Bitcoin гэж юу вэ?

Twitter Print
2016 оны 03-р сар 03-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Bitcoin гэж юу вэ?

Хамгийн товчхондоо бол Bitcoin гэж онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө. Яг талх тариа худалдан авч үсээ засуулахдаа төлдөг манай төгрөг шиг мөнгөн тэмдэгт. Bitcoin ашиглан та хүссэн бүхнээ худалдан авч, хүссэн үйлчилгээгээ авч чадна. Гэхдээ төгрөгөөс ялгарах хамгийн том ялгаа нь Bitcoin -ийг зохицуулах банк гэж байхгүй. Манай төгрөгийг Төв банкнаас хэвлэн гаргаж, бусад гадаад валюттай харилцах ханш манш гээд зохицуулж байдаг бол Bitcoin-ийг зохицуулах төв банк гэж байхгүй. Европын төв банк, Холбооны Нөөцийн Сан зэрэг нь евро, долларыг гаргаж, алт мөнгө өөр юу байдаг юм цаана нь баталгааг гаргаж байдаг бол Bitcoin-д эдгээрийн аль нь ч байхгүй. Хачин сонсогдож байна уу? Bitcoin-д төгрөг шиг сирийн дугаар энэ тэр гэсэн юм байхгүй.
Bitcoin -ийн цаана бол тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Төгрөгийн цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм. Эдгээр хийсвэр тоонууд нь биет ертөнцөд ямар ч үнэ цэнэгүй боловч түүнийг хэрэглэж, бодит худалдан авалт хийх боломжтой болгож байгаа нь Bitcoin -ийн сүлжээнд байгаа хэрэглэгчдийн итгэл юм. Яг л хүмүүс алтан зоос хэрэглэдэг байснаа авч явахад төвөгтэй, овор хэмжээ ихтэй болохоор нь түүнийг цаасаар орлуулж хэрэглэхээр харилцан тохиролцоонд хүрсэн шиг Bitcoin-ийг хүмүүсийн хоорондын тохиролцоо харилцан итгэлцэл үнэ цэнэтэй болгож байгаа юм.
Нэг жишээ:
Дондог үсчин харин Хишгээ төмс зардаг. Тэдний аль алинд нь төмс авах, үсээ засуулах хэрэгцээ байгаа. Тэгсэн нэг өдөр Хишгээ Дондогоор үсээ засуулж байхдаа нэгэн санаа төрлөө “Хөөш, хөгшөөн өнгөрсөн сард би 3500 төгрөгөөр үсээ засуулдаг байсан гэтэл одоо яагаад 5000 төгрөг болчихдог билээ?”, “Би чамаас төмсөө 500 авдаг байсан, одоо 800 болсон байна", "Энэ төгрөгийн ханшийн уналтаас болж алуулж байна аа”, “Тэгвэл ингэе, хоёулаа тохиролцоод өөр аргаа тооцоогоо хийж байя...” Гээд л хамаг юм эхэлжээ.

Тэгвэл энэ хачин нөхөр хаанаас гараад ирэв ээ?

Энэ бүхэн анх 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист нөхрөөс үүдэлтэй юм. Тэрээр анх bitcoin-ийн санааг гаргаж, загварыг боловсруулж, эх кодыг бичжээ. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол амархан хямарлд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал гэжээ. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, bitcoin-ийн хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйл-р харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байхгүй. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америйн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол, Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг. Учир нь түүний санаа нь гайхамшигтай, бүтээл нь хэн ч засварлах шаардлагагүй төс байсан юм. Тиймээс л түүнийг нэг муу програмчин байсан гэдэгт итгэхгүй байгаа хэрэг. Гэхдээ ихэнхи хүмүүс хэн байх нь чухал бус юу бүтээсэн нь чухал хэмээн үзэж bitcoin-ийг хөгжүүлж хэрэглэсээр байна. 

