
Улсын нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтан хүүхэд залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгох үүднээс www.mongolcom.mn сайт та бүхэнд нийслэл хотын түүх, түүхэн дурсгалт газар, нийслэл хотын уугуул иргэд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна.
Цуврал-2
Гурав. Манжийн эрхшээлийн үеийн Их хүрээ хот. 1778-1911 он
-1778 онд хүрээ ноён Юндэндоржийн санаачлагаар манжийн хааны зарлиг гарч Богд хан уулыг дархан цаазат болгов. Энэ үеэс хойш Богд хан уулыг хавар намартаа тахидаг болжээ. Түүнчлэн Майдар эргэх, Цам харайх ёслолууд байнга явагдах болж, сүм хийдүүд олноор баригдаж эхлэв.
-1778 онд Их хүрээ суурьшсан явдал нь хот болох эхлэлийг тавьсан гэж судлаачид үздэг. Гэхдээ үүнийг жинхэнэ хот болсон гэхээсээ хүрээний уламжлалыг хадгалсан хот хэмээн үзэж болох талтай. Тухайн үед хотын асуудлыг эрхлэх тухайлсан газаргүй, даргагүй байсан тул яг хот гэж үзэж боломгүй мэт. Мэдээж, хот бий болоход хүрээний уламжлал чухал үүрэгтэй байсан тедийгүй тухайн үеийн хүрээний суурин дээр хот болон хөгжсөн гэж хэлж болно.
-1836-1838 оны хооронд Далхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулснаар лам нарын томоохон хороолол үүсч, хийдийнх нь нэрээр Гандангийн дэнж хэмээн нэрлэх болов. Энэ үед хүрээ бүтэц, зохион байгуулалтын хувьд маш их өөрчлөгдсөн бөгөөд хүрээний зүүн талд орших Маймаа хот өргөжин тэлж худалдааны том төв болов. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтээс шалтгаалж нийгмийн шинэ бүлгүүд бий болжээ.
-1836-1839 онд хүрээний лам нарын зарим хэсэг Толгойтын ам руу нүүгээд 1855 онд буцаж ирэв.
-1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст хаанаар өргөмжлөв. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцын гол төв нь Их хүрээ байжээ.
Дүгнэлт: Их хүрээ энэ үед, Манжийн эрхшээлийн үеийн Халх Монголын шашин, соёл, эдийн засаг, үзэл санааны эв нэгдлийн хамгийн том төв, зарим аймаг хошуудын улс төрийн төв болж байв. Мөн халх Монголын хамгийн том суурин газар байсан юм.
Дөрөв. Богд хаант Монгол улсын Нийслэл хүрээ. 1912-1924 он
-1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу билгийн тооллоор олноо өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын 20-нд VIII Богд хааны зарлигаар Их Хүрээг Монгол улсын Нийслэл хүрээ хэмээн тунхаглав.
-Нийслэл хүрээнд 15000 гаруй гамин цэргүүд орж ирэв.
-1921 онд Барон Унгерн гамингуудыг хөөн гаргаж, VIII Богдыг шоронгоос оргуулан, хаан ширээнд дахин залав.
-Барон Унгерн Нийслэл хүрээг гамингаас чөлөөлсний дараа хүрээн дэх 150 гаруй жил урхагшсан хур их хогийг гамингуудаар болон монголчуудаар цэвэрлүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Улаанбаатарт анхны нийтийн цэвэрлэгээ буюу субботникийг хийлгүүлсэн хүн бол Барон Унгерн юм.
-1918-1919 онд Нийслэл хүрээнд ноёдын, зүүн хүрээний, консулын дэнжийн хэмээх гурван нууц бүлгэм байгуулагдав. Тэдгээр нь 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалыг зохион байгуулагчид байлаа.
-1921 онд Нийслэл хүрээнд клубууд байгуулагдав. Нардом, Жанжин клубууд нь хотын соёлын амьдралд томоохон түлхэц үзүүлжээ.
Дүгнэлт: Нийслэл хүрээ нь сэргэн мандсан Монгол улсын улс төр, шашин, соёл, боловсрол, эдийн засаг, үзэл санааны эв нэгдлийн хамгийн том төв болов. Мөн Монгол улсын нийслэлээр өргөмжлөгдөв.
Бидний мэдэхгүй нийслэл хот http://mongolcom.mn/read/14320
Бидний мэдэхгүй нийслэл хот-3 http://mongolcom.mn/read/14904
Бидний мэдэхгүй нийслэл хот-4 http://mongolcom.mn/read/15365
Бэлтгэсэн: Сэтгүүлч Г.Ганчимэг
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.