
Хэдэн хоног зүрсэрсэн намар оройн бороо газар дэлхийг өвч норгон дэвтээж бараад, өөр хуурай үлдсэн зүйл хайхдаа хүний сэтгэлийг хүртэл нэвчин нэвтэлж, дотогшоо асгарч буй нулимс шиг уй гунигаар дүүргэдэг байх. Цагаа олоогүй зүсрэх залхуут бороон дунд цан цохисон нэгэн цонхны цаана эрэгтэй эмэгтэй нийлсэн тав зургаан хүн үг дуугүй тонгойн суугаа өвгөн эмгэн хоёрыг тойрон зогсчээ. Тэдний зарим нь гадагш утсаар залгаж, зарим нь сайх хоёр хөгшний зүг арга барагдан харж, басхүү гэр дотуур нь алхан өрөөний хаалгануудыг нэг нэгээр нээж үзнэ.
-Тэгээд юу болсон юм бэ гэж уруулаа час улаанаар будсан залуу бүсгүйг асуухад эмгэн,
-Тэгээд яахав дээ би тэр Балдантай уулзаад ирсэн чинь энэ өвгөн элдэв юм шалгааж уурлаад гэхэд нь улаан уруулт өнөөх бүсгүй өвгөний зүг харж уруулаа шимэлдэн, урт улаан хумст хуруугаараа заан,
-Та тэгээд ээжийг минь хүнтэй уулзаад ирсний төлөө юун сүртэй уурладаг юм бэ гэв. Өвгөн таг дуугүй доош харан сууна. Өөр нэгэн залуухан бүсгүй эмгэнд ойртон ирж, гараас нь атган,
-Ээж ээ тэгээд яасан юм бэ гэж асуухад,
-Тэгээд яахав дээ. Би үнэнээ л хэлсэн. Тэгсэн энэ өвгөн надад итгэхгүй уурлаад байхаар нь аминдаа айлгах санаатай, би тэгвэл явлаа гэсэн чинь чи тэр Балдан руугаа явах нь уу гээд уурлаад. Өвгөн эмгэний зүг духаараа хяламхийн харснаа дахиад доош хараад суучихав.
-Тэгээд... гэж өнөөх залуу эмэгтэй эхийнхээ гараас атган цааш лавлахад,
-Чамайг уурлаад байвал Балдан руу явсан ч яахав гэсэн чинь энэ өвгөн толгой руу гал манартал тоншоод авдаг юм байна гээд нулимс унагав. Түрүүний улаан уруулт эмэгтэй цээж түрэн өвгөнд ойртон ирээд,
-Та тэглээ гээд ядарсан настай ээжийг минь цохиж байгаа юм уу? Арай дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү хэмээн дуугаа өндөрсгөн уурсахад тойрч зогссон хүмүүсийн дундаас залуу эр бүсгүйн гараас татаж,
-Аядаж үз хүүхэн минь. Миний аавыг битгий чичлээд бай гэж уурсав. Ийн хоёр хөгшний маргаан гурвалжин дөрвөлжин үл ойлголцлоор өрнөж, эцэстээ хэрүүл болон хувирав.
-Муу ээжийгээ насны эцэст аяга цайгаа хуваагаад уух хань ижилтэй байлгах гэсэн болохоос чиний аавд дээрэлхүүлж суулгах гэж нийлүүлсэн үү. Угаасаа чи бид нар энэ хоёрыг анх нийлүүлэхдээ ингэж тохироогүй биз дээ хэмээн өнөөх улаан уруулт цамнаж буув.