Тэгвэл яаж ажилладаг эд вэ?

Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлэг хийнэ. Юм худалдан авахад ч гэсэн карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин Bitcoin бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл bitcoin-ийг ашиглаж байгаа тохиолдолд та Bitcoin-ийн P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулана. Догь сонсогдож байна уу? 
Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд bitcoin-ийн сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 bitcoin байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин bitcoin-ийн хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн bitcoin байгаа, хэн хэн уруу хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм. 
Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилдагийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулж янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Bitcoin-ийн хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй. Учир нь Bitcoin-ийн сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан, ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй гэсэн үг.

Bitcoin -ийн системийн ажиллах зарчмыг ойлгоход нэг нийтлэл хангалтгүй, нэлээд хугацаа, мэдлэг шаардах болно. Гэвч энд сийрүүлэн тайлбарлах гэж хичээе.

Гүйлгээ

Bitcoin-ийн гол цөм бол шилжүүлэг юм. Bitcoin-ийн ажиллах зарчмыг ойлгохын тулд гүйлгээ хэрхэн хийгддэгийг ойлгох хэрэгтэй

“Дондог Хишгээ уруу 5 BTC шилжүүлэв.”

Сүлжээний бүх хүний дасны дэвтэрт (ledger) уг шилжүүлэг тэмдэглэгдэнэ. Тэгвэл уг гүйлгээ баталгаатай албан ёсных гэдгийг тэд яаж мэдэх вэ?

Bitcoin-
ийн дүрэм ёсоор болДижитал Гарын үсэг(Digital Signature)” гэх нууц үг ашиглан зоосоо ашиглах шаардлагатай. Яг л гарын үсгээр баталгаажсан баримт шиг

Дижитал гарын үсэг нь гарын үсэг бүтээдэгхувийн түлхүүр” (private key) болон бусдад шалгуулах үүрэгтэйнийтийн түлхүүр” (public key) гэсэн хоёр хэсгээс бүрддэг.


 



Хувийн түлхүүр байж л нийтийн түлхүүр бий болно. Тэгэхээр хувийн түлхүүрээр бусдад харуулах шаардлагагүй шилжүүлэг хийхдээ нийтийн түлхүүрээ л ашиглана гэсэн үг. 

гарын үсэг = f(мессеж, хувийн түлхүүр)

Харин сүлжээнд байгаа бусад хүмүүс энэ гарын үсгийг өөр функц ашиглан таны нийтийн түлхүүр мөн эсэхийг шалгадаг. 

1 = ? v(мессеж, нийтийн түлхүүр, гарын үсэг)

Дижитал Гарын үсгийн цаана ажиллаж байгаа математик загвар нь жинхэнэ түлхүүрийг харалгүйгээр илгээгчийг жинхэнэ гэдгийг мэддэг. 

Хамгийн чухал зүйл нь гарын үсэг мессежийн дотор агуулагдах ба гүйлгээ бүрд дахин давтагдахгүй мөн өөр шилжүүлэгэнд ашиглагдахгүй. Түүнчлэн уг мессежийг замаас нь хэн ч утгыг нь өөрчилж чадахгүй ба өөрчилсөн тохиолдолд гарын үсэг худлаа болно.

Энэхүү гүйлгээний цаана явагдаж байгаа математик нь толгой эргэмээр ярвигтай учраас энэ хүрээд орхиё. Хэрэв та гүнзгийрүүлэн судлахыг хүсэж байвал ECDSA орж харж болно.

Зоос хаанаас гардаг вэ?

