Хоёр баатартай холбоотой зүйл У.Мөнх-Эрдэнэ ярьсан байна лээ

Twitter Print
2013 оны 11-р сар 23-нд 11:12 цагт
Мэдээний зураг,
МҮОБХ-ны гүйцэтгэх захирал ОУXМ Ц.Цэрэннямтай Боксын холбооны үйл ажиллагаа болоод, Казакстаны Алмата хотноо болсон ДАШТ-ний талаарх шуугианы талаар хөндөж ярилцлаа. Тэрээр тамирчин байхдаа УАШТ-ний дөрвөн алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялааж байсан нэгэн аж.
 
 
-Сая МҮОБХ тэргүүн дэд ерөнхийлөгчөө сонголоо. Иймд ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна вэ?
 
-Манай холбооны ерөнхийлөгчөөр "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Саяхан бид ерөнхийлөгчтэйгээ уулзаж холбооныхоо ажил болоод цаашдынхаа зорилго зорилтуудаа ярилцсан.Одоогийн ерөнхий зарчимд нэг их өөрчлөлт орохгүй.
 
Одоогийн ажиллаж байгаа багш нар, удирдах болон мэргэжлийн зөвлөлүүд бүгд ажлаа хийнэ. Мөн шинээр манай холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Хаанбрей" компанийн захирал Н.Отгонбаатар ажиллахаар болсон. Мөн дэд ерөнхийлөгчийг удахгүй сонгон шалгаруулалтаар шалгаруулна.
 
Багш нар маань тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг жигд хийлгэж байгаа. Ирэх жил хүүхэд залуучууд, насанд хүрэгчид дотооддоо 11 тэмцээн явуулна. Бас эмэгтэй боксчдынхоо тэмцээнийг тусад нь хийх санаатай байгаа.
 
Харин гадаадын тэмцээн гэвэл Азийн залуучуудын аварга, эмэгтэйчүүдийн ДАШТ, Залуучуудын дэлхийн аварга, хүүхдийн олимп, азийн наадам зэрэг том том тэмцээнүүд хүлээж байгаа. Эдгээр тэмцээнүүдэд тамирчдаа эртнээс бэлтгэж байна.
 
 
-Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд шударга бус сонгон шалгаруулалт болсон гэж үзэх хүн цөөнгүй байдаг юм билээ?
 
-Өнгөрсөн жил үндэсний шигшээ багийг байгуулахад зарим тамирчид байгаагүй. Тухайлбал ОУХМ Б.Жавхлан гээд сайн тамирчин шигшээ багт орж амжаагүй. Энэ нь хувийн хариуцлага алдаж, хугацаанд нь материалаа бүрдүүлээгүйтэй холбоотойгоор хасагдсан тал бий.
 
Дээр нь бид орон тоондоо захирагдана. Мэдээж сайн тамирчдаа аваад мууг нь орхиж болохгүй. Эмэгтэйчүүдийн хувьд гурван тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй шигшээ багт орсон. Цаг алдаад яам тамгын газрын дарга нар солигдоод ер нь л их үймээн дунд шигшээ баг байгуулагдсан даа.
 
 
-Тэгэхээр одоогийн шигшээ багийн багш дасгалжуулагчид үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай багш нар байж чадаж байгаа юу?
 
-Манай багш нарын хувьд боломжийн сайн ажиллаж байгаа. Гадаад хэл, компьютер,тамирчидтай харьцах харьцаа гээд маш олон шалгуураар дасгалжуулагчдаа сонгон шалгаруулж байгаа шүү дээ. Яахав саяын ДАШТ-ээр жижиг сажиг асуудал үүсээд байна л даа.
 
Гэхдээ энэ бол цаг зуурын асуудал. Угтаа үүнийг хэн хэн нь дөвийлгөх шаардлагагүй байхгүй. Спорт унах үедээ унаж, босох үедээ босдог, хөрөнгө санхүүгийн асуудал байна. Дэлхийн боксын холбоотой харьцах хандлага гээд бүх зүйл нөлөөлж байж спортын амжилт гарна шүү дээ. Гэхдээ үүнд яарах хэрэггүй.
 
