Э.Бат-Үүл: АН бол Монгол Улсыг ЗХУ-ын колончлолоос салгаж, Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам

Twitter Print
2019 оны 09-р сар 27-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

АН-ын удирдлагууд мэдээлэл хийж, 11-р сарын 5-нд буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Эв нэгдлийн их хурлаа хийхээр товлосноо зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралд АН-ын үе үеийн дарга нар, УИХ-ын гишүүд оролцохоос гадна үл ойлголцлын улмаас хоёр тал болоод байсан хүмүүс нэг ширээний ард суух болсон ач холбогдолтой аж.

Хэвлэлийн хурлыг нээж тус намын анхны дарга Э.Бат-Үүл үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр манай намын хоёр залуу дарга намын гишүүд болон нийт Монголчуудын сүүлийн жил гаруй хугацаанд хүлээсэн онцгой үйл явдлын талаар мэдээлэх гэж байна. Үүнийг түүхэн үйл явдал ч гэж хэлж болох юм” гэв.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “Аливаа бүхэн цаг хугацаатай гэж ухаантнууд хэлсэн байдаг. Тиймээс АН-ын уналт доройтолд цэг тавих томоохон алхам хийх болсноо зарлахаар намын гишүүдийн үе үеийн төлөөлөл энд ирээд байна. Бид намын Их хурлаа арваннэгдүгээр сарын 5-н буюу өвлийн эхэн сарын шинийн 1-нд товлоод байна.

Энэхүү хурлаар АН-ын хоёр даргын асуудлыг оруулж, санал хураан шийднэ. Ялсан болоод ялагдсан нь нөгөөдөө хүндэтгэлтэй хандая гэж байгаа юм. Энэ бол олон хүний санал, шахалтаар бий болж байгаа зүйл. Ингэж ойлголцоход АН-ын анхны дарга Э.Бат-Үүл гуайн үүрэг оролцоо маш их байсныг онцолмоор байна. Мөн ардчиллын анхдагчдын нэг Б.Батбаяр буюу Баабар гуайн үүрэг оролцоо их байсныг хэлэх ёстой. Өнөөдрийн мэдэгдлээр бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Бид эв нэгдлийн төлөө тал талдаа ойлголцон нэгдэж ажиллах болно” гэлээ.

АН-ын дарга М.Тулгат “Өнөөдөр парламентад сөрөг хүчний дуу хоолой яалт ч үгүй хэрэгтэй байна. Сөрөг хүчин гэж улс төрөөр бизнес хийдэг, намын тамгаа халаасандаа хийчихээд талбай дээр лайв хийдэг гудамжны улс төрийг хэлдэггүй. Парламентад суудалтай, ул суурьтай бодлоготой, улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх шаардлагатай болоод байна. Тиймээс АН дотоод асуудлаа шийдэх ёстой. Арваннэгдүгээр сарын 5-н хүртэл ойлголцож, нэгдэх даалгаврыг өөрсөндөө өгч байна” хэмээв.  

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Монголын Ардчилсан нам бол түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор баатар цолыг надад өгсөн. Тухайн үед Ерөнхийлөгч “Энийг чамд өгч байгаа юм биш шүү. Ардчилсан хувьсгалыг хийсэн, дэмжсэн Монголын ард түмэнд өгч байгаа юм. АН-ын мянга мянган гишүүдэд өгч байгаа юм. Өнөөдрийн хууль тогтоомжийн хүрээнд чамаар төлөөлүүлж Монголын ардчилсан намд олгож байгаа юм” гэж байсан.

Би 2009 оноос хойш баатрын тэмдэгээ энгэр дээрээ хүндэтгэн зүүж ирсэн.

Өнөөдөр АН-ын түүхэнд гайхалтай үйл явдал болж байна. Хоёр залуу удирдагчаараа бахархаад хэлэх үг олдохгүй байна. Энэ сайхан мөчийг ашиглаад энэ тэмдэгээ эзэнд нь өгье. Ардчилсан намынхаа туганд Монгол Улсын баатрын тэмдэгийг нь зүүж өгье. Мөн намын залуу удирдлагууддаа хандаж 2024 онд АН-ыг амжилтад хүргээрэй гэж хэлье.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрт хандан намдаа ирээч гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэд хандан намдаа ирээч гэж уриалж байна. М.Энхсайхан, Р.Гончигдорж нарыг уриалж байна. Намаа бүрэн бүтэн болгоход хуран цуглаж, хүчээ нэгтгээч гэж уриалж байна” гэлээ.

Баабар “Ардчилсан нам тарж бутарсан нь эмгэнэлтэй гунигтай хэрэг боловч одоо эргэн нэгдэх гэж байгаа явдалд энэ намыг үүсгэн санаачлагчдын нэг, тухайн үед удирдлагын багт байсан хүний хувьд маш их баяртай байна.

1990 онд байгуулагдсан Ардчилсан намын гурван дарга болох Э.Бат-Үүл, Д.Ганболд бид гурав үг хэлэх ёстой байсан. Гэвч Д.Ганболд, Б.Гарамгайбаатар нар Хэнтийгээс наашаа ирэх замд бензин нь дууссан бололтой амжсангүй. Тиймээс Д.Ганболдынхоо өмнөөс үг хэлж байгаа юм шүү.

Ардчилсан нам бол өнөөдрийн чөлөөт нийгмийн тулгуур баганы нэг юм. Ардчилсан нам тараад унахад энэ намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван хүнээс дөрөвдүгээр байрт орж байгаа нь яаж суларсныг харуулж байна. Гэхдээ АН нийгэмд ямар хүчирхэг үндэс суурьтай гэдэг нь орон нутгийн сонгуулиас харагдсан. Орон нутгийн сонгуульд монголын бүх сумын бараг тэн хагаст нь АН ялсан гэдэг нь үндэс суурь хүчтэй байгааг харуулсан явдал юм. Тиймээс эргэн нэгдэж, өнгөрсөн гомдлоо мартаад нэг хашаандаа орж, нэгдсэнийхээ дараа одоогийн эрх баригчидтай зөвшилцөн улс орноо авч явахыг гуйж байна” гэв.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Би

      (70.93.178.224) 2021-10-02 06:47
      • 0
      • 0

      Бүү тэнэгт орсоос хөөгдөж ирсэн хонзонгоо тавьдгүй тэнэг түүх мэддэггүй зөнөг

      Хариулах

    • цагаантан

      (66.181.186.50) 2021-09-27 20:04
      • 0
      • 0

      үүлээ чи яагаад ингэж занаад бдгыг чинь мэдэх хүмүүс нь мэднэ дээ

      Хариулах

    • зочин

      (150.129.143.57) 2021-09-27 20:02
      • 0
      • 0

      ЗХУ-тай ойр байгаагүйсан бол хятадын эрхээлд орж хятадын 1 хэсэг болсон байх байлаа. аз болход цагаан үстийн хэлснээр "ЗХУ-н колон" болсон юм.

      Хариулах

    • зочин

      (202.21.115.178) 2021-09-27 16:34
      • 0
      • 0

      Оросууд өөрсдөөл гарсан ш д. Бид нэг сайндаа гаргаагүй шүү

      Хариулах