
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Засгийн Газраас Аялал жуулчлалаас орж ирэх орлогыг ДНБ-ний 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оныг Монгол улсад зочлох жил болгон зарлаж байна. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээд, 12 сардаа багтаан батлуулж, 2023 оны 1 сарын 1-нээс эхэлж ирэх жуулчдад зориулж хэд, хэдэн мэссэжийг өгөх зорилготой боловсруулсан ийм хууль.
Үүнд:
1. Визний хамгийн сайн нөхцөлтэй болон визгүй орны ангилалд багтсан
2. Монгол улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэсэн хоёр мэссэжийг олон улсад өгөхөөр ажиллаж байна. Тэрчлэн
1. Казино
2. Морин бооцоот уралдаан
3. Төлбөрт, тааварт тоглоомын тухай багц хуулиуд дагалдаж орно.
Мөн далд хэлбэртэй байгаа ан агнуурын аялал жуулчлалын зөвшөөрлийг ил тод, дуудлага худалдаагаар оруулж, орлогыг орон нутагт нь үлдээдэг болохоор зохицуулж байгаа. Казиногийн тухайд Монгол иргэдийг тоглохыг хуулиар хязгаарлана. Макаогийн загвараар хөгжүүлнэ" гэв.
Хэдхэн хоногийн өмнө Казиногийн болон Бооцоот таавар, хонжворт сугалааны хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Аялал жуулчлалын хуулийг дагаад гурван хууль өргөн барина. Бооцоот таавар хонжворт сугалаа бол сүүлийн 20-иод жил маргаантай явж байгаа харилцаа. Сугалааны зөвшөөрлийг Сангийн яам өгдөг. Бооцоот тааварт тоглоомын зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам өгнө гэсэн нэртэй ч сүүлийн 16 жил ямар нэг зөвшөөрөл олгохгүй явж ирлээ. Тиймээс төрөл харилцаа болгохгүй бол цахим казиногоор гадагшаа сард 20-30 тэрбум төгрөг урсаж байна. Үүнийг болиулж бооцоот таавар, хонжворт сугалааны харилцааг дотооддоо зохицуулж тусгай зөвшөөрлийг нь өгье гэсэн агуулгаар хуулийн төслийг боловсруулсан. Зөвшөөрлийг манай яам дээр суурилсан зөвлөл олгохоор ярилцаж байна. Сугалаа явуулахдаа гадны лоттерей маягийн стандарттай болох ёстой. Харин спортын бэтийн хувьд олсон орлогынхоо тодорхой хувийг холбооддоо өгдөг байхаар хөгжлийг нь уях агуулгатай. Үр дүнд нь дотоодын спорт хөгжиж валют олох боломжтой. Түүнээс одоогийн нөхцөл байдлаар цааш явах юм бол гадагшаа хандаж тоглож байгааг хүчрэхгүй юм билээ. Үүнээс улбаалаад үндэсний спортын хууль гаргаж мэргэжлийн тал руу нь явуулах ч боломжтой.
Аялал жуулчлалын хуулийг дагалдуулаад Казиногийн хуулийг өргөн барина. Харин олгох лицензийн тоо хэд, хаана байгуулах вэ гэдгийг эцэслээгүй. Бүс нутгийн хөгжлөө бодвол Замын-Үүд, зүүн талд Дорнод, баруун талд дөрвөн сум, аймгийн төв байх уу зэргээр ярилцаж байна. Ер нь бол хов хоосон Монголын хөрсөн дээр хэн хамгийн их бодит хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг мөнгөн дүнгээр нь лиценз олгоно. Хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая ам.доллар буюу их наяд төгрөгөөс доошгүй байх юм. Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор Монгол Улсад оруулна. Харин төр 25-30 жил бизнест нь огт оролцохгүй. Өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийг Монголын Засгийн газар авна. Ширээ болгон дээр орж байгаа орлогоос татвар авна гэсэн үг. Үлдсэн 60 хувиараа амьдар, бооцоогоо тавь гэж байгаа юм. 30 жилийн дараа нийт ширээний тал хувийг Засгийн газар төлбөргүй шилжүүлж авна. Харин 10 жилийн дотор өөр хэн нэгэнд дахин лиценз өгөхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад хэлэх ёстой. Хуулийг үндсэндээ Макаогийн казиногийн хуулиас санаа авсан гэж хэлж болно. Дэлхий дээр хамгийн их либералчлагдсан, хамгийн их орлоготой нь Макао шүү дээ" хэмээн мэдээлж байсан юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.