
Долгорын Нямаа гуай бид хоёр тэгэхэд нэг тэгж билээ гэж ирээд, хуучлах юмаар үнэндээ би хомс хүн.
1961 онд Мандалговьд хэвлэгдсэн “Галуун цуваа”, 1965 онд Улаанбаатарт гарсан “Тэнгэрийн хаяа” хоёр нь арай биш байх, 1969 оны “Их газрын чулуу” нэртэй шүлгийн түүвэр нь л байх, нимгэхээн нэгэн ном би бага байхдаа олж аваад, хэдэн шүлэг цээжилье ч гэж бодоогүй байтал, мартахгүй болтол хоногшиж билээ. Үг, мөрийг нь хольж сольсон уу яасан, харж байгаад засъя ч гэхнээн багын тэр цээжилсэн минь хайран ч юм шиг санагдана. “Шаахай”, “Монгол өвгөн” хоёр л лав тийм шүлэгт багтана.
Хөөрхий муу шаахай минь
Хөл хоргоохоо байжээ.
Засвар хичнээн хийгээд ч
Зан тогтоохоо больжээ.
За баяртай, шаахай минь
Замдаа би чинь гарлаа.
Чам шиг болоогүй болохоор
Цаашаа би чинь явлаа хэмээх хоёр бадаг “Шаахай” шүлгийн хүний цээжинд мөнхөрч үлдэх шижим нь юундаа байна вэ?
Мандалговийн минь элс нь хөлөнд зууралдсан Боржигон, Мандалаар өгсч уруудан алхаж явсан, хүний бага эмч, бага жаахан хар хүү өрнө дорны шүлэглэх арга ухаанаас аль хэдийнээ суралцчихсан байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй биз. Гэтэл шүлгийнх нь бүтцийн одоо эргээд харвал, монгол шүлгийн ур европ шүлгийн хэмжээ хэмнэл, сүүл холболт аль аль нь байна гэхээр. Ямар ч бол, хамгийн энгийн үгээр хачин сайхан шүлэг урлаж болно шүү л гэдгийг батлан харуулсан шиг бодогдоно. Шүлгийн санаа гэдэг, үнэндээ ярьж хэлэлцэх юм даанч байхгүй.
“Монгол өвгөн” шүлэг нь бол, манай нутгийн хэдэн өвгөдийг яг харж байгаад, яс дүрсэлчихсэн юм шиг санагддаг. Бүр Буньяа гуай, Халтар гуай, Дамчаа гуай морин дээрээ жаахан бөгтөсхийчихээд, салхи сөрөн ергүүлж яваа юм шиг л нүднээ буухы нь яана.
Товруу мөнгөн хазаарын
Амгай тэнхлэг сэгсэрч
Толин сартай зээрдийн
Амаа булаан хатирахуйд
Харинга өвгөн өндөсхийж
Эмээл дээрээ дарцаглах нь
Халил байцаас өндөсхийх
Хан бүргэд шиг үзэгдэнэ.
Зурчихмаар байгаа биз. Тийм л дүрслэлтэй бичдэг онцлогтой.
Мандалговийн минь нэр гардаг болоод ч тэр үү, бага жаахан насны уясуу сэтгэл төрж ч явсан юм болов уу, “Мандалговийн шөнө” гэх хоёр ч шүлэг, “Дурсамж” нэртэй найман шад миний сэтгэлд содон тусч хоцорчээ.
Мандалговийн шөнө
Айлын хашааны ноход ойр холд хуцсан
Аймгийн төвийн шөнө нойр эс хүрнэ.
Сүүмгэр сарны дор хамт явсан хоёр биз,
“Сүүлд уулзанаа” гээд салж одох шиг болно.
Хашааны төмөр хаалга ханхийх дуулдаад
Хаашаа ч юм бэ, нэг нь орж явчихна бололтой.
Бодсон зоргоор байдаггүй хүний орчлон бөөрөнхий
Болзож салсан хүмүүс уулзах л болтугай, хөөрхий.
