Мал хулгайлах гэмт хэргээс сэргийлэн адуунд чип суулгаж эхэлжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас санаачлан Жаргалант суманд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд тус аймгийн мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг хангайн Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Заг, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг сумдын ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд, малчин иргэдийн төлөөлөл бүхий 250 гаруй иргэд оролцсон аж.

Зөвлөгөөний үеэр Жаргалант суманд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй малчдын бүлгийн ахлагч гишүүдэд үнэмлэх гардуулан өгснөөс гадна аймгийн хуулийн байгууллагуудын нээлттэй өдрийг зохион байгуулжээ. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бод малыг чипжүүлэхээр “Тэргүүн сүрэг” ХХК-тай хамтран тус сумын нэг өрхийн адуунд тавьж өгсөн байна.

Чипжүүлэх ажлыг эхлүүлсэн “Тэргүүн сүрэг” ХХК нь малын ээмэг, бахь, чип, тариур зэргийг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дохиолол, чипийг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн ажээ. Чип нь тухайн адууны гарал, үүслийн талаарх мэдээллийг агуулдаг бөгөөд нэг ширхэг нь 15000 төгрөгийн үнэтэй, малчид өөрсдөө худалдан аваад бод малын арьсан дор тариураар суулгах боломжтой. Харин чип уншигч нь 650 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сумдын Мал үржлийн албаны ажилтануудаар дамжуулан ҮХААЯ-аас олгосон тусгай кодоор мэдээлэл нь уншигдах боломжтой гэнэ. Уг уншигч нь Цагдаагийн байгууллага болон сумдын багууд, дамжин өнгөрөх постуудад байрших бөгөөд дохиолол нь мэдээлэл өгч, тухайн малын  байршлыг сансарын хиймэл дагуул /GPS/-ын тусламжтайгаар тогтоох аж.  Нэг бүр нь 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй уг уншигч нь одоогийн байдлаар 12 км-т мэдээлэл өгөх гэнэ. Цаашид 40 орчим км хүртэл зайд ажиллуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа хэмээн тус компаний зүгээс малчдад мэдээлэл өгсөн байна.

Уг зөвлөгөөний үеэр хангайн зургаан сумдын нийт 30 адуучин залуу оролцсон “Адуучин” тэмцээнийг зохион байгуулан явуулж, эхний гурван байр эзэлсэн адуучдад ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраас шагнал гардуулан өгчээ.

 П.Наран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.