46 мянган жилийн түүхтэй агуйг сүйтгэсэн Рио Тинто компанийн захирал албан тушаалаасаа бууна

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Рио Тинто компани өнгөрсөн жил Австралийн Баруун Австрали мужид байрлах 46 мянган жилийн настай түүх соёлын өв бүхий агуйг тэсэлж, сүйтгэсэнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг албан тушаалаас нь огцруулсан билээ.

Тэгвэл уг хэрэг явдалтай холбоотойгоор Рио Тинто компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Саймон Томпсон ирэх жилийн ТУЗ-ийн хуралдааны дараа албан тушаалаасаа огцорч, ТУЗ-ийн захирал Майкл Л'Эстранж энэ онд болох хуралдааны дараагаар тэтгэвэртээ гарахаар болжээ. Өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон түүх дурсгалын газрыг сүйтгэсэн явдалд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Рио Тинто компани төмрийн хүдэр олборлох зорилгоор хэдэн 10 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг нотлох, археологийн үнэт олдворууд бүхий хоёр агуйг уугуул иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан тэсэлсэн явдал олон нийтийн болон хувьцаа эзэмшигчдийн бухимдлыг төрүүлсэн юм. Түүх соёлын өв болсон дээрх хоёр агуйн доор 96 сая ам. долларын үнэд хүрэх 8 сая орчим тонн төмрийн хүдрийн нөөц байгаа аж. Дээрх агуйгаас 28 мянган жилийн настай амьтны ясаар хийсэн багаж, 4 мянган жилийн настай хүний үсээр сүлжиж хийсэн бүс зэрэг олдворууд олдсон ба эрдэмтдийн хийсэн шинжилгээгээр агуйгаас олдсон олдворууд нь Австралийн эртний уугуул иргэдийнх болох нь тогтоогджээ.

Австралийн засгийн газраас хийсэн шалгалтаар Рио Тинто компани дээрх 2 агуйн түүх дурсгалын үнэ цэнийг мэдэж байсан ч тэсэлсэн болохыг тогтоосон ба Австралийн эрх баригчид Рио Тинто компанид агуйг нөхөн сэргээхийг даалгасан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.