Н.Алтанхуягийг айдаст автуулсан дөрвөн сайдын томилгоо

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлан УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасны дагуу Уул уурхайн яамыг, Эрчим хүчний яамтай нэгтгэж Геологи, Уул уурхай, Эрчим хүчний яамыг шинээр зохион байгуулахаар болсон. Харин эх сурвалжаас авсан мэдээллээр тус яамны сайдад одоогийн байдлаар гурван улс төрчийн нэр хүчтэй яригдаж байгаа гэнэ. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шударга ёс эвслийг төлөөлж “Таван толгой цахилгаан станц” төслийн дарга М.Энхсайхан, түүнчлэн АН-ын өөр нэг эрхмийн нэр нууцын зэрэглэлтэй яригдаж байгаа бололтой. М.Энхсайханы тухайд тус яамны сайдаар очих магадлал 50 хувь байгаа бол Д.Ганхуягийн тухайд  магадлал 30 орчим хувьтай байгааг эх сурвалж онцолсон.

Тэгвэл Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын суудалд Зам тээврийн сайд МоАХ-ын А.Гансүх  (50  хувь),  Барилга хот байгуулалтын сайд, МҮДН фракцийн  Ц.Баярсайхан (30 хувь),   Уул уурхайн дэд сайд  О.Эрдэнэбулган (20 хувь) нарын нэр тус тус яригдаж байгаа сурагтай. А.Гансүхийн тухайд хэдийгээр муу нэртэй ч Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаандаа хөрш орнуудтай чухал гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэж, Шинэчлэлийн Засгийн газрын нэр нүүрийг тахалсан сайн нэртэн гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд төлбөртэйгээр онцолсон нь үнэний хувьтай. 

Ерөнхий сайдын зүгээс Засагт хийж буй өөр нэгэн сонирхолтой шийдэл бол Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж Сангийн яамтай нэгтгэх явдал. Улмаар энэ тухай мэдээлэл анхлан цацагдсан даруйд Сангийн сайдаар одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат очих тухай таамаглал хэвлэлээр бичигдэх болсон. Тэгвэл Сангийн сайдад нэр дэвшигдэж буй улстөрчдийн тэргүүн эгнээнд О.Чулуунбат 40 хувийн магадлалтайгаар яригдаж буй агаад харин АН-аас О.Чулуунбаттай хэнийг өрсөлдүүлж байгаа нь одоохондоо бас л нууц  хэвээр байна.

 

Мөн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болд 70 хувийн магадлалаар шууд томилогдож болзошгүй тухай мэдээлэл байгаа юм. Түүний тухайд нэг зовлон бий нь давхар дээлний асуудал. Харин давхар дээлээр далимдуулж Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ засагт шургуулах сонирхол байгаа тухай ажиглагчид онцолсоор ирсэн. Тэгвэл энэ дагуу Л.Болд сайдын өрсөлдөгчөөр Ерөнхийлөгчийн гадаад харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн нэр тодорчээ. 

Гэхдээ энэ бүгдээс үл хамаараад Ерөнхий сайд Н.Алтанхуягт олон бэршээл бий. Тэр нь,  АН дахь МҮДН, Шонхор зэрэг фракциудын сайд нарын суудлаа хэвээр хадгалж үлдээх гэсэн ашиг сонирхлын дотоод зөрчилдөөн хийгээд “Шударга ёс” эвслийн дөрвөн сайдын асуудал зэрэг юм. Өөрөөр хэлбэл, эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр дээр дурдагдсан дөрвөн яамдын сайдын суудлыг хувиарлах хүнд сорилтод Ерөнхий сайд ороод байна. Энэ бүхнийг аль аль талдаа гомдолгүйгээр зохицуулж эс чадваас Н.Алтанхуягийн өөрийнх нь байр суурь ганхах аюултай.

Р.Улам-Оргих

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.