Украины хил дээр хамтарсан сургуулилт хийхээр ОХУ Беларусь улс руу цэргээ илгээлээ

Twitter Print
2022 оны 01-р сар 18-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

ОХУ Украины хойд хөрш болох Беларусьтай цэргийн хамтарсан хээрийн сургуулилт хийхээр цэрэг техникүүдээ Беларусь руу илгээж эхэлжээ. Үүнийг барууны орнууд Украин руу цэргүүдээ оруулах оросуудын бэлтгэлийн нэг хэсэг гэж үзэж байна.

ОХУ цэргүүдээ Беларусийн цэргүүдтэй хамтарсан хээрийн сургуулилт хийлгэхээр илгээхээс гадна Украины зүүн хил орчимд цэрэг техник байршуулаад байгаа нь ОХУ Украин руу цэргүүдээ оруулахаар бэлтгэж байна гэсэн таамаглалыг улам бататгаж байна хэмээн барууны орнууд үзэж байна.

Нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг дээр Беларусийн төмөр замаар ОХУ-ын цэргийн машин техникийг Оросын төрийн өмчит галт тэргээр тээвэрлэн орж ирж байгааг харж болох ба Беларусийн Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Александр Вольфович хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улсын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт ирэх 2-р сард зохион байгуулагдахыг мэдэгдсэн ба түүний хэлж байгаагаар сургуулилтанд оролцох Оросын цэргүүд Беларусьт байршаад эхэлчихсэн аж.

Цэргийн зарим шинжээчид ОХУ-ын цэргүүд Украин руу Беларусийн хилээр дамжин орох боломжтой гэж үзэж байгаа ба энэ давуу талаа ашиглан Украины хамгаалалтыг сулруулах аж. Нөгөө талаас зарим нь Беларусь улс ОХУ-Украины асуудалд оролцохгүй гэж үзэж байгаа аж.

Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкогийн хувьд олон улсын дарамт шахалт, хориг арга хэмжээнүүдийн хариуд ОХУ-тай харилцаагаа сайжруулж, Кремлиэс эдийн засгийн тусламж дэмжлэг авахын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины явуулж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэх болсон билээ. Тэрээр ОХУ-Украины асуудал дээрх дундыг баримталсан байр сууриасаа татгалзаж, Крымийн хойг ОХУ-ын эзэмшлийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн билээ.

ОХУ-Беларусийн цэргийн хамтарсан хээрийн сургуулилт нь Беларусийн баруун зүгийн бүс нутагт буюу Украин улсаас гадна НАТО-гийн гишүүн орнууд болох Польш, Литва улсын хил орчим болж өнгөрөх аж.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийн удирдлагууддаа хандан, "Хээрийн сургуулилт эхлэх хугацаагаа яг тодорхой болго, үгүй бол биднийг гэнэт цэрэг зэвсэг цуглуулж, дайн байлдаанд бэлтгэж байна гэж буруутгана." хэмээн үүрэг болгожээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украинтай хиллэдэг бүс нутаг руу танкууд болон ойрын зайн баллистик пуужингийн машинууд зэргийг нэмж илгээсэн талаар мэдээллүүд гарсан билээ.

ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд Анналина Бэрбок ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой өнгөрсөн мягмар гарагт уулзахаасаа өмнө талууд асуудлаа дипломат хэлэлцээрийн зарчмаар шийднэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн ба нөгөө талаас Москва Украины эсрэг дайсагнасан үйлдэл гаргавал "өндөр төлөөс" төлнө хэмээн анхааруулжээ.

ОХУ-Беларусийн цэргийн хээрийн хамтын сургуулилт яг хэзээ болох, сургуулилтанд хэдэн цэргийн албан хаагч оролцох зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч сургуулилтыг ирэх 2-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлснээр Беларусийн хил орчим НАТО болон Украины цэргүүд байршиж эхэлсэнтэй холбоотойгоор хээрийн хамтарсан сургуулилт хийх шаардлага үүссэн хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.