Түрүүн хэлсэнчлэн бидний хэрэглэдэг төгрөгийг баталгаажуулдаг ямар нэгэн хатуу валют, алт мөнгө байдаг бол Bitcoin-ийн цаана хэдэн код л бий. Тэрхүү кодууд хаанаас гараад байна вэ?
Юуны түрүүнд блок гэсэн ойлголт бий. Энэ нь bitcoin-ийг зааж байгаа юм. Энэхүү блок нь хоорондоо холбоотой гинжин хэлхэнд холбогдсон байдаг. Тэрхүү блокийг гаргаж авахын тулд хүндхэн бодлого бодох шаардлагатай. Тиймээс блок гаргаж авах үйлдлийг “олборлох” (mining) гэж нэрлэдэг. Систем нь 4 жил тутамд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг bitcoin л гарах боломжтой юм. Гэхдээ ийм цөөхөн байвал дэлхийн хүн ам хэрэглэж чадахгүй биш үү? Гэж бодож байж болох юм. Тэгвэл тийм биш 1/100 сая ширхэг (.00000001) bitcoin бүтээж болно. Тэгэхээр хэрэглээнд хязгаар байхгүй гэсэн үг.
Ер нь блокийг тайлахад маш их математик тооцоолол шаардлагатай болдог учраас нэг bitcoin олборлоход жирийн хэрэглээний компьютероор бол нэлээд хэдэн жил шаардагдана. Өөрөөр хэлбэл процессийн асар их хүч шаардлагатай. Тиймээс энэхүү блокийг тайлахын тулд уг сүлжээнд холбогдсон компьютерууд нийлж байж хүчээ нэгтэн ажилласанаар гаргаж авна.
Зарим тохиолдолд хакерууд өөртөө bitcoin гаргаж авахын тулд интернетээр дамжуулан өөр хүний компьютерт вирус халдаан тухайн компьютерыг өөрийн боол болгон ашигладаг. Ингэж халдвар авсан компьютерыг зомбий ч гэж нэрлэдэг. Таны компьютер учиргүй халаад, дуу чимээ нь ихсээд ирвэл компьютерынхаа вирусыг нэг шалгахад буруудахгүй шүү! Учир нь таны компьютер халдвар аваад өөрийн эрхгүй ажиллаж байгаад эвдэрч мадагүй.

Хэрэглээ

Bitcoin-ийг өнөөдөр Америк болон барууны орнуудад хувь хүмүүсээс аваад жижиг үйлчилгээний газрууд их түгээмэл ашиглах болсон. Wordpress, Reddit, Baidu болон OkCupid зарим үйлчилгээндээ bitcoin-оор тооцоо хийдэг болсон. Гэхдээ ханшийн хувьд сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар ам.доллартай харилцах ханш нь 550 ам.доллар болсон байна. Bitcoin-ийн анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн саятан гэсэн үг. Энэхүү ханшийн өсөлтийг шинжээчид хятадын аварга Baidu ашиглах болсонтой холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ ховор зүйл үнэд ордог шиг нийтдээ 21 сая ширхэг л байгаа дээр нь гаргаж авахад туйлын төвөгтэй учраас үнэ цэнэтэй болсон байх.

Саяхан холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, зэвсэг зэрэг хууль бус наймаа онлайнаар худалдаалдаг байсан Silk Road хэмээх сайтыг хааж эзэмшигчийг нь олж баривчилсан юм. Учир нь уг сайтаар гүйлгээгээ bitcoin-оор хийдэг байсан юм. Энэ нь Bitcoin-ийн сул талыг харуулж байгаа юм. Ямар нэгэн хариуцах банк, засгийн газар мэт байгууллага байхгүй учраас үүнийг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саад байхгүй гэсэн үг.
Гэхдээ Bitcoin-ийн давуу тал олон учраас сонирхож ашиглах энгийн иргэдэг болон байгууллагуудын тоо өссөөр байна.

Яаж ашиглах вэ?

Та одоо ч Bitcoin-ийг ашиглаж болно. Bitcoin-ийг ашиглахын тулд түрийвч гэх програмыг компьютер дээрээ суулгаж аливаа гүйлгээгээ хийх ёстой. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ хаягаар ороод хараарай.

Эх сурвалж: intech.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.