Хог хаягдал багатай амьдрах 7 дүрэм

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Хүн амьдралынхаа туршид хэдий хир хог үйлдвэрлэдэг бол? Энэ хэмжээ хүн бүрт харилцан адилгүй. Хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага харилцан адилгүй. Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, шигүү суурьшил, амьдралын хэв маяг зэрэг нь үүнд хамаатай.

Хүн өөрөө байгаль дэлхийгээ бохирдуулах, байгалийн тэнцвэрт бус байдал үүсэх шалтгаан нь болж байгаа талаар олон судлаачид бичсээр байгаа. Хатуу хог хаягдал түүн дотроо дахин ашиглах боломжгүй хог хаягдлууд өнөөдөр дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болж байна. Газрын хөрсөнд шингэж алга болдоггүй хуванцар хог хаягдал нь хөрсний бохирдол, хөрсний үржил шимийг бууруулах, агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь нэгэнт судалгаагаар нотлогдсон зүйл.

Дэлхий дээр маш их хог хаягдлыг дахин ашиглах боломжгүйгээр буюу ямар нэг менежментгүйгээр хаяж байна. Зөвхөн Энэтхэг улс дангаараа жилд 62 сая тонн дахин ашиглагдах болон ашиглагдахгүй хог хаягдал гаргадаг байна. Дундаж Америк хүн хоногт 2,2 кг хог хаягдалтай амьдардаг гэсэн тооцоо ч байна. Хог хаягдлууд дотроо органик, био, хуурай буюу дахин ашиглах боломжтой хог хаягдлууд гэж ангилагддаг. Хатуу хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн өндөр хөгжилтэй орнуудад нийт хог хаягдлын 60 % ийг айл гэрээс цуглуулан боловсруулагддаг байна. Харин үүний 15% нь л бүрэн боловсруулагддаг гэсэн тооцоо байна. Байгаль дэлхийгээ хойч үедээ хохирол багатай, зохистой нөөцтэйгөөр өвлүүлэн үлдээх хариуцлагатай бөгөөд ухамсартай үйлдэл өнөөгийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа юм. Гэр бүлийн хүрээнд хатуу хог хаягдлаа хэрхэн удирдан зохион байгуулах вэ гэдэгт энэхүү блог танд тусална.

Гэрийн нөхцөлд хог хаягдлаа ангилах, эсвэл хог хаягдал багатайгаар ухамсартайгаар хэрхэн амьдарч болох талаар энд дурдана. Хэрэв айл бүр өөрсдийн хатуу хог хаягдлаа ангилан ялгахыг хичээхэд л хог хаягдлын менежментийг нэвтрүүлэхэд нэлээд дөхөм болно. Үүний тулд хамгийн эхний алхам бол хог хаягдал багатай амьдарч сурах арга юм. Дараагийн алхам бол дахин ашиглах, дахин хэрэглэх тухай асуудал юм. Үүнийг хэрхэн хийх вэ?

 1. Хуванцраас аль болох татгалзах

Хэрэв дахин ашиглагдахгүй хуванцар ихээр хэрэглэдэг бол энд зохицуулалт хийхэд хэцүү. Учир нь дахин ашиглагдахгүй хуванцар нь хөрсөнд маш хортой. Энэ нь хуванцраас татгалзах бас нэгэн шалтгаан юм. Дэлгүүрээс юм авахдаа аль болох гэрээсээ хуванцар биш тор авч явах. Мөн гэртээ хүнсний зүйлээ хадгалахдаа аль болох хуванцар уутнаас татгалзаж шилэн саванд хадгалахыг хичээх хэрэгтэй.

Хоол болон бусад хүнсний зүйлийг худалдан авахдаа аль болох бага сав баглаа боодолтой зүйлийг сонгох. Давхар савлагаатай болон ууттай хоол унд худалдаж аваад байвал таны гэрт хог хаягдал улам л ихсэх болно. Жишээ нь:шүдний оо авах гэж байгаа бол гадна цаасан хайрцаггүйг нь сонгох гэх мэт. Шүдний ооны гадна давхар цаасан хайрцаг төдийлэн ач холбогдол багатай.

