Умардад ер нь юу болоод байна?

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 69 жилийн ойн баярын өдөр. Тус улсын удирдагч Ким Жөн Ун хэрвээ энэ баяр ёслолын арга хэмжээн дээр харагдахгүй бол тун хачирхалтай үйл явдал тохиосныг дэлхий нийт мэдэх болно. Солонгосын иргэд ч өөрсдөө мэдэхгүй байгаа энэ үйл явдал тус улсын улс төрийн нөхцөл байдлыг чухам хаашаа эргүүлж таарах бол? гэх асуулт зүй ёсоор тавигдаж байсан бол залуу халаа удирдагч өнөөдөр энхрий хайрт намынхаа ойн ёслол дээр харагдсангүй. Тун хачирхалтай энэ явдал дэлхий дахины улс төрийн ажиглагчид, шинжээчдийн урьд өмнө нь таамаглаж байснаар баттай эх сурвалжгүй олон цуу яриа тархах үндэс болж байна.

"Хамгийн хаалттай энэ улс орон"-д  эсвэл цэргийн эргэлт гарсан, нэг бол залуу Ким эдгэрэшгүй хүнд өвчин туссан  гэж олон улсын ажиглагчид таамаглаж байсан бол одоо түүнийг баривчлан хорьсон, нас барсан гэх мэт мэдээлэл хүртэл тарах болжээ. Учир нь Ким Жөн Ун сар гаран хугацаанд ард олондоо харагдсангүй.

Умардын ард түмэн хайрт удирдагчаа хамгийн сүүлд есдүгээр сарын 3-нд эмэгтэйчүүдийн Moranbong Band рок хамтлагийн тоглолт дээр тамхи татаж сууж байгаад үг хэлчихээд алга болсноос хойш олж хараагүй байна. Тэрээр ингэж удаан хугацаанд алга болно гэдэг байж боломгүй явдал. Энэ бол нэгдүгээрт, өөрөө телевизийн дэлгэцнээ гарч, сонины эхний нүүрэнд малтийж байгаагаа харж баясдаг удирдагчийн хувьд байж болшгүй, хоёрдугаарт, тэрээр төрийн хэмжээний хэд хэдэн чухал баяр ёслол, тэр дундаа БНАСАУ тунхагласны баярын өдөр ард олныхоо өмнө үзэгдээгүй явдал юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн тэрээр хэдэн долоо хоног сураггүй алга болчихоод дараа нь юу ч болоогүй мэт гарч ирсэн гэж ажиглагчид өнөөдөр эргэн сануулж байна.

Энэ мэтээр залуу удирдагчийн эрүүл мэндийн тухай дам яриа, сураг ажиг газар аван тархаж байгаа аж. Түүнийг маш их тамхи татдаг, швейцарь бяслаг хэмжээгүй ихээр иддэг хэнээтэй, чихрийн шижин өвчтэйн дээр хөлийнх нь шагай биеэ даахааргүй гэмтсэн, ужиг өвчний улмаас нас барсан гэх мэдээлэл илүү хурдацтай тарж байна.

Британийн The Telegraph сонин болон New Focus International мэдээлийн агентлагийн онцлон мэдээлсэнээр есдүгээр сарын сүүлээр Пеньян хотод ямар ч хүн нэвтрүүлэхгүй, мөн гадагш гаргахгүйгээр тусгаарласан. Энэ нь тус улсын улс төрийн тогтворгүй байдлын илрэл болох нь тодорхой байгаа аж.

Гэтэл энэ зэрэгцээ Умард Солонгосын дээд албан тушаалтай төлөөлөгчид Өмнөд Солонгост гэнэт айлчилж Азийн наадмын хаалтын ёслоод оролцсон явдал олон улсын хэвлэл мэдээллийнхэнийг гайхашруулахад хүрсэн билээ. Умардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тэргүүнд тус улсын хоёр дахь хүн гэгддэг дэд маршал Хван Пен Со ирсэн явдал Умардын удирдлагын ордонд төрийн эргэлт гарсан болохыг гэрчилж байна гэж өмнөдөд зугтаж ирсэн, Ким Жөн Ирийн хайртай найрагч гэх нэгэн үзэж байгаа аж. Төрийн энэ эргэлтийг чухам Хван Пен Со толгойлсон байх учиртай гэнэ.