Бид ирэх Азийн наадамд маш амжилттай оролцоно гэж бодож байгаа. Ирэх олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдээс олон эрх олимпийн наадамд амжилтай оролцоно гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа. Одоогоор дөрвөн дасгалжуулагч шигшээ баг дээр ажиллаж байна.
 
 
-Спорт өрсөлдөөний талбар дундаас гарч ирдэг. МУГТ У.Мөнх-Эрдэнийн хувьд "намайг олны нэр төр хүлээсэн хоёр тамирчин оролдоод байна" гэж гомдлоо илэрхийлсэн байна лээ?
 
-Тийм зүйл байхгүй. Бид хүнээр оролддог хэн юм бэ. Оролдох үндэс ч байхгүй. Бид тэд нарын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Хоёр үг даахгүй бол тамирчин байх ямар хэрэгтэй юм бэ. Бид тэдэнд зохих ёсны шаардлагаа л тавина. Хоёр баатартай холбоотой зүйл У.Менх-Эрдэнэ ярьсан байна лээ.
 
Өчигдөр тэргүүн дэд ерөнхийлөгчөө сонгох хурал дээр энэ асуудал яригдах байсан ч У.Мөнх-Эрдэнэ ирээгүй. Бас МУГТ Н.Төгсцогтын ээж хүүг маань дээд жинд оруулаад ялагдуулчихлаа гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Ер нь боксын холбооны ажилд ээж эхнэрүүд оролцох ёсгүй шүү дээ.
 
 
-ДАШТ-д Энхзоригийг анхнаасаа явуулна гэж байсан. Гэтэл У.Мөнх-Эрдэнэ сорилт хийгээд явлаа. Энэ бүхэнд Боксын холбооны үйл ажиллагааг хөл толгойгүй явж байна гэсэн шүүмж ч дагуулж байсан?
 
-Мэдээж бидний ажил 100 хувь зөв байна гэж байхгүй. Бидэнд бодох шийдэх асуудал их байдаг. Бид аль болох шударга шийдье гэсэн талаасаа зурагтаар нээлттэй үзүүлээд У.Мөнх-Эрдэнэ ялаад явдгаараа явсан. Түүнээс огт явуулахгүй гэж байсан юм биш шүү дээ.
 
Хэрвээ бид У.Мөнх-Эрдэнийг явуулахгүй гэж байсан бол өмнө нь Азийн аваргын сорилт дээр  Н.Чинзориг гэж тамирчин яалт ч үгүй хожиж байхад бид У.Мөнх-Эрдэнийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан.
 
Азийн аваргад явж ирээд дэлхийн рейтингэнд орлоо, дараа нь сорилт хийлээ. Үүнд хавчиж шахаад байсан зүйл юу байгаа юм бэ. Өөрөө бэлтгэлээ хийж байна,түүнд нь тусалсан, хамт цугларалтанд гарсан. Ердөө л энэ.
 
 
-Тэгвэл У.Мөнх-Эрдэнэ гавьяат яагаад ингэж гомдолтой явдаг юм бол
 
-У.Мөнх-Эрдэнийн хувийн зан чанар бидэнд хамаагүй. Ер нь зожигдуу талдаа хүн л дээ. Хамгийн гол нь баг бүрэлдэхүүн дундаа орж амьдрах л ёстой байхгүй юу. ДАШТ-д явсан нийт багийн тамирчид сайн тоглоод луйвардуулсан гэж ярьж байна.
 
Гэтэл У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шүүгчид сайн шүүсэн гэж ярьж байгаа нь бусад тамирчдаа доош нь хийж өөрийгөө дөвийлгөсөн асуудал гэж би ойлгож байгаа. Эндээс дэлхийн боксын холбооны ажил шударга явж байна, харин манайхан муу тоглож байна гэсэн буруу ойлголтыг ард түмэнд өгөөд байгаа.
 
