Ё.Лхагвасүрэн: Гэмт этгээдийг илрүүлсэн, одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд “АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” дэлгүүрийн ажилтан Б.Алтанхуяг хэмээх нөхөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг олны анхаарлыг татаад байсан. Харин энэ хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилсан талаар бид өнөөдөр өглөө мэдээллэсэн. Гэмт этгээд нь БЗД-ийн 11-р хорооны нутагт орших хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч нөхөр байжээ. Тэрээр мэдүүлэхдээ талийгаач Б.Алтанхуяг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа тээвэрлэж явсныг мэдэж, шунхайн сэдлээр хүний амь хөнөөсөн гэсэн байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Гэмт этгээд дэлгүүрийн эзэн байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн, гэмт этгээдийг буруутайг бүрэн тогтоосон. Одоо ямар зорилгоор хөнөөсөн зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Сэжигтэн этгээдэд хуулийн ямар заалтаар эрүү үүсгэн шалгаж байна вэ?

-Сэжигтэн П-д Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Тус зүйл ангид “Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

-Борлуулагч залуугийн тээвэрлэж явсан барааг олсон уу?

-Мөрдөн шалгах явцад хэрэгтэн П-гийн дээрэмдэн авсан архи, дарсыг хамаатных нь айлын гараажнаас олсон. Дээрх барааг эд мөрийн баримтаар хураан авсан.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.