Мандалговийн шөнө
Саруул талын хаяа
Сарны гэрэлд тоосорно.
Санаанд ороогүй чамтай
Ерөөлөөр энд уулзав уу?
Мандалговийн шөнө
Мал бэлчмээр тунгалаг.
Дэргэд чи минь суугаад
Дээл оёмоор саруулхан.
Үдшийн хээр салхигүй
Үүл хаанаас гарах вэ.
Сарны дор чимээгүй
Салхи хаанаас ирэх вэ.
Мандалговийн шөнө
Мал бэлчмээр тунгалаг.
Дэргэд чи минь суугаад
Дээл оёмоор саруулхан.
Эрхсийн түмэн ертөнц шиг
Тоонын гал гэрэлтэнэ.
Эсгий цагаан гариг шиг
Гэрээ тэнд барья.
Мандалговийн шөнө
Мал бэлчмээр тунгалаг.
Дэргэд чи минь суугаад
Дээл оёмоор саруулхан.
Дурсамж
Малгай тогтохгүй салхитай өдөр
Мандлын говьд олон болдог сон.
Сайхан хүүхнүүд хормой хотоо
Салхинаас хямгадах гэж зовдог сон.
Гэнэ гэнэхэн нисээд явчихмаар
Гэрийн өрх хөвхөлзөж байдаг сан.
Шүхэр шиг бөмбийсөн гэртээ би
Шүлэг бичих гэж бувтнан суудаг сан.
Долгорын Нямаа найрагчийн, аль өдөр тутам ярьж хэлж байдаг гэхээр эгэл энгийн үгээр, эхнэр хүн сэн юм бол, зүү орох зайгүй зүйж наагаад, уран дархан юмсан бол, хуурай хүргэх эцэсгүй зүлгэж өнгөлөөд, ахуйн энэ хүрээнээс хальсан, идийн гэмээр шидэт шүлэг хичнээн олныг бүтээснийг бичиж яаж барахсан билээ.
Утга зохиолын судлагч, шүүмжлэгч Бажуудайн Ганбат Долгорын Нямаа гуайг дөрвөн мөртөөр ихэд онож илэрхийлсэн байдаг юм.
Сарны доор төрсөн
Сайхан найрагч Нямаа.
Жирийн болоод эрхэмсэг
Жинхэнэ найрагч Нямаа.
Тийм ээ, тэгж л ам дүүрэн хэлж болохоор, эгэл эгэлгүйн, энгийн эрхэмсгийн ижил ханьгүй хүн явжээ. Ер тийм хүнд магтаад хөөрөхийн гор, муулаад гундахын буртаг наалдахгүй нь лавтай. Тиймдээ ч Долгорын Нямаа гэдэг нэгэн бодьгалд өөрийгөө өнгөлж гангалж, өөрчилж тордохын хэрэг ерөөсөө байсангүй. Яг л байгаагаараа байхад түүнээс нандин гоё хүн гэж огтын байхгүй. Нямаа гуайнх Шадивлангаар зусдаг, би ч хааяа очдог л байсан, хотын гэрээр нь ч орж гарч л байсан.
-За, Нямаа ах юу хийж байна даа.
-Гадаа сандал дээр баахан суух юм.
-Юу хийж суух вэ?
-Хол ойроор зөрөх хүн хар харна. Урд ууланд бэлчээрлэх хэдэн үхэр мал харна. Үүл бас ажина. Хэдэн тагтаа эргэж хургаад, ирж буугаад, энэхэн тэрхэн тонших нь бас ч соньхон. Үгүй ер, ажлаа алдаж, аргаа барсан ийм хүн гэж байх уу даа? Цагтаа машин тэрэг хөлөглөдөг том сонин хэвлэлийн ерөнхий эрхлэгч, Зохиолчдын хорооны дарга зэрэг бишгүйдээ нэг алба хааж явсан гэсэн, төрийн шагналт яруу найрагч хүн байна, үгүй ядаж, манайхны хэлдгээр, нэг муу нэрээ бодно байгаа даа. Үгүй шүү. Занг нь мэдэхгүй хүнд бол иймэрхүү бодол төрөх юм биз дээ. Тэгтэл тэр, өөр хэний ч ажиж харж чадахгүй гоо сайхныг, утга уянгыг, ахуйн мөн чанарыг халиаж суугаа хэрэг. Шүлэг яруу найрагт нь тэр бүхэн ямар нэг өнгө аясаар бууж ирнэ л гэсэн үг.
