Иргэн бүрт 1.2 сая төгрөг олгохыг шаардлаа

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах бичиг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа тухай АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр "Цар тахлаас болж, бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөл хориог өнөөдрийн байдлаар тавдугаар сарын 1 хүртэл сунгасан. Халдварт вирусээс үүдэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн  засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл үүслээ. 

Энэ онцгой байдлын үед Засгийн газар мөн онцгой байдлаар асуудалд хандаж, эдийн  засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл  бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ. Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн  тавдугаар зүйлийн  дөрөвт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Мөн аравдугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус, тус заасныг үндэслэн Монгол Улсын иргэн бүрт 1.2 сая төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна" гэв. 

Мөн "АНУ иргэн бүртээ 1000 ам.доллар өгөх асуудал яригдаж байгаа бол Хонконг гэхэд  иргэн бүртээ 1200 ам.доллар өгсөн.  Өнөөдөр Британийн Засгийн газар гэхэд нийт ажилдагсдынхаа цалингийн 80 хувийг  нь  дааж байна. Тэгэхээр бид энэ бүгдээс хоцорч болохгүй.  2020 оны төсөвт барилга байшин, зам их тусгасан. Хоёр замаа болиод тэр мөнгөө иргэдэд өгөх цаг болсон. Ерөнхий сайдыг хариу өгнө гэж найдаж байна. Иргэдэд мөнгө тараах  нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь авч үлдэх  зөв бодлого" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.