Энэ нь хэдэн цаг бэлтгэл хийж, ямар хүч хөдөлмөр зарцуулж, У.Мөнх-Эрдэнийн төлөө хэдэн хүн санаа зовж байгааг умартаж байгаа хэрэг. Долоохон хоног бэлтгэлтэй яваад дэлхийн аварга болдог юм бол
 
У.Мөнх-Эрдэнэ 2016 онд 20 хоногийн бэлтгэлтэй яваад олимпийн аварга болог л доо. Тэгвэл Н.Энхзориг явсан бол Кубчуудтай сайхан үзээд ирэх байсан гэж ярих хүн байж л байна шүү дээ.
 
 
-Цаашдаа ямар шалгуураар тамирчдаа гадны уралдаан тэмцээнд явуулах вэ?
 
-Улсын аварга.болсон тамирчныг Европын цуврал тэмцээн буюу эхний улирлын тэмцээнд зайлшгүй авч явах ёстой. Бүр тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр улсын аварга болсон тамирчныг эхний улирал буюу хагас жилийн хугацаанд мэдээж нэг номерын тамирчинд анхаарлаа хандуулах ёстой.
 
Гэхдээ улсын аварга болчихлоо гээд биеэ сул тавьж болохгүй. Байнгын бэлтгэлтэй байх ёстой. Бид тамирчидтай харьцах харьцаа хувийн соёл, бэлтгэл сургуулилтандаа хандаж байгаа байдал гээд бүх зүйлийг харж байж мэргэжлийн зөвлөлөөрөө ярьж байж асуудлыг цаг тухайд нь шийднэ. Түүнээс өнөөдөр энэ тамирчин заавал явна гэсэн амбицалсан зүйл огт байхгүй.
 
 
-Та нэгэн үе Монголын боксын шилдэг дасгалжуулагчидтай ажиллаж явсан. Тэр үеэ дурсвал сонин байх болов уу?
 
-Мэдээж өөр өөрийн онцлогтой дасгалжуулагчид байлаа. Тэд үнэхээр хөдөлмөрч, хүнлэг сайхан улс. Б.Мишигдорж багш шавь нараа төрсөн хүү шигээ хайрлаж, сэтгэлээсээ ажиллах чадварыг, жинхэнэ боксчин болох суурийг тавьж өгсөн.
 
Суурийг нь зөв тавьчихсан байшин сайхан баригддаг шиг багш нь зөв эхлүүлчихвэл тамирчин бусдыг нь өөрөө хийгээд явчихдаг юм шүү дээ. Буруу цохилт хийгээд сурчихсан хуүхдийг засах нь шинэ тамирчин бэлтгэхээс ч хэцүү юм билээ.
 
Х.Алтанхуяг багшийн лаапанд оруулдаг техник, хувилбар зохион байгуулах чадварыг биширмээр. В.Батбаяр багш бол агуу хүн байсан. Тэрбээр зохион байгуулахдаа гаргууд, тамирчдын сэтгэл зүйг ойлгож харьцдаг, ачааллыг ямар үед хэр зэрэг өгөх, хэдийд нь амраах вэ гэдгийг сайн зохицуулдаг.
 
Тэр чанар нь тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг байсан юм. Боксчид В.Батбаяр багшаас бүгд айна. Хэн ч түүний өөдөөс эгцлэн хараад өмнөөс нь үг хэлж чаддаггүй. Энэ бүхнийг эргэн дурсахад сайхан санагдаж байна.
 
 
-Тэгэхээр таны үеийн боксчид их хүмүүжилтэй байж дээ?
 
-Зарим нэг нь "Боксчдыг хаана ч, хэн ч анхаарлынхаа гадна орхиж болохгүй, осолтой хүмүүс" гэж хэлэх нь бий. Үнэндээ хүнээсээ л болно. Боксчид ринг дээр ширүүн тулалддаг ч их уян зөөлөн, сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Нэгнийгээ хайрлаж өрөвдөнө гээд ер нь их эрэмбэтэй шүү.
 
Д.Нэргүй
 
Эх сурвалж: Нийслэл таймс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.