Яамыг сандаргаж, бүтцээ яаравчилсан чуулган

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

ССАЖ-ЫН ЯАМЫГ ТАРААХ УУ?

Ажлын цаг дуусч байх үед нэгэн яамныхны сэтгэл санаа нэлээд зовиуртай байсан биз. Тэр нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам. Ердөө дөрөв тавхан гишүүн эсрэг санал өгчихсөн байсан бол өдийд ССАЖ-ын яам татан буугдчихсан, ширээ сандлаа суллацгааж байхаар байв. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийн зүгээс тус яамыг татан буулгаж чиг үүргийг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал хүчээ авсан юм. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд энэ талаар байхгүй ч “зарчмын санал” нэрийн дор ийн Ц.Оюунгэрэлийн толгойлж буй яамыг сандаргаад авав. 

Р.Гончигдоржийг эс тооцвол амтай бүхэн нь түүний салбарын ажлыг шүүмжилсэн юм. Б.Бат-Эрдэнэ “Монголын төр 2000 оноос эхлэн зөв бодлогоор дэмжсэний үр дүнд спортын хөгжил өссөн. Гэтэл Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжсөнгүй”  гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Татан буулгах гээд байгаа юм биш, ажлыг нь сайжруулж, шинэ бүтцэд шилжүүлэх гээд байгаа хэрэг. Урлагийн байгууллагын мэргэжлийн чадавх алдагдсан, Динозаврын байшин ярьсаар гурван жил өнгөрлөө. Энэ хооронд хэчнээн өв соёл үгүй болов. Динозаврын яс бол өв биш, архелогийн олдвор шүү. Соёлын, спортын, аялал жуулчлалын салбаруудад бүгдэд уналт гарлаа шүү дээ” гэх зэргээр үргэлжилсэн юм.

Өмнө нь Үлэг гүрвэлийн музейн байрыг өг хэмээн МАН-ыхныг шахаж явсан  яам энэ удаад МАН-ынханд шахуулж татан буугдахдаа тулсан нь энэ. Ямартаа ч ССАЖЯ  тарж бутрахад хүрэн алдаад өнгөрлөө. Сайдын сэтгэл уужрав уу, буруу зөрүү ойлголтуудад хариуг нь барих хэрэгтэй гэж шийдсэн үү, твиттерт дахин дуугарч эхлэв. Тэрээр яамнаасаа спортын салбарт зориулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгийн талаарх мэдээллийг жиргэж эхлэв.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМЫГ ЭДИЙН ЗАСАГТАЙ ХОЛБОХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ

Нэр бүхий гишүүдээс Шадар сайд нь Гадаад харилцааны яамыг давхар хариуцах тухай саналд өөрчлөлт оруулах санал гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамны нэрийг "Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны  яам" болгон өөрчлөх байсан юм. Уг санал дэмжигдсэн тул Тэргүүн шадар сайд гэсэн тодотголыг Ерөнхий сайдын өргөн барьсан төслөөс хассан юм.

Үүнтэй холбоотойгоор яамдын нэрийг хэрхэн оноох вэ гэх асуулт гарч ирэв. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй бүтцийн өөрчлөлт, албан тушаалын нэрний талаар О.Баасанхүү гишүүн “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд эсвэл эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэж буй нэршлийг шүүмжилж “Зүгээр л Гадаад харилцааны сайд гээд нэрлэчихэд юу нь болохгүй байгаа юм. Яагаад заавал нэр өөрчлөх гээд байгаа юм. Гадаад улс оронд төлөөлж буй нэршил нь гадаад харилцааны сайд хэмээж байдаг нь илүү оновчтой”  гэсэн юм.  Харин гишүүн А.Бакей “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэдэг нь нэр солигдсоноос биш чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэж шүүмжлэв. Мөн Ж.Энхбаяр гишүүн “Асуудлыг хэт хялбарчилж зээл олж ирж л байвал гадаад харилцааны яамны нэршил, нэр төр ямар байх нь хамаагүй юм байна. Ямар улсын туршлага дээр тулгуурлан гадаад бодлогыг эдийн засгийн асуудалтай холбож байгаа юм бэ. Энэ бол төрийн бодлогын хувьд хортой шийд” гэж буруутгасан юм.

ЗАСГИЙН БҮТЦИЙГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?

Н.Алтанхуягийн өргөн барьсан төсөл дараах зураглалтай. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчлөв. Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтай болгох саналтай байна. Учир нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох саналтай байна. Үүнтэй холбогдуулан одоогийн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцах.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгож хамаарах асуудлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хамааруулж, Төрийн өмчийн хороог  Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулав.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад худалдааны зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа бодлогыг нэмж хамааруулав.

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан зээл, тусламжийн нэгдсэн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг нэмэн хамааруулав.

Харин байнгын хороо, УИХ-ын анхны болоод эцсийн хэлэлцүүлгийн явцад дээрх зураглал үндсэндээ батлагдсан бөгөөд Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдад эрхлүүлэх, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны чиг үүрэгт буй хүнд үйлдвэрийн газрыг  Уул уурхай, эрчим хүчний яаманд нэгтгэх зэрэг саналууд орж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн дараа зарим гишүүдээс томилгоог хэдий хугацаанд шийдэх тухай асуудал хөндлөө. Энэ талаар гишүүн Н.Энхболд “Бүтцийн тухай батлагдан гарсны дараа хүний асуудал, бүрэлдэхүүний тухай гарч ирнэ. Хэрэв бүтцийн асуудлыг шийдсэний дараа хэдий хугацаанд томилгоо, бүрэлдэхүүнийг шийдэх вэ гэдэг нь тодорхой баймаар байна” гэсэн юм. Мөн Ё.Отгонбаяр гишүүн “Бүтэц орон тоо багасч буйн үр дүнд хэмнэлт гарч буй юм бол яагаад цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэрэглэж болохгүй байгаа юм. Гэвч миний энэ саналыг хэлэлцүүлсэнгүй, анхаарал хандуулсангүй өнгөрлөө” гэсэн юм.

Ийн цаг сунган хуралдсан чуулганы хуралдаан өнөөдөртөө засгийн газрын бүтцийн асуудлаа шийднэ гэснийхээ дагуу хуулиа баталж чадсан байна. Төгсгөлд нь сөрөг хүчний гишүүдээс хуулийн найруулга, редакцийн засварыг анхааралтай хийхийг сануулсан юм.

Ийн батлагдсан бүтцээр,

1. Батлан хамгаалах

2. Байгаль орчин, ногоон хөгжил

3. Боловсрол шинжлэх ухаан

4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

5. Зам тээвэр, барилга хот байгуулалт

6. Сангийн яам

7. Соёл спорт, аялал жуулчлал

8. Уул уурхай, эрчим хүч

9. Үйлдвэр, хөдөө аж ахуй

10. Хууль зүй

11. Хөдөлмөрийн яам

12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал

13. Эрүүл мэндийн гэсэн салбарын яамд ажиллах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Б.ЭНХ

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.