Ийн хүүрнээд, цааш нь хөхөрч ирээд, ярих нь,
-Би бас энэ хавийнхаа хэдэн ресторан, хоолны газартай гэрээтэй санаатай.
“Бузгай даа, бас ч гэж зүгээр л уул үүл, хүн хар, хэдэн мал, нисч буух шувуу төдийхөн хараад суудаггүй байх нь, юу гэрээлдэг юм бол?”
-Аан, за...
-Найдвартай нэг хоёрын зэрэг тийм газар ойр байх нь тун ашигтай юм.
“Тээр хөөе, Нямаа гуай хүртэл ашиг хөөдөг, энэ хавиасаа мөнгө саагаад суудаг байх нь...”
-Аан, за...
-Алинд нь ч бай, ямар ч үед ороод очсон, хамгийн тохитой газраа зааж суулгаад, зуун грамм хэнээр ч хэлүүлэлтгүй аваад ирнэ. Тэрнийгээ тогтуухан хүртэж орхино. Ахимаар санагдвал нэмээд нэг зууг захиалчихна. Тэгээд шууд гарна даа, хойноос нэхэл дагал хийхгүй. Тэтгэвэр буулаа л бол, очоод дор нь тооцоогоо хийчихнэ. Энүүхэндээ би ийм л гэрээтэй хүн.
“За, тэгж таарнаа, насаараа ном ярихаас, өөр юм бодоогүй Нямаа гуайн гэрээ гэж ийм л юм байж таарна. Өөр юм байж таарахгүй. Ингэж өөрийгөө илчилдэг, өөрт нь тэр нь жигтэйхэн зохидог өөр ямар хүн байдаг юм бол?!”
Нямаа гуай нэгэнтээ төрийн ордонд заллагаар орох гэж байснаа намайг эргэх сураг сонсоод, замаа шууд өөрчлөөд, Цэ ахтай цуг ирчихсэн инээмэр болоод зогсч байсан төрх нь сэтгэлээс минь ер гардаггүй юм. Нямаа гуай бид хоёрын хамгийн урт хугацаагаар хамт байсан нь 1998 оны намар Мандалговьд, 2015 оны хавар эмнэлэгт цуг хэвтсэн тэр өдрүүд л юм. Тэгэхэд элдэв юм их л хуучилсан. Тэр дотроос ээжийгээ ихэд дурсан ярьсан нь санаанд үлджээ.
“Миний багад, манай нутагт ган гачиг их болдог, нүүдэл суудал ч их хийдэг байж. Тэр дотроос мичин жилийн нүүдэл санаанаас гардаггүй юм. Ээж тэмээгээ эрээд, хөдөө хээр зөндөө л хонодог байж. Тэмээ салхидах гэдэг ч амаргүй эд дээ. Бас худаг шавхаж, шөнөжин тэмээгээ усална.
