар нь үймүүлж орхидог бололтой. Шөнөжин орлилдсон хун өглөөний есөн цаг болохын алдад дуу нь сая нэг татарч, нар тусч бүлээссэн зах руу наашлан хөвж ирээд намагтай шавартай эрэг дээр хээв нэг гарч хонь хурга шиг хэвтээд өглөө. Ямбархуу, ялархуу шувуу юм уу даа. Харахад нэг л их хээнцэр ганган амьтан. Дуулалдаад л, бүжиглээд л, эрхлээд л, хөдөлж ядаад л... Дэргэд нь ангир мэт нь жигтэйхэн ахуйч. Нугар нугар гээд л үр төлтэйгөө нөөцөлдөөд, өмнө хойно нь ороод бөөцийлөөд явах. Хүн амьтан ч тэднийг шувуу байна гэж харахаас цаашгүй. Нуурандаа хураад чуулж байгаа хунгийн дэргэд муусайн жижиг шувууд шиг өрөвдөлтэй юм алга. Хэний ч нүдэнд торохгүй. Хүн малгүй хун руу л хошуурна. Амьтны ертөнц бас л хүний хорвоо шиг өнгөний хорвоо аж.

Лам шувуу ганц нэгээрээ энд тэнд бээцэгнэн хөвнө. Гэхдээ хун руу хавьтахгүй. Хун тийм ч ааль сайтай амьтан биш. Сэлбэгэ сэлбэгэ хийгээд сэрүүндүү шувуу юм уу даа.

Шөнөжин бахиралдах хунгийн дуу цээжинд жавар хургуулж хоножээ. Харахад үзэсгэлэнтэй, халдахад бэрхтэй хаашаа ч янзын шувуу юм. Зүс нь дэндүү сайхан ч, дуу нь зүрх зүсэгдэм шаналантай.

Хунгийн чуулган дэргэд нь удаан тогтмооргүй уйтай, тэвчиж тэсэхийн аргагүй гаслантай юм. Уй гуниг үргэх биш хургах гэмтэй юм. Тийм ч болоод хунгийн чуулганд зорьж очдоггүй гэх үг олны дунд явдаг байж мэднэ. Дүүрэн цагаан хун дундран дундарсаар нэг л мэдэхэд нам жим болон цас унаж байдаг гэнэ. Мань мэт нь хун чуулахыг харах гэж газрын холоос зорьж очдог байхад нутгийн зарим авгай нар новшийн хунгууд бушуухан далд ороосой, нойртой хонохсон гэж гасалж байдаг аж. Дэргэдийн бурхандаа сүжиггүй гэж энэ.

Орь дуу тавин сэтгэл жиндүүлсэн хун одоо болохоор юу ч болоогүй юм шиг гэдэн гэдэн хөвж явна. Элэг нь жиндээд яасан хэцүү байгаа бол.

Нуураа чи, ай хө

Хөлдөх гээд байна уу даа

Нугас гэдэг амьтан чинь

Хөөрхий боллоо шүү дээ... ай л хөөрхий минь дээ... Дуулмаар ч юм шиг, уйлмаар ч юм шиг. Туулж яваа амьдрал маань тэр чигээрээ утгаа алдсан юм шиг, энд ингээд тэнэж яваа маань дээд зэргийн солиорол юм шиг, эргээд очиход Улаанбаатар адгийн заваан ордон юм шиг... Сэтгэл юу юугүй үелзээд болохгүй нь ээ.

Бургастай төгөлийн дундаас чанх дээшээ гэрийн утаа олгойдож харагдана. Өнөө шар нохой ч аль хэдийнээ алга болж өгсөн байв.

Төмрөө ах маань зөрөөд нуурын зүг арилж өгчээ. Шүд хаг ташсан хүйтэн усаар нүүрээ угааж, өглөөний жингэнэсэн салхиар хатааж аваад гэрт орлоо. Гэр гэж гял цал. Намрын дарайсан шар өрөм таваглаж идээ ундаа болов.

-Ийм хачин гаслаан гангинаан дунд та нар яаж байдаг байнаа?

