Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор парламентын сонгуулиа хойшлуулжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор парламентын сонгуулийг 1 сараар хойшлуулж буйгаа мэдэгдээд байна. Шинэ Зеландын парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгууль 9-р сарын 19-нд зохион байгуулагдах ёстой байсан ч засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 10-р сарын 17-нд болохоор болжээ.

Ерөнхий сайд Жасинда Ардерний мэдэгдсэнээр энэ хугацаанд намууд коронавирусын цар тахлын үед сонгуулийн кампанит ажлаа хэрхэн явуулахаа шийдэж, кампанит ажлаа төлөвлөх боломжтой болох аж. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-нд Шинэ Зеландын хамгийн том хот болох Оаклэндэд коронавирусын халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын хувьд эдгээр тохиолдлууд бүртгэгдэхээс өмнө 102 өдрийн турш коронавирусын халдвар бүртгэгдээгүй байсан юм. КОВИД-19 өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Оаклэнд хотод хөл хорио тогтоосон аж. Ерөнхий сайд Жасинда Ардерн түүнд сонгуулийг дахин хойшлуулах төлөвлөгөө огт байхгүй гэдгээ онцолсон байна.

Сөрөг хүчний Шинэ Зеландын Үндэсний нам коронавирусын цар тахалтай холбоотойгоор сонгуулийн кампанит ажилд зарим нэг хязгаарлалт тогтоосон нь Жасинда Ардерний намд давуу тал болж байгааг онцлон, сонгуулийг хойшлуулахыг шаардаж байсан аж. Даваа гарагийн байдлаар Шинэ Зеландад коронавирусын халдвар авсан 9 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад онц байдлын 4 зэрэг байдаг ба Оаклэнд хотод халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус хотод онц байдлын 3-р зэрэг тогтоожээ. КОВИД-19 өвчний тохиолдол дахин бүртгэгдэхээс өмнө Шинэ Зеландын эрх баригчид 3-р сараас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцлаад байсан юм.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хөл хорио эрт тогтоож, хилээ хааж, иргэдийг шинжилгээнд олноор хамруулж, сэжигтэй тохиолдлуудыг эрчимтэй илрүүлснээр Шинэ Зеланд улс коронавирусын халдварыг хяналтандаа авч чадсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаагаар тус улсад коронавирусын халдварын нийт 1600 гаруй тохилдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 22 хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.