ХӨСҮТ-д гурав, Дорнод аймагт нэг, Замын-Үүдэд нэг иргэнийг тусгаарлажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.17/ мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллуулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүдийг хаана байрлуулах хуваарийг гаргана. Энэ хүмүүс иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй, татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллана.

Цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэв. Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортолж байна. Барьцалдуулагч бодис тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй" гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 16-ны 20:00 цагийн байдлаар 518 хүүхэд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байгаагаас 83.6 хувь нь амьсгалын замын өвчтэй байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй аж. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнод аймагт нэг, Замын-Үүдэд нэг иргэнийг тусгаарлаад байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.