-Тэгж ярих юм бол миний аав буруугүй. Чиний ээж л хар залгуугаасаа дурлалцаж явсан гээд яриад байдаг Балдантайгаа уулзаад ирэхээр чинь эр хүн уурлана биз дээ гэж өнөө залуу агсрав. Хоёр талаасаа уулзаж ярилцаад ганц ганцаар үлдсэн ээж аав хоёрыгоо нийлүүлж цайны ханьтай байлгая гэж тохирсон хоёр хүн нь ийн хүүхдүүдийнхээ амьдралыг шийдэхээр ирсэн эцэг эх адил цамнан бууж, харин дунд нь суух өвгөн эмгэн хоёр таг туугүй бүлтэлзэх нь эгээ л энэ хүмүүсийн байр нь солигдчихсон юм шиг. Ийн тонгойн суусан өвгөн эмгэнийхээ зүг хулгай нүдээр харахдаа л “Миний л буруу. Дэмий гар далайж энэ муу амьтныг зовоочихлоо” хэмээн бодож байхад өвгөнтэйгөө харц тулсан эмгэн “Дэмий юманд сүр бардааж хүүхдүүдээ дуудлаа. Тэгж ганц тоншиход нь толгой ч өвдөөгүй байж уйлж унжиж утас шөрмөс болдог би ч арай л түргэдчихэв үү" хэмээн өөрийгөө баалж суув. Нэг мэдэхнээ тойрон зогссон хүүхдүүдийнх нь маргаан улам ширүүсч, улаан уруулт бүсгүй тэдний хамаг өрөөгөөр нь тойрон явж ээжийнхээ эдлэл хэрэглэл, хувцас хунарыг хамж цуглуулан цүнхэлсээр сая бэлэн болохын үед,
-Ээж ээ явцгаая гэж хэлэхэд эмгэн өмнөө суугаа өвгөний зүг горь тээсэн харцаар харсан боловч өвгөн жишим ч үгүй буруу харж суухыг үзээд урам хугарав. Уг нь эмгэнийхээ өөдөөс харсан бол, зүгээр л юм хэлэхгүй ч түүнийг явуулмаарүй байгаагаа харцаараа илэрхийлж, үгүй ядаж хийсэн үйлэндээ гэмших сэтгэлээ үзүүлсэн бол эмгэнд эргэлзэх сэтгэл төрөх байлаа. Гэвч өвгөн түүний өөдөөс харсангүй. Огт хэрэггүй хүнийг явуулж байгаа юм шиг гэмших нь бүү хэл анзааарах ч үгүй суухад нь эмгэн гомдол дүүрэн босож хүүхдүүдээ даган үүд чиглэн алхав. Таван жилийн турш дасан ижилдсэн амьдрал, ганцаардал цөхрөлийн гуниг уйтгараас нь өндийн босгосон хань ижил нь түүнийг үлдээч гэж хүсэх нь бүү хэл уучлал гуйлгүй явуулж байгаад сэтгэлд нь мандсан нар жаргачих шиг санагдаад үүдээр гарч одов. Хорвоо ямар даажинтай вэ? Анхны хайрын болзоонд зогсож, амьдрал холбон жаргал хуваалцаж, үр хүүхдүүдийнхээ эцэг эх болсон насан залуугийн хань ижлээс өөр үнэн хүн гэж хорвоод байдаггүй юм байна гэдгийг эмгэн энэ л агшинд ухаарч, таван давхрын шатаар доошлон буух бүрийдээ таван жилийн жаргалаа хумин барж яваад гэнэт дороо зогтуссанаа эргээд дээш алхчихав.
-Ээж ээ яасан бэ гэх бага охиныхоо асуултанд хариулсангүй.
