Боинг 737 Max онгоцны үйлдвэрлэлээ ирэх сараас эхлэн зогсоохоор шийджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Боинг компани ирэх 1-р сараас эхлэн 737 Max онгоцны үйлдвэрлэлээ тодорхойгүй хугацаагаар зогсоохоор шийдсэнээ мэдэгджээ.

Өнгөрсөн 3-р сард Ethiopian Airlines компанийн Boeing 737 Max зорчигч тээврийн онгоц сүйрч, 157 хүний амийг авч одсон бол 2018 оны 10-р сард Индонезийн Lion Air компанийн Boeing 737 Max онгоц сүйрч далай руу унан 187 хүний амь үрэгдсэн билээ. Дээрх хоёр ослын шалтгаан 737 Max загварын онгоцны программ хангамжинд Боинг компани ноцтой алдаа гаргасантай холбоотойг шалгалтаар тогтоосон ба Боинг компани уг загварын онгоцны алдаа доголдлыг засах хүртэл агаарын тээврийн компаниуд Boeing 737 Max зорчигч тээврийн онгоцоор үйлчлэхээ зогсоосон юм.

Ингээд өнгөрсөн 3-р сараас эхлэн Boeing 737 Max загварын онгоцны захиалга огцом багасчээ. Боинг компанийн хувьд энэ жилдээ багтаан 737 Max онгоцондоо дахин гэрчилгээ авч, үйлчилгээнд дахин гаргахаар ажиллаж байгаа ч уг асуудал 2020 оноос нааш шийдэгдэхгүй гэдгийг АНУ-ын Иргэний агаарын тээврийн удирдлагаас онцолжээ. Boeing 737 Max онгоцны үйлдвэрлэлийг хэдий хэр хугацаагаар зогсоох нь тодорхойгүй байгаа ч Боинг компани хэдийн үйлдвэрлэж дууссан онгоцнуудаа авиа компаниудад борлуулж, хүргэх үйлчилгээндээ илүү анхаарах гэнэ.

Boeing is halting production of the embattled 737 Max starting in January зурган илэрцүүд

Нөгөө талаас АНУ-ын Иргэний агаарын тээврийн удирдлага Boeing 737 Max загварын онгоц тус бүрийг шалгах ба Боинг компани Boeing 737 Max онгоцны аюулгүй байдлыг бүрэн хангаж, үйлчилгээнд дахин нэвтрүүлэхийн сацуу олон нийтийн итгэлийг дахин олж авахаар зорьж байгаа гэдгээ онцолжээ. Боинг компанийн хувьд Ethiopian Airlines, Lion Air компанийн онгоцны ослоор амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд нийт 100 сая ам. доллар, Boeing 737 Max онгоцыг худалдан авсан компаниудад 5 тэрбум гаруй ам. долларын нөхөн төлбөр тус тус олгохоор болсон билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.