Хятадын зүүн хойд хэсгийн мужууд цахилгаангүй болжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Хятадад эрчим хүчний хямралын асуудал хурцдаж, үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс гадна орон сууцнууд цахилгааны хязгаарлалтанд орж эхэлжээ.

Ляонин, Жилин болон Хэйлонжян мужид амьдардаг иргэд орон сууцнууд нь халаалтгүй болж, цахилгаан шатнууд нь ажиллахаа больж, замын гэрлэн дохионууд унтарсан талаар нийгмийн сүлжээнд бичиж байна.

Зарим хотуудад иргэдэд ачаалал ихтэй байдаг цагуудад богино зуух, бойлер зэргийг ажиллуулахгүй байхыг анхааруулжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар цахилгааны хязгаарлалт нь нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж.

Эрчим хүчний нэг компани цахилгааны хязгаарлалт нь ирэх жилийн хавар хүртэл үргэлжилнэ хэмээн мэдэгдэл гаргасан байснаа удалгүй устгасан байна. Цахилгаангүйн улмаас иргэд гэртээ зууханд гал асааснаас болж угаартаж эмнэлэгт хүргэгдэх тохиолдлууд бүртгэгджээ.

Хятадын нийгмийн сүлжээнд Шэньян хотын хурдны замын гэрлийн шонууд, гэрлэн дохионууд тоггүйн улмаас ажиллахгүй болсноос болж машинууд тас харанхуйд явж буй бичлэг тархаад байгаа ба үүссэн нөхцөл байдал нь Хойд Солонгосын нөхцөл байдалтай төстэй байгааг иргэд онцолж байна.

Өнөөдрийн байдлаар Шандон, Гуандон болон Жяньсү зэрэг 10 мужид үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдэд цахилгааны хязгаарлалт тогтоогоод байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.