-Ээж ээ, ээж гэх дуунаар сая эргэж харсан эмгэн,
-Ээж нь эрхиэ мартчихаж, одоохон аваад ирье. Эмээгийн чинь эрхи шүү дээ гэж хэлээд дээш өгсөн алхсаар дөнгөж сая үүрд хааж орхисон үүдээрээ эргэж ороход өвгөний хүүхдүүд явах гэж байгаа бололтой хувцаслаж байв. "Ижийнхээ эрхийг мартаж гэж байдаг аа. Мунгинасан хар толгой” хэмээн өөрийгөө зэмлэсээр тэдний хажуугаар алхаж, унтлагын өрөөнд орвол өвгөн нь өнөөх эрхийг гартаа атгачихсан эргүүлж суув. Эмгэн түүний зүг үг сүггүй ойртон очоод эрхиэ шүүрэн авахдаа л өвгөний нүдэнд хурсан нулимс хацрыг нь даган урсахыг үзээд дороо зогсчихов. Бүтэн таван жилийн амьдралдаа огт үзээгүй зүйлийг эмгэн энэ удаа харжээ. Энэ хүнд урсах нулимс бүү хэл гэмших сэтгэл ч байхгүй гэж гэж бодож явсан нь талаар болов. Өвгөн хацар даган урсах нулимсаа нууж ядахдаа цааш хараад суучихав. Эмгэн дөнгөж сая шүүрэн авсан эрхиэ буцаан өгөх гэж буй аятай түүний араас сарвайхдаа үг хэлж чадсангүй. “Энэ эрхи хэний гарт эргэх нь хамаа байж уу. Буян л хийж байвал болох нь тэр” хэмээсэн хачин бодол төрөхүй эрхиэ дэргэд нь тавиад, эргэж үүд чиглэн хэд алхаад дороо зогсчихов. Одоо энэ хаалгаар гарах юм бол ахиад түүнтэй уулзахгүй, уймрахыг нь, уурлахыг нь дахин харахгүй ч дасан ижилдсэн сэтгэл нь ганцаардал хоосролоор дүүрнэ гэдгийг мэдэрч байв. Дөнгөж сая харсан өвгөний нулимсанд дөжирсөн сэтгэл нь бүү хэл хатаж ширгэсэн хөх нь хүртэл ивлэн саамших шиг цээж дүүрэн уясал төрөөд, эргэж харан өвгөний зүг очиж араас нь тэврэв.
-Ээж ээ. Яасан уддаг юм бэ? хурдлаач ээ гэсэн бага охины дуу хонгилд хадна. Өвгөн гараа зөөлөн явуулж эмгэний гараас атгаад, мөрөн дээр нь тонгойн нулимс дуслуулах түүний зүг эргэн духан дээр аяархан үнсэв. “Иш ингэж ганцаараа торойж үлдээд энэ хүн яаж амьдрах гэж байсан юм бол. Цайгаа ч чанаж чадахгүй, цагтаа хоол ундаа идэж чадахгүй яадаг л билээ дээ” хэмээн уясан бодоход өнөөх гомдол цөхрөл хаашаа ч юм бэ хулжин одож, өвгөнийхөө мөлчин толгой дээр зөөлөн үнсэж зогсов. Насан багын учрал, хайр сэтгэл гэдэг хамт амьдрахын тулд заяагддаг ч насны эцэст учирсан ийм л хүмүүс хамт одохын төлөөнөө учирдаг юм байна гэдгийг эмгэн энэ л агшнаа сэтгэл зүрхэндээ мэдэрч зогссон юм.
-Ээж ээ гэсээр бага охин унтлагын өрөөний хаалгыг хүчтэй саван орж ирээд тэдний тэврэлдэн буйг хараад дороо зогсчихов. Өвгөний хүү араас нь ирээд мөн л тэднийг хармагцаа бас л таг зогсчихов. Халуун залуу насныхаа гэгээн гэрэлт зам дээр бус, харьж дуусч буй насныхаа онгож гандсан энэхэн чөлөөнд бие биедээ амьдын түшиг болон зогсож буй энэ хоёр хүнийг эргэх хорвоо хэдий хугацаанд ингэж зөөлөн бүүвэйлэхийг хэн мэдэх билээ. Үүдэнд зогсох залуу өмнөх эмэгтэйг дуудан холдуулаад хаалгыг аяархан хаав. Хаалганы цааана жаргахын өмнө бадамлан асаж буй зул шиг хайр буй, хаалганы цаань хүний амьдралын жаргал зовлонг ханатал эдэлсэн ч хайраар л дүүрэх учиртай хоёр зүрх буй. Орой намрын усан бороо цонх шавшин, орчлонг шавшин орсоор л.
Бямбаагийн САРАНТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
bglgg
(66.181.185.59) 2021-10-16 22:23уруулаа шимэлдэн гэхгүй, уруулаа шилэмдэн гэж бичнэ. Сүр бардааж гэхгүй, сүр бадрааж хэмээн бичих аваас зүйд нийцмой. Бямбаагийн Сарантуяа гэж эргүү мал юм байна.
Хариулах