-Байгаад л байдаг юм даа. Өмнө нь хун ингэж айхтар гасалж орь дуу тавьдгийг анзаардаггүй байж. Хоёулаа хүн чинь хажууд юу болж байгааг мэддэггүй юм байна. Энэ жил л харин энэ нуурын хөвөөнд байж суухад хэцүү байна.

Ингэж хэлээд айлын эгчийн дуу ялимгүй сааралтав. Хорь гучин жил холбоо нуурын эрэгт ижилдэн жаргасан тэдний нэгийг бурхан дуудсаар байгаад аваад явчихаж. Хоймрын жаазнаас хүрэн дээлтэй сайхан цагаан шүдээр яралзтал инээсэн хүрлэгэр бор эр ширтэнэ. Түүний эзгүйд хун чуулдгаараа чуулж, хүн амьтан цувдгаараан цувж байна. Хорвоо хэнийг ч үгүйлдэггүй гэж үнэн байх.

-Энд хун өвөлжчихдөг гэх юм. Хөлдчихгүй сонин амьтан аа?

-Дээхнэ хоёр хун өвөлждөг байсан. Зэгсэндээ л голцуу шигдчихнэ. Нуур тэс хөлдчих юм чинь өөр хаачих ч билээ. Өрөвдмөөр амьтад.

-Яагаад сүргээсээ хоцорчихдог юм бол?

-Эд чинь ер нь их хачин ш дээ. Хүч дорой, бие султайгаа хаячихдаг юм байна лээ. Ноднин манай бүрлээч (нөхрийгөө хэлж байна) нуураар явж байгаад нэг орж ирлээ. Эдэн дотор нэг туниа муутай амьтан байнаа. Тэр лав хаягдах байх. Ер нь хун тэжээчихэж болдоггүй юм болов уу. Ганцаараа үлдэхээр нь тэжээх гэж оролддог ч юм билүү гэж байна. Би шоолоод чи түүнийг хаягдана гэж яаж мэдээ вэ гэтэл. Их ядруу юм аа. Цаадуул нь ирээд л хайрч хазлаад зодоод байх юм гэж байсан. Манай хүн юмыг их ажигладаг хүн л дээ. Тэгсэн хэд хоногийн дараа гасалсаар орж ирлээ. Яасан муу ёрын амьтад вэ. Өнөө муугаа цааш нь харуулчихаад явчихаж, хоёулаа очиж үзье гэлээ. Гүйгээд очсон нээрээ нэгийгээ өд сөдийг нь хуу зулгаагаад, салбайтал нь нүдэж алчихаад явчихсан байна шүү. Энүүгээр нэг цагаан өд, цус нөж. Нүд хальтирмаар юм билээ.

Айлын эгчийн яриа ахиад л миний сэтгэлийг хямраав. Нээрээ яасан муухай амьтад вэ.

Манайд ирдэг хун тундрын төрөлд багтдаг гэсэн. Гангар, гунгар, хуруут гэх ангиллын хунгууд л манайд ирдэг. Хараад байвал тэд бас хоорондоо ялгаатай. Дэлхийн эрдэмтэд хунг 30-35 насалдаг гэж тогтоосон байна. Энэ ч бас тэдэндээ хангалттай урт хугацаа байх.

Үнэнч хайрын бэлгэдэл өдөн цагаан хун нэг амьдрах насандаа эрчүүд шиг эхнэрээ сольж тавьтаргүйтдэггүй. Эмс нь ч хөлдөө хий оруулан гүйж энд тэндэхийн тэнүүлчидтэй үсэрдэггүй гэнэ. Домгоор бол хос хун нэгийгээ алдахаар ганцаараа удаан амьдарч чаддаггүй гэдэг. Хайртынхаа араас гашуудан энэлсээр турж эцэж, өндрөөс газар руу унаж, хүзүүгээ хугалан амиа хорлодог гэх. Гэвч харсан үзсэн хүн хэд байдгийг мэдэхгүй юм.

Ахиад л би нуурын эрэгт сууж байна. Энэ удаа Төмөр-Очир ахтайгаа хүүрнэж суув.

-Та хунгийн чуулганы тухай анх төрийн төв хэвлэлд бичиж байсан санагдаж байна?

