
1988 оны 03-р сарын 13-ны өдөр Японы Хоншю /Honshu/ арлыг Хоккайдо /Hokkaido/ аралтай холбосон, далай доогуур хамгийн гүндээ далайн түвшнээс 250 метрийн доогуур тавигдсан, нийтдээ 53,85 км урттай /үүний 23,3 км нь яг далайн доогуур өнгөрч байгаа/ Сейкан тунель /The Seikan Tunnel/ албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ бол одоогоор дэлхий дээр байгаа далай доогуур тавьсан хамгийн урт тунель юм.
Ер нь бол Хоншю, Хоккайдо арлуудыг байнгын замаар холбох тухай санаа 1912-1925 онд оршиж байсан Тайшогийн үеэс /Taishō period/ л яригдаж байсан боловч Дэлхийн 2-р дайны төгсгөлд зарим хязгаар нутгаа алдаж, тэндээс ирсэн хүмүүсийг байрлуулах хэрэгцээ гарсны дараа буюу 1946 оноос нухацтай судалгаа хийгдэж эхэлжээ. Судалгаа хийгдэж байх хугацаанд буюу 1954 онд хоёр арлын хооронд далайн тээвэр хийж байсан "Тоя Мару" /Tōya Maru/ зэрэг таван гатлага онгоц хар салхины үеэр Цугару хоолойд /Tsugaru Strait/ живж, 1,430 зорчигч амиа алдав. Энэ үйл явцын дараа Японы үндэсний төмөр зам /Japanese National Railways (JNR)/ хонгилын ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хурдасгасан. Үүнд хоёр арлын хооронд зорчигчдын тоо нэмэгдэж байгаа нь ч нөлөөлсөн. Жишээлбэл JNR-ийн ажиллуулдаг Сейкан гатлага онгоцны ачаалал л гэхэд хоёр дахин нэмэгдэж, жилд 4 сая гаруй зорчигч, 6 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 1971 он гэхэд гатлага онгоцны ачааллын өсөлт, зогсоолуудын хүчин чадлаас давах тооцоо гарсан.
Ингээд 1971 оны 09-р сард хонгилын ажлыг эхлүүлэхээр шийдсэн. Энэхүү хонгилоор Шинкансен /Shinkansen/ буюу өндөр хурдны галт тэрэгний сүлжээг өргөх ёстой байсан. Тиймээс ийм галт тэрэг явах боломжтой хөндлөн огтлолыг сонгох нь чухал байсан.
Барилгын ажил хүнд байсан нь геологийн хүнд нөхцөлтэй холбоотой бөгөөд уг төсөл дээр ажиллаж байсан 34-н ажилтан үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдав.
Ажил үргэлжилсээр 1983 оны 01-р сарын 27-нд Японы ерөнхий сайд Ясухиро Накасонэ /Yasuhiro Nakasone/ туршилтын хоолой дууссаныг батлах товчлуур дарсан бол 1985 оны 3-р сарын 10-нд Японы Тээврийн сайд Токуо Ямашита /Tokuo Yamashita/ үндсэн хонгилын ажил дууссаныг батлан бэлгэдлийн зорчилт хийв.
Тэгэхдээ 1971 онд хийсэн зорчигч, ачаа тээврийн өсөлтийн тооцоолол хэт өндөр байснаас төсөл үнэхээр шаардлагатай эсэх тал дээр эргэлзээ үүсч байв. Учир нь хөдөлгөөний ачаалал 1985 онд дээд цэгтээ хүрнэ гэж тооцсон бол 1978 онд оргил ачаалалдаа хүрээд буцан буурсан байна. Энэ нь 1973 оны газрын тосны хямарлаас гадна, нисэх онгоц, далайн тээвэрт гарсан дэвшлүүдтэй холбоотой байв.
Хонгилыг 1988 оны 3-р сарын 13-нд нээх үед барилгын ажилын нийт төсөв 1.1 их наяд ¥ (7 тэрбум ам. доллар) зарцуулсан байсан нь анхны төсвөөсөө бараг 12 дахин их гарсан бөгөөд үүний ихэнх нь олон жилийн инфляциас шалтгаалсан байжээ.
Хонгилын нээлтэнд зориулж Японд 1988 онд хонгилын дүрс бүхий 500 иений дурсгалын зоос гаргасан.
Хонгил нээгдсэнээр хоёр арлын хооронд хийх бүх ачаа тээврийг тус төмөр замаар хийж эхэлсэн бол зорчигч тээврийн 90% нь нисэх онгоцыг сонгосон. Энэ нь ч аргагүй бөгөөд галт тэрэг Токио, Саппорогийн хооронд 8 цаг /газрын замын урт 1,132 км/ явж байхад, онгоц 1 цаг 45 минут нисч, онгоцны буудлаас гарах хугацааг оруулаад гурван цаг гучин минут л зарцуулж байгаатай холбоотой.
Энэ нь ачааны галт тэрэгний болон өндөр хурдны галт тэрэгний хоёр шугам нэг тунелиэр явдагтай холбоотой бөгөөд Шинкансен 140-160 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Учир нь үүнээс илүү хурдтай явах тохиолдолд эсрэг зам дээр явж байгаа ачааны галт тэргэнд аюултай нөлөө үзүүлэх магадлалтай гэнэ. Тиймээс япончууд “Train to Train”технологийг хөгжүүлж байгаа ба Шинкансений хурдыг нэмэгдүүлсэн ч эсрэг замд яваа галт тэргэнд нөөлөлөхгүй байлгах арга гэсэн үг. Уг нь Токио Хоккайдо хооронд явдаг Шинкансен тунелиэс бусад ил замд 260-320 км/цаг хүртэл хурдалдаг ч ихэнхи цагаа хонгилд яваа хурднаас болж алдаж байгаа тул түүнийг шийдсэнээр хоёр хотын хооронд галт тэргээр явах хугацаа 5 цаг болж багасна гэж үзжээ. Тэгэхдээ энэ нь 2031 онд замыг Саппоро хүртэл өргөтгөснөөр хэрэгжинэ.
Хонгил нээгдсэний дараа нарийн цариг ашигладаг энгийн галт тэрэг эргийн хотуудын хооронд явж байсан ч Хоккайдо Шинкансен компани 2016 оны 03-р сарын 26-нд Токиогоос Хоккайдоруу шууд явдаг замыг нээснээр өмнөх үйлчилгээнүүд зогсож нарийн төмөр замыг зөвхөн ачаа тээвэрт ашиглаж байна.
Хонгил нь үндсэн хонгилоос гадна түүнтэй харалдаа тодорхой зайнд яваа үйлчилгээний хонгилтой бөгөөд тодорхой хэсгүүдэд тус хоёр хонгилыг холбосон холбогч хонгилтой. Мөн хоёр хонгилын голоор туршилтын хонгил явж байгаа ба холбогч хонгил мөн тус хонгилтой ч холбогддог. Мэдээж үйлчилгээний болон туршилтын хонгилыг тунельд ямар нэг осол аюул гарсан тохиолдолд ашиглахаар зохицуулсан гэнэ.
Хонгил дотор Таппи-Кайтей, Ёшиока-Кайтей хоёр станц байдаг ба далай дор баригдсан анхны төмөр замын өртөөнүүд юм. Уг өртөөнүүдэд хонгилыг хэрхэн барьсан түүхийн музей байдаг.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.