Энэрлийн дээд эхтэйгээ жишдэг, цаг тулбал амиараа хаадаг эх орон гэж хүнд юутай үнэтэй вэ!

Twitter Print
2022 оны 06-р сар 30-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

ХЭНЭЭС ХАМААТАЙ ВЭ!

Эх хүн, эх амьтан гэдэг буй биеийг нь төрүүлээд зогсоогүй үр төлдөө эгнэшгүй ачтан, элбэрэл хайрын цаглашгүй ундарга. Тийм элбэрэл хайрын ундаргатай монгол түмэн юуг, яаж, хэрхэн жишиж, хоршиж зүрхлэв? Эх орон, эх хэл, эх дэлхий.

Эцэг хүн, эцэг амьтан гэдэг буй биеийг нь бий болгоод зогсоогүй айл гэр, ижил сүрэг, үр төлдөө өмгөөлөл хамгаалал, өмөг түшиг нь. Тийм сүрлэг нөмөр, хэлцэшгүй өмөгтэй монгол түмэн юуг, яаж, хэрхэн эгнүүлж, тэнцүүлж зориглов? Эцэг тэнгэр, эцэг дээдэс, эцэг өвгөд.

Бидний дээдчүүл хосгүй нандин, эгнэшгүй эрхэм бүхнээ эцэг, эхтэйгээ ийнхүү эртнээс нааш жишиж зүйрлэж иржээ. Эх оронгүй хүн байж болох юм гэхэд, үндэсгүй мод, ундаргагүй булаг, далавчгүй шувуутай адил хэмээн зүйрлэсэн нь бий. Өнөөдөр ч тэгж бичээгүй, манайд ч тэгж хэлээгүй.

Эртний Грекийн эмгэнэлт жүжгийн аугаа их зохиолчид гэгддэг Эсхил, Софокл нартай эн тэнцэхүйц Эврипид хүртэл, “Эх орноо алдахаас илүүтэй тийм гайтай хар гаслан гэж өөр хаана, юу байна вэ!” хэмээн цочирдон дуу алдсан нь өдий хүртэл замхарсангүй, төдий хойно ч цуурайтсаар л байна. Тэр суут хүн 2500 жилийн тэртээд Афины ойролцоох Саламин хэмээх арал дээр төрж, 74 хүрээд насан өөд болсон гэдэг юм.

Энэрлийн дээд эхтэйгээ жишдэг, цаг тулбал амиараа хаадаг эх орон гэж хүнд юутай үнэтэй вэ!

Ертөнцийн чихэнд нэг л цохилготой сонсогддог Монгол минь, та бидний эх орон -улс Монгол минь мандах эсэх нь түүхийн энэ их эргүүлгэн дунд хэнээс хамаатай вэ!

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.