
УИХ-ын гишүүн асан М.Билэгттэй ярилцаж байна
-Та сайн байна уу? Хаагуур зусч, намаржиж байна даа?
-Сайн сайн. Би чинь Их хурлаас “хөөгдсөн” ч их ажилтай хүн шүү дээ. Компанийхаа ажил дээр голлоод нутаг усандаа хийх ажлаас гар сэтгэл хоёр салдаггүй юм.
-Сүүлийн үед УИХ–ын гишүүн Ж.Чинбүрэн та хоёрын маргаан хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сенсаци болоод байснаа одоо бүр хууль хяналтын байгууллагын хүрээнд яригдах боллоо гэх юм. Энэ тухай л ний нуугүй яриа сонсмоор байна?
-УИХ–д сууж байгаа Ж.Чинбүрэн эмчид сайн гар, сайхан авъяас заяаж. Ганцхан, хүний сайхан сэтгэл дутсан. Би, маргааны гол сэдэв болсон өндөр хөгжилтэй орны стандартаар барьсан 120 ортой эмнэлгийн шинэ барилгынхаа талаар эхэлж танилцуулмаар байна. Би чинь зах зээлийн нийгэмтэй зэрэгцээд л бизнесийн мөр хөөж, ёстой л “Тамирын голын мөсийг долоох” шахам явж “Ачлал трейд” компанийг байгуулсан хүн. Худал хэлж, хулгай хийж олсон ганц зоос ч над байхгүй. Зөв тордоод авбал улс эх орон ард түмэнд маань хэрэгтэй зүйл хаана юу байна гэдгийг үргэлж харж явдаг.
2000-аад оноос хойш иргэд маань Эрээн, Хөх хот, Бээжин гээд цаашлаад Солонгос, Япон, Тайланд, Энэтхэг гээд гадаад руу л оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явдаг болсныг хараад би яаж энэ бүхэнд өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэж байнга бодогддог болсон. Ингээд Монголдоо өндөр хөгжилтэй орны олон улс оронд сүлжээтэй эмнэлгийн салбарыг оруулж ирэх гарцыг хайж эхэлсэн дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан эмнэлгийн барилгын цогцолбор байгуулж байж өөрөөр хэлбэл савыг нь бэлдчихвэл өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын менежментийн баг оношлогоо эмчилгээнийхээ тоног төхөөрөмжтэйгөө Монголд салбараа нээх боломж бүрдэх юм байна гэдгийг ойлгосон. Анх уг барилгыг эхлүүлсэн санаа маань ердөө л энэ. Олон жил бизнес эрхэлсэн хүний хувьд цуглуулсан хөрөнгөөрөө олон түмэнд хэрэгтэй зүйл хийе гэж бодож өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан “Эмнэлгийн барилга” барих төсөл санаачлан хэрэгжүүлэхээр гэр бүлээрээ ярилцаж шийдээд ХСҮТөвийн хажууд 2008 онд баригдаж 3-н жил болсон байсан орон сууцны барилгын суурийг 2010 оны сүүлчээр худалдан авч 10 шахам жилийн хугацаанд олон олон бэрхшээлийг даван туулж энэ эмнэлгийн барилгыг бариагүй байсан бол өнөөдөр энд орон сууцны барилга л баригдах байсан даа. ХСҮТ-ийн удирдлагууд үнэхээр л хавдрын өвчтэй иргэдийнхээ төлөө санаа тавьдаг байсан бол өөрийн мэдлийн газар дээрээ 2016 оноос 5-н орцтой 10-н давхар (+B1) орон сууцны барилгыг эхлүүлэхгүй байх байсан юм шүү. Бид эмнэлгийн барилгаа олон улсын стандартын дагуу барьж, өндөр хөгжилтэй орны мэргэжлийн багийг оруулж ирэхээр төлөвлөн, олон улсын мэргэжлийн байгууллагаар ТЭЗҮ-ийг хийлгэж, гадаад орнуудаас хамтран ажиллах эмнэлгүүдийг хайж байсан юм. Хийсэн бүтээснийг маань хамгийн их ойлгож, дэмжинэ гэж найдаж итгэж байсан ХСҮТ-ийн удирдлагууд, ЭМЯ-ны удирдлагууд эмнэлгийн барилгын төслийг маань ийнхүү 6 жилийн турш гацааж байгаа ч хавдрын өвчиндөө зовж шаналж байгаа ард иргэддээ тус нэмэр болно гэсэн сэтгэл намайг тайвшруулж байна даа.