2. Хоол хүнснийхээ илүүдэл болон үлдэгдэл органик хог хаягдлыг аль болох бордоо болгон ашиглахыг зорих.

Үүний тулд ангилан тусгай саванд хадгалах. Ялангуяа хаусанд амьдардаг айлуудад ийм боломж хамгийн их байдаг. Эдэлбэр газартаа мод, ургамал тарьсан айлууд амьд хөрсний органик бордоогоо өөрсдийнхөө хэрэглээнээс хангах боломжтой.

3. Аль болох цаас хэмнэсэн амьдралын хэвшлийг дадал болгох.

Цаас хэрэглэхгүйгээр цахим шилжилтийг өөр дээрээ хэрэгжүүлж бага цаас хэрэглэх. Үүний тулд харилцаж байгаа хүнээсээ хэвлэмэл материал биш файлаар хувилбарыг асуух. Цахим шилжилтэд сайн шилжсэн орнуудад дэлгүүрээс худалдан авсан барааныхаа цаасан баримтыг авахаас татгалзах ч боломж нь байдаг. Үүний оронд банкныхаа гүйлгээг харах гэх мэт. Энэ аргаар цаас хэмнэж байгаль орчиндоо ээлтэй амьдарч байгаа жишээ юм гэдгийг хүүхдүүддээ мөн багаас нь ойлгуулж байх хэрэгтэй.

4. Угаалгын саван болон бодисуудыг гэртээ үйлдвэрлэхийг хичээх.

Дахин ашиглагддаггүй, хөрсөнд үл шингэх хуванцруудын ихэнх хувийг ахуйн хэрэглээний саван, угаалгын бодисуудын сав баглаа боодол эзэлдэг байна. Интернет бий болсноор хүн бүрт аливаа зүйлийг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөөнүүд олон нийтэд нээлттэй мэдээллүүд маш их болсон. Эндээс заавар аван гэрийн нөхцөлд саван болон угаалгын бодисоо хийх боломж нь бүрэн нээлттэй.

5. Аливаа шилэн сав, хуванцар савуудыг хаяхгүйгээр дахин ашигласнаар шинээр дахин хог хаягдал нэмэхгүйгээр амьдрах боломжтой. Хоосон, цэвэр цаас бүрийг хаяхгүйгээр хурааж хүүхдүүддээ өгч юм зуруулах, дахин ашиглах боломжтой.

6. Хэрэглэхгүй, хуучин эд зүйлс, хувцас хунараа бусдад хандивлах ажлыг байнга хийснээр хог хаягдал үлэмж багасна.

Ингэснээр өрхийн эдийн засагт ч ихээхэн тустай. Хэрэглэдэггүй зүйлсээ гэртээ бүү хураа. Энэ нь гэрийн доторх зай ашиглалт гээд хэрэггүй талбайг үүсгэдэг муу талтай.

7. Аюултай хог хаягдлыг тусад нь зохион байгуулж дүрмийн дагуу зөв хаях.

Хэрэглэсэн батерей, химиийн хортой бодис, эм болон эмийн бодис нь хүрээлэн буй орчинд хор ялгаруулдаг, асар их метаны хий ялгаруулдаг тул ангилан ялгаж дүрмийн дагуу хаях хэрэгтэй. Дээрх аргууд энгийн боловч гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргууд бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр та байгаль дэлхийгээ аврахад маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Байгаль дээрх нөөцүүд үргэлжид шавхагдашгүй биш, нөөцүүд байнга л хязгаарлагдмал байдаг. Иймээс айл өрх бүр, хувь хүн бүр үүнийг ухамсарлаж байгаль дэлхийдээ ээлтэй амьдарвал ирээдүйд учирч болох нөөцийн хомсдол, байгалийн тэнцвэргүй байдлыг хохирол багатайгаар даван туулах боломжтой юм.

Бидний хэрэглээ ихсэх тусам хог хаягдал төдий чинээ их, төдийчинээ сайн менежмент шаардлагатай болно. Энгийн бөгөөд хэрэглээ багатай амьдарснаар байгаль дэлхийгээ аварч байгаа хэрэг юм.

Эх сурвалж: NCD group

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.