Танд эдгээр хувцас байдаг бол нэг тийш нь болгосон нь дээр дээ...

Twitter Print
2022 оны 01-р сар 02-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

ТАНД ЭДГЭЭР ХУВЦАС БАЙДАГ БОЛ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОСОН НЬ ДЭЭР ШҮҮ

1. Танд таалагддаггүй хувцас

Мэдээж та аав ээж, эмээ өвөө, найз нөхдөө хайрлаж хүндэлдэг. Тэглээ гээд та тэдний бэлэглэсэн юм бүхэнд дуртай байх албагүй. Тэдний танд л гэж авсан ороолт царайг чинь дараад, төрсөн өдрөөр чинь бэлэглэсэн даашинз таныг хөнгөмсөг хүүхэн шиг харагдуулаад байгаа бол өмсөх хэрэггүй... сэтгэл дундуур явахын нэмэр.

Тэдний өгсөн бэлгийг нь сэтгэлээсээ талархан авах нь чухал. Харин дараа нь тухайн зүйлийг хэрхэх нь таны хэрэг: зарсан ч болно, зүгээр өгсөн ч болно. Тэглээ гээд та дотно хүмүүсдээ хайргүй болчихсон гэсэн үг биш.

2. Хэт гоёлын хувцас

Зөвхөн гоёлд өмсөх ганган хээнцэр даашинз эсвэл хослол худалдан авч байхдаа “Энэ хувцсыг би дахин дахин өмсөх нь юу л бол…“ гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Ганц орой өмсөх даашинз худалдаж авах боломжгүй бол үдэшлэгний дараа буюу өдөр тутамд өмсч болохуйц энгийн загвар сонгох эсвэл гоёлын даашинз гаднаас түрээслэсэн нь дээр.

Аль хэдийн хэргээ (таныг тэр нэгэн үдшийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй болгох) гаргачихсан хурц тод өнгөтэй, гялгар сялгар, загвар нь хуучирчихсан гоёлын даашинз шүүгэний чинь мухарт байдаг бол хуучин юм авдаг хүмүүст тохирсон үнээр зарчихсан нь дээр.

3. Цагаан өнгийн дотуур хувцас

Цагаан өнгийн дотуур хувцас үнэхээр сонин эд. Нэг талаас, эмэгтэй хүн бүрт цагаан өнгийн дотуур хувцас байдаг. Нөгөө талаас, цагаан өнгийн дотуур хувцас шиг утгагүй юм гэж үгүй. Яагаад гэж үү? Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

Цагаан өнгийн хувцас цасан цагаан өнгөө маш хурдан алдаж саарал ч гэмээр, шаравтар ч гэмээр туяатай болчихдог. Түүнчлэн, цагаан өнгийн дотуур хувцас ямар ч өнгийн (цайвар, бараан ялгаагүй) хувцсан дотор гэрэлтээд байдаг. Даашинзан дотуураа юу өмссөнөө дэвэн дэлхийд гайхуулах гээгүй л бол танд биений өнгөтэй дотуур хувцас сонгож байхыг зөвлөе.

4. Шинээрээ “будаа” болчихсон хувцас

Аваад удаагүй байсан хувцаснаасаа салах ямар л олиг байхав дээ. Гэсэн ч будаг нь хатаагүй байсан сандал дээр мэдэхгүй суух, хаалгаар гарч явахдаа бариуланд нь хувцсаа гогдож урах, аягатай ундаагаа энгэртээ асгах гээд бидний амьдралд юу эс тохиолдох билээ. Шохоорхон байж авсан хувцсаа засварлах боломжгүй бол хувь тавилантайгаа эвлэрхээс өөр арга үгүй. Харин цаашид илүү анхаарал болгоомжтой байгаарай.

5. Онцгүй дурсамж төрүүлдэг хувцас

Квинслэндийн их сургуулийн маркетингийн мэргэжилтэн Аластер Томбс (Alastair Tombs)-ын үзэж байгаагаар бол хүмүүс амьдралд нь тохиолдсон таагүй үйл явдалтай холбоотой хувцас хунараа өмсөх тоолонд тухайн үйл явдлыг дурсан сэтгэлээр унадаг аж.

Стилист Анналис Aрмитэйдж (Annalisa Armitage) ч ижил бодолтой явдаг нэгэн. Гунигтай дурсамж төрүүлдэг хувцсаа далдруулж байх нь чухал. Учир нь “бүсгүй хүн хувцасны шүүгээгээ нээх тоолонд таагүй дурсамж сэдрээм хувцсаа хараад сэтгэлээр унаж, улмаар сэтгэл гутралд ч орох магадлалтай” гэж тэрээр үздэг.

6. Зуслан дээрээ “чирээд хаях” хувцас

Хүн болгонд дахин дахин угаасаар байгаад өнгөө алдчихсан, суначихсан, бөөстчихсөн, шүүрэн шанаг шиг энд тэндгүй цоорчихсон хувцас бий гэхэд мөрийцсөн ч бэлэн. Та зуслан дээрээ тоос шороотой ажил хийх гэж байлаа ч аль муу муухай юмаа өмсч өөрийгөө бүү доош нь хий.

“Хэрэг болно, байж байг” гээд хураагаад байгаа хувцсан дотроосоо өөрт таардаг, бүтэн байгааг нь ялган авч бусдыг нь гаргаж хаяхыг зөвлөе.

7. Дууриамал буюу хулхи брэнд

Дууриамал брэнд өмсөж зүүх нь ёс зүйд үл нийцдэг талаар энд ярих илүүц биз. АНУ-ын хэсэг эрдэмтэд, дууриамал брэнд өмсөж зүүх нь тухайн хүний өөрийгөө үзэх үзэлд сөргөөр нөлөөлдгийг олж тогтоосон байна. Хуурамч имидж бүрдүүлдэг хүмүүс бусдыг хууран мэхлэх, луйвардах хандлагатай болдог гэнэ. Мөн, хуурамч имидж бүрдүүлж өөрийгөө төдийгүй бусдыг байнга хуурдаг хүмүүс өөрсдөө ч бусдад итгэхээ больдог аж.

8. Хуучин бижутери

Сонгодог хийц загвартай гоёл чимэглэл хүртэл цагийн аясаар хуучирч модноос гарах нь бий. Тухайн үеийн трэндэд нийцүүлэн гаргасан гоёл чимэглэл бүр хурдан хуучирдаг. Загварын чиг хандлага ямар хурдан өрчлөгддөг билээ дээ?

Тиймээс, гоёл чимэглэлээ үе үе “шүүмжлэгчийн нүдээр” ялгаж салгаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, алийг нь цаашид зүүсэн ч загварлаг хэвээр харагдах бол, аль нь дахин зүүхэд зохимжгүй харагдах бол гэх зэргээр ялгана гэсэн үг.

Эх сурвалж: AD сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.