Англичуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Английн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн даваа гарагт Англи даяар хөл хорио тогтоож байгаагаа мэдэгдсэн байна. Хөл хорионы үеэр иргэд зөвхөн хүнсний дэлгүүр орох, дасгал хийх, эмнэлэг болон эмийн сан орох, гэрээсээ ажлаа хийх боломжгүй иргэд ажилдаа явах зэрэг шалтгаанаар л гэрээсээ гарч болох аж.

Их Британийн Нэгдсэн Вант улсад коронавирусын халдвар авсан 6650 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 335 нь уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа юм. Коронавирусын халдварт өвчинд хамгийн ихээр өртөөд байгаа Италид өнгөрсөн 24 цагийн дотор 602 хүн коронавирусын халдварын улмаас нас барж, уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо 6077-д хүрчээ. Харин коронавирусын халдвар авсан иргэдийн тоо урьд өдрүүдийнхээс цөөн байсан нь эрх баригчдын авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Тус улсад коронавирусын халдвар авсан 63 927 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Испанид коронавирусын халдварын улмаас 462 хүн нас барж , уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо 2182-д хүрчээ. Францад энэ мягмар гарагаас эхлэн хөл хориог чангатгаж, гадаа дасгал хөдөлгөөн хийхийг хориглох, гудамжны худалдааг зогсоох, ил задгай худалдаа үйлчилгээ явуулдаг зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргажээ. ОУОХ-ны гишүүн Дик Паундын мэдэгдсэнээр Токиогийн Олимпийн наадмыг коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор нэг жилээр хойшлуулах гэнэ. Нөгөөтэйгүүр ОУОХ-ноос одоогийн байдлаар үүнтэй холбоотойгоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Coronavirus: Pandemic is 'accelerating', WHO warns as cases pass 300,000-н зурган илэрц

ОУОХ Токиогийн Олимпийн наадмын товыг өөрчлөх эсэх шийдвэрээ 4 долоо хоногийн дотор гаргах ч Австрали болон Канадын тал ирэх 7-р сарын сүүлээр болох Олимпийн наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн Их Британийн Нэгдсэн Вант улс Олимпийн наадамд баг тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдээд байна. Коронавирусын халдварын улмаас 481 хүн нас бараад буй АНУ-д мужийн болон хотын удирдлагууд засгийн газраас тусламж дэмжлэг хүссэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын халдвар хамгийн ихээр тархаад буй Калифорни, Нью Йорк болон Вашингтон мужуудад Үндэсний гвардийн цэргүүдийг байршуулахыг тушаажээ.

Энэтхэгийн засгийн газар коронавирусын халдварын дэгдэлтийг хяналтандаа авахын тулд лхагва гарагаас эхлэн бүх дотоодын нислэгүүдээ зогсоож байгаа ба пүрэв гарагаас эхлэн 21 хоногийн хөл хорио тогтоохоор болсон байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо иргэдэд хандан хэлсэн үгэндээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өөрсдийгөө тусгаарлах заавар зөвлөмжийг үл тоомсорлож буй иргэдэд шийтгэл ноогдуулах болно хэмээн хатуу анхааруулжээ. Тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 2091-д хүрээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 24 хүн нас барсан байна. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.