Жагсаалын үеэр 2 иргэн буудуулан нас баржээ

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Цэргийн эргэлтийг эсэргүүцэж буй мьянмарчууд иргэдийг бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхийг уриалжээ.

Мьянмарын эрх баригчид жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан ба өнгөрсөн бямба гарагт Мандалай хотод болсон жагсаалын үеэр 2 иргэн буудуулан нас барсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Мьянмарын арми томоохон хотуудад цэргүүд болон цэргийн техникуудыг байршуулж, парламентын сонгуулийг дахин зохион байгуулахаа амласан ч иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэж, "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүн Аун Сан Су Чийг суллахыг шаардан 2 долоо хоногийн турш жагсаж байгаа билээ.

Он тооллыг бэлгэшээдэг мьянмарчууд 2021 оны 2-р сарын 22-ны өдрийг чухал ач холбогдолтой хэмээн үзэж, тухайн өдөр зохион байгууллах эсэргүүцлийн жагсаалыг 1988 оны 8-р сарын 8-ны өдөр болсон цэргийн дэглэмийн эсрэг жагсаалтай харьцуулан үзэж байна. Мандалай хотод жагсаалд оролцож байсан 2 иргэн нас барсан явдал мьянмарчуудыг айлгаагүйгээр зогсохгүй өнгөрсөн ням гарагт хэдэн арван мянган иргэн Мьянмарын хамгийн том хот болох Янгонд жагссан байна. Төрийн өмчит MRTV сувгаар жагсагчдыг сэтгэл санааны хувьд тогтворгүй өсвөр насныхан, залуусыг өдөөн турхирч, амиа алдахад нь хүргэж байна хэмээн эрх баригчид жагсагчдын эсрэг арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан мэдээлэл хийжээ.

Мьянмарын Гадаад хэргийн яамны зүгээс гадаадын улс орнуудыг Мьянмар улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг хүссэн мэдэгдэл гаргажээ. Барууны орнууд, АНУ, Япон, Сингапур, Их Британи, ХБНГУ Мьянмарын эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй явдлыг буруушааж, цэргийн эргэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, жагсагчдын аминд хүрсэн явдлыг байж боломгүй зүйл хэмээн эрс буруушааж буйгаа мэдэгджээ. Янгон хотын оршин суугчдын мэдээлснээр жагсагчид барууны орнуудын элчин сайдын яамдын гадаа цугларч, Мьянмарт болж буй шударга бус явдлыг зогсоохыг шаардаж байгаатай холбоотойгоор АНУ-ын элчин сайдын яам зэрэг зарим улс орнуудын элчин сайдын яам руу хүрэх замыг цэргүүд хаажээ.

Энэ сарын 1-нд Мьянмарын арми цэргийн эргэлт зохион байгуулж, өнгөрсөн жилийн 11-р сард болсон парламентын сонгуулиар олонхын саналыг авч ялалт байгуулсан "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүн Аун Сан Су Чийг намынх нь зарим гишүүдийн хамтаар баривчилсан билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.