-Хунгийн чуулганы талаар сүүлийн үеийн хүмүүс л нэлээн ойлголттой болж байх шив дээ. Анх бол энэ тухай нийтэд тэр бүр ойлголт байдаггүй байсан бололтой юм аа. Уг нь бол хунгийн чуулган зах зээлийн үзэгдэл биш шүү дээ. Угаасаа л хун чуулдгаараа чуулж байсан. Дарьганга байдгаараа л байж байсан. Одоо л хүн мал, машин тэрэг хөвж, газар ус маань жинхэнэ тахлагдаж байна. Өдөр тутам шинэ сонинтой нүүр тулан учруулж байдаг энэ ертөнцийн гоо сайхныг таньж барна гэж байдаггүй. Би хэдийгээр эндэхийн хүн гэлээ ч бүр хожуу 1993 онд анх хунгийн чуулган дээр сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатартай ирж дуу алдан гайхширч байсан. Яваад л байсан, яг тэгж нүүр тулан учирч байгаагүй. Тэгээд 1997 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д энэ тухайгаа бичиж байсан. Хүмүүс сайхан хүлээж авсан. Дотроо би өөрийгөө хунгийн чуулганыг нийтэд анх дэлгэж нээсэн гэж хөөрдөг л юм. Хунгийн чуулган бол Алтан овоо, Шилийн богд шиг манай Дарьгангын гайхамшгуудын нэг юм. Хун шувуу мянга мянгаараа ирэн дуулж чуулдаг энэ үеийг би юутай ч зүйрлэшгүй амраг улирал гэж боддог. Их ухаарлын, уянга дууллын цаг юм. Урд шөнө энд бид чагнаж хонолоо. Хүний хорвоогийн зовлон жаргалыг яриад ч байх шиг, сэтгэл үелзмээр айхтар орчин байдаг юм байна. Холоос зорьж ирсэн чамд бол уран бүтээлийн онгод хүчийг хайрлах байх. Хунгийн чуулганы тухай сайн нийтлэл, сайн бүтээл туурвигдаагүй байгаа шүү.

-Ганга нуур, Алтан овоо, хунгийн чуулган үеийн үед байсаар ирсэн. Энэ бүхэн зах зээлийн үзэгдэл биш шүү дээ гэх таны үгнээс нэг тийм харам үнэр ханхаллаа?

-Тэгэхгүй яах юм бэ. Аливаа юм хоёр талтай. Нэг талаар аялал жуулчлал хөгжих таатай түшиц газар мөн ч нөгөө талаар түүнийхээ хэрээр гадна дотныхны хөлд онгон байгаль талхлагдаж байна. Алтан овоонд мөргөж, Шилийн богд дээр гарсан хүн өдийд хунгийн чуулган үзэхгүй яаж буцахав. Бүгд л ирж байна. Гэхдээ яг хунгийн чуулган үзнэ гэж мянган бээрийг туулан ирж байгаа гэх нь надад хувьдаа таатай санагддаггүй л юм. Уран бүтээлч та нарт бол өөр л байдаг биз. Гэхдээ... Хун бол бас хатуу шувуу шүү дээ. (Мань хүн намайг бас айлгах санаатай. Харамлаад ч байгаа юм шиг, хажиглаад ч байх шиг...Талын хөх салхи шиг янзын эр. Гэхдээ надад үнэхээр тус болж байна шүү)

-Энд ер нь хэдэн хун буучихаад байна вэ?

-447.

-Та битгий тоглоод бай л даа?

-Чи л өөрөө намрын чуулганы ирц бүрдээгүй, тэдэнд нээнэ, хаана гэдэг шигээ юм ярих гээд байна ш дээ. Би бол энд лавтай 2000-аад хун байна л гэж харж байна.

-Шувууны өвчин гараад наашаа хөл хорино ч гэх шиг яриа сонсогдоод байсан. Энд шувуу эндээгүй биз дээ?

-Ямар танай тэндэхийн оромжны шувуу биш дээ. Эд бол зэрлэг онгон байгальдаа амьтныхаа хуулиар амьдарч байгаа шувууд. Хатгаа тусаад үхээд байна гэж байхгүй. Энд нэг ч хун эндээгүй. Яахав байгалийнхаа хатуу ширүүн хуулиар ганц нэг нь эндэх юм тохиолддог л доо.