Бас л нэг тэгж яваад намар оройн цагаар хээр хонохдоо тулж л дээ. Унаа тэмээгээ хэвтүүлж, тохшоо авч, нөмөрт нь дэвсээд хажуулах юм болжээ. Нойр нь сэрвэгнээд, нүдээ аньсан болоод хэвтэж байтал нь, яг хажуу хавирганд нь гэнэтхэн л тэмээ буйлаад унав гэнэ. Уг нь хар шөнөөр тэмээ буйлна гэж барагтайд байдаггүй, тэгж гэмээнэ тул их эвгүй зүйл л дээ. Ээж өндийгөөд суужээ. Гэтэл нөгөө тэмээ чинь тойроод л, буйлаад л тэшиж гарчээ. Хэвтэж байсан унаа тэмээ нь чихээ дэлбэгнүүлээд, юу юугүй босон харайх гээд байж. Бурантагнаас нь нэг угзарч аваад, татаад сууж байтал, нөгөө тэмээ ч буйлж буйлж, тэшиж тэшиж, яав гэмээр, бас л гэв гэнэтхэн таг чиг болж. Хэсэг чимээ чагнаж байгаад, дахин дуугарахгүй болоход л тэмээ, эзэн хоёр тохь алдахаа больжээ. Өглөө нь босоод харахад, тэмээ нь ч харагдсангүй, ул мөр нь ч үлдсэнгүй. Говийн хүмүүс ч гүжирмэг шүү. “Юу байсан юм бол доо” гэсхийгээд өнгөрсөн гэдэг юм.
Ээжид зав гэж тун бага, жаал зугаа чөлөө гарвал хууч тун хөөрхөн хөөрнө. Шөнө дөлөөр дэнгийн сүүмгэр гэрэлд юм оёод суучихна.
“Амьдын дурсгаал болгож байгаа юм” гэж хэлээд ээж минь ная шахаж байхдаа надад нэг ширдэг ширж өгсөн. Тэр л ээжээс минь хамгийн сүүлд хоцорсон ганц дурсгал даа. Ингэж яриад Нямаа гуай уйлах нь уу гэмээр болсноо, гар утсаа гаргаж, "Маргааш намайг эргэж ирэхдээ, “Ээжийн өдөр”-өөс нэгийг аваад ирээрэй. Ганц нэг байх юмдаг" хэмээн эхнэр Отгонбаяртаа сүрхий нандигнан захисан сан. Хэлсэн ёсоор нь, маргааш өглөө нь, Отгоо эгч жижигхээн хэрнээ жинтэйхэн тэр бяцхаан номыг надад авчирч өгч билээ.
Ганган охидын мишээн зөрөх нь
Ганцаар намайг дооглох ч аятай
Тэглээ ч би дэндүү бүрэг
Тэднийг өдөх ёр ч байхгүй хэмээн өөрийгөө ноомой бүрт ноцтой тооцож явсан найрагч хаа тэртээх Ховдын Эрдэнэбүрэн сумаас насныхаа хань ижлийг олж суусан түүхтэй.
Нялуун инээд над бас зовлонтой
Нямаад ерөөс олон үг тойвтой хэмээн бичсэнчлэн тэр л дуугай, нямбай хоёроос нь дууны сайхан, шүлгийн ур хоёр ундарч байж уу даа гэмээр онцолж дурдах олон бүтээлээ хүн арддаа мөнхөлөн соёрхсон билээ.
Долоон өвгөн од шөнийн тэнгэрт
Хичнээн жил анивчиж байж
Нямаа шиг болоод найрагч хүн
Ирдэг юм бол хэмээн өөрийнх нь бичсэн нэгэн шүлгээр хариу нэхмээр л санагдана. Нээрээн нэг тийм хольцгүй, байгаагаараа бахдам байж чаддаг бие хүн, яруу найрагч дахин төрөхөд, хичнээн жил хэрэгтэй юм бол?!
НОМЫН БЭЛЭГ-НАСНЫ БЭЛЭГ
“Атлантын түрлэг” Америкт зорчсон тэмдэглэл, Улаанбаатар хот, 2006 он
Америкийг сайн мэдэх алтан нутгийн хүү До.Чулуунбаатартаа /2006. 07. 14/
“Долоон бурхан”, “Монгол уран зохиол” хэвлэлийн газар, 1996 Он
Алтан нутгийн эрхэм дүү До.Чулуунбаатарт
Дэлгэрийн хийд, хэдэн хөгшид, Зава ламтан Монгол даяар анхлан цуурайтсан нь дүү чиний хүч. 1999.9.24
“Ээжийн өдөр” (Ургийн бичгийн оронд)
Ус нутгийн хүү До.Чулуунбаатартаа дурсгая.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.