Германд хямдрал зарлаад сүйд

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Герман улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ урьд өмнө үзэгдээгүй их  хямдрал зарлажээ. Харин үүнд Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ болон еврогийн ханш, хямд газрын тос зэрэг хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа аж. Одоо бол жимс худалдан авахад тун ашигтай байгааг DW онцлоод зах зээл дээр жимсний үнэ 30-44 хувь унасан байхад Оросод эсрэгээрээ жимсний үнэ өдрөөс өдөрт өсөж, ирэх өвөл гэхэд өргөн хэрэглээний барааны үнэ хэт өсөх хандлага ажиглагдаж байгааг тэмдэглэсэн байна.

Германы Bild сонин тэргүүн нүүрэндээ "Үнийн уналт!” гэсэн том гарчиг өгсөн өгүүлэл нийтэлж, Германы Холбооны статистик мэдээллийн газраас энэ онд хамгийн их “хямдарсан” хүнсний болон аж үйлдвэрлэлийн 87 нэр төрлийн барааны жагсаалт гаргасан байна. Уг жагсаалт дотроос ногооны салат хамгийн их буюу 44 хувиар хямдарсан бол жимс, хүнсний ногоо дараалсан байна. Хулуу, хаш, эрдэнэ шиш зэрэг ногоо 36,4%, улаан лооль 35,2%, өргөст хэмх 32,7%, усан үзэм 28,9%, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө 27,5%, төмс 19,3%, тоор жимс 19,2%. "Дэлгүүр хэсэхэд хэзээ ч ийм сайхан санагдаж байсангүй" хэмээн Bild сонин тэмдэглэсэн байх аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 7-ноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ эргээд барууныханд, тэр дундаа Германы өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд уршиг дарамт үзүүлж байна, энэ жил маш сайн ургац авсан үед бүр онцгой гэж DW тэмдэглэжээ. Германы фермерүүд энэ жил төмс, хүнсний ногоо, алим онцгой дээд хэмжээгээр хураан авсан бөгөөд зах зээл судлаачдын үзэж байгаагаар үүний дээр, дэлхийд алим экспортоороо томоохонд ордог Польшийн бүтээгдэхүүн Оросод тавьсан хоригийн улмаас Германы зах зээлд орж ирсэн учир Берлин хотын хүнсний дэлгүүрүүдэд гэхэд таван килограмм алимыг 2,50 еврогоор санал болгож байгааг Berliner Zeitung сонин онцолсон байна.

“Хямдрал зарласан” жагсаалтад орсон нийт 87 бараа бүтээгдэхүүнээс ердөө 18 нь хүнсний бүтээгдэхүүн байгаа бол бусад нь компьютерийн тоглоомоос авахуулаад хавар намрын дулаан пальто, телевизор, шампунь, ноосон цамц, хөргөгч, цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн байгаа аж. Энэ их хямдралын гол шалтгаан нь дэлхийн газрын тосны үнэ доошилж, еврогийн ханш унасан, оны эхнээс ханш өндөртэй байсан уг валютаар хилийн чанадаас түүхий эд худалдан авахад ашигтай байсан бол газрын тосны үнэ доошилсон явдал нийт алдагдлыг бууруулахад хүрсэн хэмээн эдийн засагчид үзэж байгаа аж.

Энэ нөхцөл байдал манай бизнес эрхлэгчдэд тун ашигтай байж болох юм. Гэвч олон улсын тээвэр зуучлал сүлжээний асуудал манайд хүндрэлтэй байдаг учир газрын холоос бүтээгдэхүүн импортлох асуудал ашиггүй байж болно, гэлээ ч үзээд алдахад Монголын хэрэглэгчдэд Герман чанар, Европ стандартын бүтээгдэхүүн боломжийн үнээр олдож болох юм биш үү.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.