Хувьдаа дэлгүүртэй хүн шунахайн сэдэлтээр хүний амь нас хохироосон нь сэжиг төрүүлж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Энэ оны есдүгээр сарын 15-нд бараа түгээхээр явж байхдаа сураггүй алга болсон “АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” дэлгүүрийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн. Хагас сар эрэн сурвалжлах ажил үргэлжилж есдүгээр сарын 30-нд Налайх дүүргийн нутагт орших ашиглагдахгүй болсон уурхайн гүнээс олсон байна. Гэмт этгээд хохирогчын цогцосыг 15 орчимын метр гүнд нуусан байжээ. Харин түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай микрог Төв аймгийн Зуунмод хотоос олсон аж. Дээрх хэрэгт БЗД-ийн 11-р хороонд байрлах “Хадат Мянган” хүнсний дэлгүүрийн эзэн П-г сэжиглэн, ул мөр тогтоосноор гэмт хэрэгтэнг Хонхороос баривчилжээ.

Улмаар мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хангалттай бүрдүүлж, П гэгч болохыг  тогтоосон. Гэхдээ хэрэгтэн П хувьдаа дэлгүүртэй, боломжийн амьдралтай нэгэн аж. Гэтэл шунахайн сэдэлтээр хүний амь хөнөөсөн нь олны эргэлзээг төрүүлж байна. Мөн П-гийн эхнэр нь хорооны Засаг дарга байсан. Тухайн үедээ эрх мэдлээ ашиглан хүнсний дэлгүүртээ шөнийн цагаар архи зардаг байсан гэдгийг албан бус эх сурвалж хэлжээ. Талийгаач Б.Алтанхуяг хэрэг гардаг өдөр биедээ 4 сая орчим бэлэн мөнгө, 6 сая орчим төгрөгийн бараа ачиж явсан нь П-гийн шуналыг хөдөлгөсөн байж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байгаа боловч үүний цаана ямар нэгэн шалтгаан байх магадлалтай аж.

Ингэж сэжиг төрүүлэх шалтгааныг хэрэгтэн П өөрөө гаргасан байна. Тэрээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт худал мэдүүлэг өгч, чулуу хөөлгөж байжээ. Тодруулбал, талийгаач тэр өдөр машиндаа бараагаа ачаад дэлгүүрээсээ 11.00 цагийн үед хөдөлсөн байдаг. Улмаар Хонхорт байрлах хүнсний дөрвөн дэлгүүрээр орсон ба барааг нь гурван дэлгүүр нь л авсан байдаг. Хамгийн сүүлд Хонхорын "Хадагт мянган" гэх хүнсний дэлгүүрт бараагаа нийлүүлчихээд дэргэд нь байрлах цайны газраар үйлчлүүлээд явсан. Тэндээсээ хот руу хөдөлсөн гэх таамгийг цагдаагийнхан гаргаж байсан юм.

Харин тухайн үед нэг гэрч мэдүүлэхдээ түүнийг өөрийнхөө насны, өөртэйгөө адилхан нуруутай, өндөрдүү шар залуутай инээлдэн юм ярилцаад явсан гэх мэдээллийг өгсөн байдаг. Түүгээр ч зогсохгүй "Хадагт мянган" дэлгүүрт бараа буулгахад нь тэр хүн тусалж байсан гэж цагдаа нарт мэдүүлсэн байдаг. Гэтэл ингэж мэдүүлэг өгөөд байсан өнөөх гэрч нь "Хадагт мянган" гэх хүнсний дэлгүүрийн эзэн буюу сэжигтэн П өөрөө байсан талаарх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн. Өөрөөр хэлбэл тэрээр борлуулагч залуугийн аминд хүрчихээд худлаа мэдээлэл өгч байжээ.

Энэхүү хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1 заалтын дагуу эрүү үүсгэн шалгаж байна. Мөн хэрэгтэн ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.