Дабль стандарт

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Дабль стандарт гэж нийгмийн нэг хэсгийг нөгөөгөөс илүүд үзэх хандлагыг нэрлэдэг. Монголоор "алагчлал" гэж орчуулж болох юм. Энэ байдал нь нийгмийн шударга ёсыг алдагдуулдаг гол хүчин зүйлийн нэг. Манайд ийм алагчлал нийгмийн ердийн хэв хэмжээ болж, нийгмээ энгийн иргэн, дарга анги албан ёсоор шахуу ангилан, застын дэглэм шиг зүйл тогтжээ.

Алагчлалын жишээг өдөр тутам харж байна. Энгийн иргэд халдварын дэглэмээс болон хайртай хүнтэйгээ уулзаж чадахгүй алдаж байхад, даргын эхнэр халдвартай дэглэмтэй газраар зүгээр орж гараад явж болж байна. Ерөнхий сайдын зөвлөх, ерөнхийлөгчийн найз, олимпын хорооны ерөнхийлөгч энгийн иргэнийг үхтэл зодчихоод эмнэлэгт унтаж байхад гадаа нь цагдаа хүлээж байна.

Та хаана ямар ч ажлаар төрийн ямар ч байгууллагад очсон алагчлалтай нүүр тулна. Хууль, дүрэм журмын дааж давшгүй зохицуулалттай тулгарна, харин даргын танил, хамаатан садан бол асуудал арай хялбар шийдэгдэх учраас ямар нэг таньдаг хүний эрэлд мордох хэрэгтэй болно. Та хууль зөрчвөл хатаа чанга шийтгэлээ хүртэнэ, дарга даамал хууль зөрчвөл аргалаад өнгөрч болно. Төрийн үйлчилгээ, худалдан авалт, лиценз, тендер гээд бүх боломж нөгөө л дарга ангийг илүүд үзнэ. Хуулиа дээдэлсэн оронд дарга даамал, энгийн иргэнд (уг нь бүх хүн энгийн иргэн байх ёстой) хууль адилхан үйлчилдэг, дабль гаргасан албан тушаалтанд дабль шийтгэл ирдэг.

Алагчлалтай нийгэмд шударга ёс яриад хэрэггүй. Алагчлалтай нийгэмд нийгмийн тэгш бус байдал ч улам гаардаг. Алагчлалтай нийгмээс эрүүл сэтгэлгээтэй хэсэг нь дайждаг. Алагчлалтай нийгмийн шударга бус байдалд нухлагдаж зовсон иргэдийн дургүйцэл нийгмийн тогтворгүй байдлыг ч бий болгох аюултай. Үр хүүхдүүдээ алагчлалгүй нийгэмд үлдээчих юмсан.

Төмөрдашийн Баттулга

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.