Умардын энэ ойлгомжгүй нөхцөл байдлыг өнөөдөр хэрхэн тайлбарлах вэ гэдэг асуудал дэлхий дахины анхаарлыг татаж байна. Үүнд гурван үндсэн түлхүүр асуулт тавигдаж байна, «Ким Жөн Унд юу тохиолдов?», «Улс орныг одоо хэн удирдаж байна?», «Сүүлийн үед улам идэвхжих болсон Умард Солонгосын гадаад улс төрийн бодлого юутай холбоотой вэ?».

Үүнд хариулт олох эхний таамаглал бол Ким Жөн Ун одоогоор өвчтэй байгаа, гэхдээ засгийн эрхийг гартаа атгаж байгаа аж. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлсэнээр,түүний эрүүл мэндэд «бага шиг хүндрэл»тулгарсан байна.

Харин улс орныг хэн удирдаж байгаа тухайд Marketwatch агенлагийн мэдээлсэнээр, Умардаас зугтаж ирсэн дүрвэгсэд Ким Жөн Уныг өвчтэй байх хооронд улсын удирдлагыг түүний охин дүү Ким Ё Чен авсан, гэхдээ Ким Жөн Уны бүх захирамж, тушаалыг гүйцэтгэж байгаа аж.

БНАСАУ-ын гадаад улс төрийн бодлого идэвхжиж эхэлсэн явдал тус улс оронд үнэхээр төрийн эргэлт болсоныг илтгэж байж болох юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд тус улсын гадаад харилцааны яамны сайд Ли Сун Ён анх удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцохоор нисэж очсон, мөн ОХУ-д тэрээр, аугаа удирдагч Ким Жөн Ирийн цагтаа очиж байсан Бурейскийн усан цахилгаан станц дээр цэцэг өргөж байсан, тэр өдрийн орой   Оросууд шууд 20 тонн улаан буудай Умард Солонгос руу ачуулсан гэх зэрэг онц сонирхолтой үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Үүнээс гадна Умард Солонгосын удирдлагууд Токиод очиж, урьд өмнө нь эрс татгалзаж байсан тус улсын шоронд хоригдож байгаа Япон иргэдийн тухай асуудлыг хэлэлцэх санал тавьсан, эцэст нь дээд албан тушаалын төлөөлөгчид эртний заналт дайсан өмнөдөд очиж Азийн спортын наадмын хаалтын ёслолд оролцсон зэрэг нь тэдний тун сонирхолтой  бодлого баримталж эхэлснийг баталж байна.

Эл бүх нөхцөл байдал, үйл явдлын өрнөлөөс нэгтгэн дүгнэхэд дэд маршал Хван Пен Со үнэхээр засгийн эрхийг гартаа авсан байж болох талтай, хэрвээ Ким Жөн Ун урьдын хэвээр улс орны дарагуйлан удирдаж байсан бол Өмнөд Солонгост зохион байгуулж байгаа спортын наадамд юун дээд албан тушаалын төлөөлөгч очуулах байтугай өөрийн тамирчдыг оролцуулахгүй байх асуудал болно, үүнд ердөө хагас жилийн өмнөхөн болж байсан үйл явдлуудыг эргэн санахад л хангалттай. Ким Жөн Ун хүүхэдтэй болсон мэт мэдээлэл харин залуу удирдагч мэнд мэлтийж байгаа шүү гэдгийг дэлхий дахинд мэдүүлэх гэсэн аргаа ядсан халхавч оролдлого байж болно. Дээр нь Умардын гадаад харилцааны яамны сайд НҮБ-ын индэр дээрээс “намын бодлогогүй” үг хэлж, хоёр Солонгосыг нэгтгэж нэг улсын дотор төрийн хоёр өөр байгуулал буюу систем зэрэгцэн орших холбоот улс байгуулах санал тавьсан билээ. Мөн Японы эргийн зүг хэдэн зуун удаа пуужин харваж өдөөн хатгаж байсан Солонгосчууд гэнэт Япон иргэдийг суллах асуудал өөрсдөө хөндөж тавина гэдэг явдал тус улсын хаалттай хөшигний цаана төсөөлшгүй хачирхалтай үйл явдал өрнөж байгаа, эсвэл нэгэнт болоод өнгөрсөнийг дэлхий дахин удахгүй сонсох цаг ирсэн бололтой. Магадгүй ирэх долоо хоногоос дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн онцлох гол үйл явдал энэ байж болох юм.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.