
Мөнгө хэний гарт очино, тэрийг дагаж ааш авираа хувиргана!
HAPPY MONEY
Хонда Кен
Хүмүүсийн мөнгөтэй болохыг хүсдэг 6 шалтгаан:
1
Одоогийн амьдралаа хадгалахын төлөө. Дийлэнх хүмүүсээс “Яагаад танд мөнгө хэрэгтэй вэ” гэж асуухад “Ширээгээ хоолоор дүүргэхийн төлөө” гэж хариулах нь гарцаагүй. Эрт үед ан агнаж, газар тариалан, мал аж ахуй эрхэлж идэж уух өмсөх зүүхээ өөрсдөө бүтээдэг байсан бол орчин үед хоолоо, байр сав, унаа тэргээ мөнгөөр солих шаардлагатай болсон. Иймд амьдрахын тулд мөнгө хэрэгцээтэй гэж үзжээ. Мэдээж ийм амьдралын хэв маяг ороод алдаатай, оноотой зүйл зөндөө гарч ирнэ. Нэг мэдэхэд гэрээр дүүрэн хэрэгт, хэрэггүй эд зүйлс цугларна. Үнэтэй машины зээлд хамрагдаад өдөр шөнөжин ажиллаж нөхөн барагдуулна гэх мэт...
2
Эрх мэдлийн төлөө. “Алттай нь дүрмээ зохионо” гэдэг үг ч мэр сэр сонсогддог. Үндсэндээ мөнгөтэй болбол эрх мэдэлтэй, хүч чадалтай болно хэмээн итгэгчид цөөнгүй оршдог. Номд бичсэнээр мөнгөөр хайрыг, ариун холбоог, чин сэтгэлийг худалдаж авч чаддаггүй гэдгийг тэдэнд хэлэх сэн хэмээж ээ.
3
Хариу барих хэрэгсэл. Үүнийг уншаад мэл гайхлаа. Учир нь ядуу хүн ч бай, баян хүн ч бай хэн нэгэнд үл тоогдсон мэдрэмжинд автдаг байна. Хэн нэгэнд дорд харагдахгүйн төлөө түүнээс илүү үнэтэй, чанартай эд хэрэглэх. Намайг жоохон байхын л энэ үзэл их хүчтэй мэдрэгддэг байсан. Хамгийн гомдсон гэх юм уу, сэтгэлд тод үлдсэн жишээ байдаг. Цагаан сараар нэгэн найзтайгаа танилынхаараа ороод гарах хооронд болсон явдал л даа. Манай найз охин маш гоё номин цэнхэр шигтгээтэй үсний хавчаар зүүсэн байсныг танил маань олж хараад “Чи үс гэзгээ шулуун л тавиад явах юм. Охин хүүхэд байна даа, найзынх шигээ ийм хөөрхөн үсний хавчаар зүүгээч”. Би үгээ гээсэн боловч надад их муухай санагдсан. Найз охин маань биш. Би хавчааарыг нь анзаараа ч үгүй тууж явсан юм билээ. Харин тэгж хэн нэгнийг бусадтай харьцуулдаг үзэл бөөлжис хүргэдэг. Хэдий хэлэхгүй ч энэ үзэл мэдрэгддэг!
4
Эрх чөлөөг хүсэмжилж. Хангалттай их мөнгөтэй болбол ажил хийх шаардлагагүй. Өөрийн дураар аялж, хүссэн амьдралаа амьдрана хэмээн итгэдэг. Үнэндээ энэ бодол нь мөн төөрөгдөл байдаг. Мэдээж хэсэг хугацаанд хүссэн зүйлсээ хийж, авч тансаглах чадал мөнгөнд бий. Гэвч сэтгэл зүрхнээс мэдрэх эрх чөлөөг мөнгө олгодоггүй. Хүн бүр, яг одоо эрх чөлөөтэй байх хангалттай боломжтой. Мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай эрх чөлөөнөөс аз жаргалыг мэдэрч чадна.
5
Хайр болоод анхаарал татахын төлөө. Мөнгөөр хэн нэгнийг дэргэдээ байлгахыг хүсэгчид элбэг. Өөрөөр хэлбэл өөрийн дутуугаа мөнгөөр орлох гэнэ. Энэ төрлийн хүмүүс мөнгөгүй болчихбол өөрөөс нь тэр хүн холдох мэт мэдрэмжинд байнга автана. Мөн мөнгөтэй болохоор л хүмүүс түүнд ойртож байна хэмээх хар сэжиг сэтгэлээс нь арлихгүй.
6
Баяр талархал, хайраа илэрхийлэхийн төлөө. Дээрх 5 шалтгааныг уншаад өөрийн эрхгүй ямар хар бараан юм бэ гэж бодов шүү дээ. Ашгүй сэтгэл гийлгэх нэгэн жишээ гарч ирж магнай тэнийв. Мөнгөтэй болохыг хүсэх шалтгаан нь хэн нэгэнд баярласан талархсанаа илэрхийлэхийн төлөө байдаг бол хэчнээс сайхан бэ? Үнэтэй брендийн бэлгээр дараад бай гэсэн үг огтоос биш юм шүү. Мэдээж үнэтэй эдлэл хараад догдлох хүмүүс байх боловч, явж явсаар сэтгэл дээр л буудаг даа. Жижигхээн сэтгэлийн бэлэг эерэг эрчим хүчийг төрүүлнэ.
Энэ хүртэл уншаад бодлоо л доо. Нээрэн энэ мөнгө гэдэг зүйл чинь энергитэй байж болох юм гэж. Бусдын сайны төлөө чин сэтгэлээсээ хүсч зарцуулсан мөнгө цаанаасаа булбарай зөөлөн хэхэ, эерэг энергитэй байх мэт санагдав.
Тэгэхээр хэдүүлээ жоохон саатья.
Мөнгийг хүн бүхэн өөрсдийн шалтгаанаар хүснэ. Дээрх бол түгээмэл жишээ. Гэхдээ таны түүнд хандах хандлагаас шалтгаалж HAPPY MONEY ба UNHAPPY MONEY болдог байх нь
Яг одоо таны хэтэвчинд HAPPY MONEY байна уу? UNHAPPY MONEY байна уу?
Дургүй ажлаа үргэлжлүүлэн авсан цалин. Хүнд хүчир, сонирхолгүй ажил хэмээн голоод, авсан цалингаараа байсан ч байгаагүй ч онцын ялгагүй үнэтэй машины зээлд явуулах. Эцэст нь гар хоосон хоцроод хорвоог зүхэж сууна. Энэ бол UNHAPPY MONEY -тай байгаагийн нэгэн жишээ.
Мөнгө хэний гарт очино, тэрийг дагаж ааш авираа солидог.
Хайртай охиныхоо сурахыг хүссэн балетийн дугуйланг тоочиглоод, түүнийхээ төлөө хэмээн чин сэтгэлээ зориулж, олсон хэдээрээ охиныхоо балетийн дугуйланд төлж байвал тэр бол HAPPY MONEY.
Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.