-Хун хатуу шувуу гэх үг чинь надад айдас төрүүлчихлээ. Хун үнэнч шувуу л гэж сонссон юм байна?

-Үнэнчээрээ ч зартай амьтан л даа. Хайрын шувуу юм даа. Би чамд нэг домог ярьж өгье. Манай Мөнххаан суманд одоо 100 хүрч байгаа Санжаа гэж сайхан буурал бий. Тэр хүн надад ярьж байсан юм. Манай энд дээр үед нэг хятад байсан гэнэ л дээ. Гэхдээ дандаа шувуу тэжээдэг. Шувуу тэжээгээд л дасгаад байдаг. Зүсэн зүйлийн шувуу. Гэхдээ юугаар тэжээдэг вэ гэхээр дандаа махаар тэжээдэг юм байна. Сонин байгаа биз. Хамгийн сонин нь зориуд өлсгөөд байхаар бүх шувуу тэсэлгүй мах идсэн гэж байгаа юм. Ганцхан хун мах руу ойртож очихгүй байсаар өлбөрч үхжээ. Тэгээд тэр хужаа ярьж байсан гэнэ. Хун үнэхээр онцгой үнэнч амьтан юм байна. Бүх шувууд тэсэхээ байгаад маханд орж байхад ганцхан хунг л би маханд оруулж дийлсэнгүй гэж. Хятадын ухаан гэж барагдах биш дээ. Тэр өвгөн хужаа нисээд явчихдаг шувуудыг хүртэл тагтаа шиг явган гүйдэг болгочихсон тэжээж байдаг байсан гэдэг. Тэгээд нутгийнхан энэ одоо далавчийг нь арай хяргачихдаггүй байлтай. Яаж ингэж тэнгэрийн шувуудыг явгалаад өөртөө аргамжчихдаг байнаа гэж шагшдаг байсан гэнэ лээ. Өвсөн тэжээлтэй амьтныг чинь бага багаар өлсгөж байгаад маханд дасгачихаар яваандаа мах идээд бие нь нисч чадахаа байдаг юм байна л даа...

Ах бид хоёрын яриа ийнхүү өндөрлөв. Бодол хөврөнө. Үнэхээр хачин сониноор дүүрэн хорвоо юм даа.

Хун ганцаарханаа цасан цагаанаараа, ганцаарханаа ариунаараа үлдсэн гэдэг үнэхээр үнэн байх. Яваад байвал олон сайхан хүнтэй уулзан учирч, олон гоё домог яриа олж сонсмоор юм. Монголын тал нутаг яндашгүй гэж энэ.

Ингээд бид машиндаа сууж аваад хөдөллөө. Алтан овоонд очоод аялал маань дуусах байв.

Дарьгангын шаргал талд сүр хүчээ илтгэн орших алдарт Алтан овоо... Би ямар тэнд гарч тэнгэрийн сахил хүртэх биш дээ. Усыг нь уулаа, одоо ёсыг нь дагая. Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй. Би ч бас гарахгүй. Алтан овоог бүсгүй хүн алхаж тойрдог. Би ч бас тойрно.

Алтан овоонд хүслээ шившлээ. Алтан хормойг нь ороож тойрлоо. Амьтны үр миний жаргал хийгээд зовлонг нимгэлж хайрла... Агуу их Дарьганга, Алтан овоо... танд би сэтгэлээ өргөлөө.

Харин одоо орчлонг жиндтэл гансарсан хунгийн дууг дотор минь ороод хургачихаас өмнө яаран эргэмээр байна. Баяртай, Агуу их Дарьганга нутаг... сайн сууж байгаарай айлын сайхан эгч.

Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

Улаанбаатар-Баруун-Урт-Дарьганга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (166.170.15.112) 2021-09-30 22:03
      • 0
      • 0

      Bayrlallaa Aaviin mini nutag

      Хариулах

    • Зочин

      (77.37.242.233) 2021-09-30 21:08
      • 0
      • 0

      Үнэндэн хүмүүний сэтгэлийг уймартал бичих юм даа.

      Хариулах