
Арьс арчилгааны хамгийн эхэнд хэрэглэдэг Тонер гэх бүтээгдэхүүн бол арьсыг хөнгөн чийгшүүлж үхжсэн арьсыг цэвэрлэж өгдөг бол үүний дараа түрхдэг Эссэнс, Сэрум, Ампул 3 нь яг тухайн арьсны асуудлыг шийдэж өгөх үүрэгтэй бүтээгдэхүүнүүд юм.
Харин хамгийн сүүлд түрхдэг чийгшүүлэх тос бол эдгээр түрхсэн бүтээгдэхүүнүүдийн орц найрлагыг гадагшаа ууршуулахгүйгээр түгжиж хадгалах болон давхар чийгшүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл Essence, Serum, Ampoule 3 ямар ялгаатай юм бэ? Гурвууланг нь хамж хэрэглэж болох уу? гэж хүмүүс их асуудаг. Энэ гурван бүтээгдэхүүн маань гурвуулаа ямар нэгэн арьсны асуудалд чиглэсэн нэгээс хоёр ширхэг идэвхтэй найрлагыг өндөр хувиар нягтаршуулж хийсэн буюу тухайн идэвхтэй найрлагыг өндөр тунгаар концентрацижуулсан бүтээгдэхүүнүүд гэдгээрээ адил талтай.
Жишээ нь гол орц найрлага нь гиалуроны хүчилтэй энгийн чийгшүүлэх тос эссэнс хоёр байлаа гэж бодъё. Тэгвэл гиалуроны хүчлийн концентрацын хувьд эссэнс нь чийгшүүлэх тосноос 6 дахин их агууламжтай байдаг. Тэгэхээр ойлгомжтой болж байгаа биз? Гэхдээ Эссэнс Сэрум Ампул гурав маань үйлчилгээ, зорилго нь адил боловч хоорондоо концентрацыхаа хэмжээгээрээ өөр өөр. Хамгийн өндөр концентрацитай нь Ампул байдаг бол дараагийх нь Сэрум, хамгийн бага нь Эссэнс байдаг.
Essence < Serum < Ampoule
Гэхдээ Ампул хамгийн өндөр концентрацитай учраас ампул нь хамгийн сайн гэсэн үг бол биш. Юм болгон ихдэхээрээ хор болдог шүү дээ. Тухай тухайн үеийхээ арьсныхаа шинж байдлыг ажиглаж байгаад энэ гурваасаа аль нэгийг нь л сонгож хэрэглэнэ гэсэн үг.
Зүйрлэж тайлбарлавал Эссэнсийг хоолтой зүйрлэж болно. Бидний биед хоол орж байж эрүүл байдаг шүү дээ. Тэрэнтэй адил эссэнс арьсанд чухал шаардлагатай тэжээлийг хангаж байдаг тул өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
Харин Сэрумыг нэмэлт витамины бэлдмэлтэй зүйрлэж болно. Биед төмөр дутагдахаар төмрийн бэлдмэл ууж дутагдлаа нөхдөгтэй адил сэрум нь Эссэнсээс арай өндөр концентрацитай тул арьсанд дутагдаад байгаа тухайн бодисыг нөхөж өгч эрүүлжүүлдэг. Тиймээс Сэрумыг мөн өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
Харин Ампулыг эмтэй зүйрлэж болно. Бидний бие өвдөж өвчилсөн үед эм ууж байж л хурдан хугацаанд эдгэрдэгтэй адил Ампул маш өндөр концентрацитай учраас яг эм шиг хурдан үйлчилгээтэй гэж ойлгож болно. Гэхдээ эдгэчихээд л эмээ уугаад байдаггүй шүү дээ. Тийм учраас ампулыг өдөр тутам хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд асуудалтай үедээ л хэсэг хугацаанд хэрэглэх зориулалттай. Гэхдээ энд жижиг жижиг 10гр 15гр-аар савлагдсан ампулын тухай яригдаж байгаа шүү.
Сүүлийн үед бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татах үүднээс Сэрумыг Ампул гэж нэрлэж худалдаалах нь элбэг болсон. 30гр, 50грын савлагаатай Ампул гэж бичсэн бүтээгдэхүүнүүд бол дийлэнх нь Сэрумтай адил бүтэц концентрацитай байдаг гэж ойлгож болно.
Тэгэхээр та өдөр тутамд арьсныхаа асуудалд тохирсон Эссэнс юмуу Сэрумын аль нэгийг нь л сонгоод хэрэглэх нь байна. Хамтад нь хэрэглэвэл 'too much' буюу өндөр тунтай олон орц найрлагууд хоорондоо харших, арьс эмзэгших, юм гарах гэх мэт асуудал үүсэх магадлал өндөртэй байдаг. Нэг бүтээгдэхүүнд тухайн өндөр концентрацитай идэвхтэй найрлагаас гадна дор хаяж 20оос 30н төрлийн нэмэлт орц найрлага орсон байдаг учраас олон юм давхарлаж түрхэх нь арьсанд төдийлөн сайн үр дагавар авчирдаггүй. Мэдээж ганц хоёрхон орц найрлагаас бүтсэн эссэнс сэрумыг хоорондоо харшихгүй бол хамт хэрэглэж болно. Гэхдээ ийм simple найрлагатай бүтээгдэхүүн маш ховор байдаг.
Харин яаралтай хурдан үйлчилгээ шаардлагатай үед Ампулыг тодорхой хугацаанд хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Нэмж хэлэхэд 'First essence' гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд бол орц найрлагын хувьд тонертэй адил бүтэцтэй учраас тонерын оронд хэрэглэдэг шүү.
Эх сурвалж: Skincare судлаач
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.