
Афганистаны төрийн эрхийг барьж буй Талибан хөдөлгөөн Афганистаны Хильменд мужид үйл ажиллагаа явуулдаг үсчний газруудад сахал хусах, хэлбэрт оруулж засах зэрэг үйлчилгээ үзүүлэхийг нь хоригложээ.
Талибуудын тайлбарласнаар энэ нь сахал хусах, засах зэрэг нь Исламын хуулинд үл нийцэх аж. Уг журмыг зөрчсөн этгээд шийтгэл амсах болно хэмээн Талибан хөдөлгөөний зүгээс анхааруулжээ.
Нийслэл Кабулд ажилладаг үсчид мөн адил анхааруулга авсан аж. Өнгөрсөн 8-р сард төрийн эрхэнд гарахдаа Талибан хөдөлгөөний зүгээс өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогоо өөрчлөн шинэчлэх болно хэмээн амлаж байсан ч өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэрүүд нь Афганистанд эргээд Исламын шашны хамгийн хатуу дүрэм журам үйлчилж эхэлж буйг харуулж байна.
Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Херат мужид талибууд хүн хулгайлах гэмт хэргийн сэжигтнүүдийг буудан хөнөөж, цогцоснуудыг нь гудамжинд өлгөжээ. Хильменд мужид талибуудын үсчний газруудад тараасан мэдэгдэх хуудсанд үсчид үс болон сахал засахдаа Шариатын хуулийг дагах ёстой гэдгийг онцолж, уг шийдвэрийн эсрэг хэн ч гомдол гаргах эрхгүй хэмээн бичсэн байжээ.
Түүнээс гадна талибууд энгийн иргэдийн дүрд хувирч, үсчний газруудад гэнэтийн шалгалт хийхийг анхааруулсан байна. 1996-2001 онуудад Афганистан улсыг талибууд удирдаж байхдаа иргэдийг үсээ янз бүрээр засуулахыг хориглож, сахлаа ургуулахыг шаардаж байсан юм. Талибууд төрийн эрхээс бууснаас хойш афган эрчүүд сахлаа хусах болж үсчний газруудаар үйлчлүүлж, сүүлийн үеийн загварын чиг хандлагаар үсээ засуулах болсон билээ.
Шариатын дүрэм журам хэрэгжиж эхэлснээр үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газруудад орлогогүй болох аюул нүүрлээд байна. Зарим мужуудад үсчний газрууд хэдийн сахал хусаж, засах үйлчилгээгээ зогсоожээ. Учир нь Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш энгийн иргэд сахлаа хусахаа больсон ба иргэд талибуудын бай болохоос эмээж, олны дундаас онцгой харагдахгүй байхыг хичээх болсонтой холбоотой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.