
Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түгээмэл шалтгааны нэг нь суулгалт юм. Хүүхдийн нас ба хоолны хэмжээнээс хамаарч өдөрт хүндрэх тоо хэвийн үед янз бүр байдаг ч сүүлийн 24 цагийн дотор гурав буюу түүнээс олон удаа усан, усархаг хүндрэхийг суулгалт гэнэ. Хэвийн тогтоцтой олон удаа хүндэрвэл суулгалт биш. Суулгалт хэрэв 14-өөс цөөн хоног үргэлжсэн бол цочмог суулгалт гэнэ. Цочмог усан суулгалт шингэн алдалтын шалтгаан болох ба тураалд хүргэдэг.
Суулгалтаар өвчилсөн хүүхэд биеийнхээ шингэнийг богино хугацаанд алддаг. Алдсан шингэнийг нөхөхгүй бол хүүхэд шингэний дутагдалд орно. Хэрэв хоол тэжээлийн дуталтай, дархлаа суларсан хүүхэд суулгалтаар өвчилбөл эндэх эрсдэл нь илүү өндөр байдаг. Суулгах бүрийд хүүхэд улам сульдаж, биеийн байдал нь доройтно.
Мөн суулгалтын улмаас хүүхдэд хоол тэжээлийн дутал үүснэ. Суулгалтын үед алдагдсан шингэнийг богино хугацаанд нөхөх зорилгоор эцэг, эхчүүд хүүхдэдээ ердийнхөөс илүү их шингэн уулгах шаардлагатай. Энэ тохиолдолд шингэн сэлбэх давсны уусмал /хоросол/ өгнө. Мөн гэрийн нөхцөлд бэлдсэн давс чихрийн уусмалыг хүүхдэд өгч болно.
Гэрийн нөхцөлд 1 литр буцалгасан усанд атга элсэн чихэр, тал цайны халбага давс уусгаж “хоросол” буюу давсны уусмал бэлдэнэ. Суулгасан хүүхдэд цайрын бэлдмэлийг тохиромжтой үед нь өгвөл хүүхэд илүү хурдан эдгэнэ.
Эцэг эхчүүд өвчтэй хүүхдэд тэжээллэг хоол хүнс өгөх, хэрэв хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ. Мөн хүүхдэд илрэх шингэн алдалтын шинж тэмдгийн талаар эмч, эрүүл мэндийн ажилтнаас асууж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Суулгалтыг гэрээр хэрхэн эмчлэх вэ?
Хэрэв таны хүүхэд суулгалтаар өвдсөн бол гэрээр эмчлэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:
-
Шингэнийг ердийнхөөс илүү их уулгана.
-
Хөхийг хүссэн үед нь ойр ойрхон, аль болох удаан хөхүүлнэ.
-
Хүүхэд зөвхөн эхийн сүүгээр хооллодог бол шингэн сэлбэх давсны уусмал (хоросол) болон цэвэр усыг нэмэлтээр өгнө.
-
Хүүхэд нэмэгдэл хоол иддэг бол дараах шингэнээс өгнө. Үүнд: шингэн сэлбэх давсны уусмал, шингэлсэн усан шөл, будааны шүүс, тараг, хярам, буцалсан ус.
-
2 хүртэлх насны хүүхдэд суулгалт бүрийн дараа буюу суулгалт хооронд 50-100 мл шингэн, • 2 ба түүнээс дээш насны хүүхдэд суулгалт бүрийн дараа буюу суулгалт хооронд 100-200 мл шингэн өгнө.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.