Сангийн сайд Ч.Улаан: Ирэх оны төсөвт татвар нэмэгдэхгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайдын 30 минут” болж сэтгүүлч нарт мэдээлэл өгдөг. Харин үүнийг “Сайдын 30 минут” гэж нэрийг нь өөрчлөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож мэдээлэл өгч байхаар болсон. Өнөөдөр “Сайдын 30 минут"-аар Сангийн сайд Ч.Улаан оролцож ирэх оны төсвийн тухай мэдээллийг өгсөн юм.

Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Засгийн газар 2015 оны улсын төсвийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн бариад байна. Энэ төсөлд 3 онцлог бий.  Орон нутаг, анхан шатанд төсвийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байна. Хоёрт, энэ онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хөрөнгийг ирэх онд 2,5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг салбарын онцлогийг харгалзан инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үе  шаттай хэрэгжүүлнэ. Гуравт, төсвийн гадуур зардал буюу Чингис бонд, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөвт нэгтгэж хуулийн төсөлд орууллаа” гэсэн аж.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд Сангийн сайд хариулт өглөө.

-Ирэх оны төсөвт ам.доллар, нүүрсний ханшийг хэрхэн тусгасан бэ?

-Тогтворжуулсан зарчмаар зэс, нүүрсний үнийг тооцсон байгаа. Энэ нь дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ савладаг учраас түүнийг боломжийн түвшинд тогтвортой барихаар төлөвлөдөг. Өнгөрсөн 12 жилийн дундаж, ирэх гурван жилийн өсөлтийн байдлыг харгалзан үзэж, бүтээгдэхүүнийхээ орлогыг гаргасан.

-Бүтээн байгуулалтын ажил зогсох уу?

-Энэ ажил зогсохгүй гэдгийг онцлон хэлье. 2015 онд улсын төсвөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа хэдий ч хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Чингис бонд, Хөгжлийн банк эх үүсвэр нь болно.

-Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ?

-Энд нэг зүйлийг хэлье. Эдийн засгийн үзүүлэлтийн агуулгыг зөв ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн жил цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг илүү зарцуулсан. Ирэх жил 500 тэрбум төгрөг нэмж зарцуулна. 500-г 200-д хуваахаар 2.5 гарч байна. Иймд 2.5 гэдэг нь нэмж зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ. Яг одоо цалин, тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдэхийг хэлж чадахгүй. Бодлоготойгоо уялдуулан нэмэхээр төлөвлөж байна.

-Төсвийн хөрөнгө оруулалтын дүн хэрхэн гарах вэ?

-Улсын төсвөөс 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гэхдээ эх үүсвэрийнхээ хэмжээгээр хязгаарлагдана. Төслийн явцаас хамааран хөрөнгө оруулалтын зорилгоор Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр ирэх жил 2 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа. Харин улсын төсвийн урсгал зардлын эх үүсвэрийг төлөвлөсөн журмаар бүрдүүлж явна.

-Төсвийн орлого, зарлагыг тодорхой тоогоор хэлэх боломж байна уу?

-2015 онд 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. Харин 8.4 их наяд төгрөгийн санхүүжилт гарна. Энэ нь Чингис бонд, хөгжлийн банкны мөнгө орно гэж ойлгож болно.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.