Үнэндээ, Монгол Улсын эрүүл мэндийн салбар, төр засаг хийж чадаагүй, орчин үеийн эмнэлгийн чанар стандартыг бүрэн хангасан зураг төслөөр нийт 10000 м2 талбайтай, 12 давхар, 120 ортой эмнэлгийн барилгын цогцолбор томоохон бүтээн байгуулалтыг 10-аад жилийн хугацаанд би өөрийнхөө хүч хөрөнгөөр босгочихсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Хавдар судлалын үндэсний төвийн хоёрдугаар корпусыг барьчихсан хүн. Хоёрхон жилийн дотор эмнэлгийн барилгын цогцолборын маань эхний хэсэг болох 12 давхар барилга маань баригдаж, дотор засал эмнэлгийн тоног төхөөрөмжөөс бусад нь бэлэн болчихсон. Үнэндээ 2014 онд Ж.Чинбүрэн эмчид итгэж хамтран ажиллахаар тохиролцоогүй байсан бол энэ эмнэлэг маань дор хаяж 3 жилийн өмнө ашиглалтанд орж, хавдрын өвчнөөр шаналсан олон мянган хүнийг эмчилж эдгэрүүлэн олон гэр бүл элэг бүтэн байх байсан даа.
-Ж.Чинбүрэн эмч яагаад таны барилгатай холбогдчихдог билээ?
-2014 онд Ж.Чинбүрэн эмч ХСҮТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Ж.Чинбүрэнг сайн эмч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, гадны орнууд урьж мэс засал хийлгэдэг мундаг эмч гэж олон нийт ойлгодог, би ч бас тэр хэмжээгээр хүндэлж итгэсэн маань алдаа болсон л доо. Тухайн үед эмнэлгийн барилгын төсөлтэй минь холбогдуулан Ж.Чинбүрэн эмч манай компанид санал тавихад нь Олон улсын эрүүл мэндийн салбарт хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагууд Ж.Чинбүрэнг өндрөөр үнэлдэг, харилцан холбоотой ажилладаг учраас тэд хавдрын чиглэлд Монголын зах зээлийг сонирхвол Ж.Чинбүрэн эмчтэй холбогдох тул гадны орноос менежментийн баг татах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүн хэрэгтэй гэж үзэн итгэж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ачлал трейд ХХК-тай санамж бичиг байгуулсан юм.
Тэр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн 1.1-т “...эмчилгээ оношлогооны төвийн 1-р хэсгийн эмнэлгийн цогцолборын үйл ажиллагааг эхлэх бэлтгэлийг хангаж, байнгын удирдлагын багт шилжүүлэн өгөхөд оршино”, 3-р зүйлд “....эмнэлгийн цогцолборыг Монгол Улсын иргэд ба эмчилгээ хийлгэх гадаадын жуулчдад дэлхийн тэргүүний анагаах ухааны үйлчилгээг хүргэх зорилгоор санамж бичиг байгуулав” гэж амлалт өгөн хууран мэхлээд 2.1-р зүйлд “... тухайн асуудлаар дахин зөвлөх ба бусад этгээдийг ажиллуулахгүй бөгөөд бусад этгээдэд хандахгүй” гэсэн заалтаар барьцаалан ЭМ–н салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын хувийн хэвшлийнхэнтэй хийж байсан яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн сэргээж энэ эмнэлгийн барилгыг ашиглаж эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах бүх боломжийг маань хаасан даа.
Ингээд Ж.Чинбүрэн эмч 2014.09.23-ны өдөр гаднаас менежментийн баг зуучлах нэрээр хамтран ажиллах сарын 10000 ам долларын гэрээ байгуулан 2014 оны 9,10,11,12-р сар; 2015 оны 1,2,3,4,5-р сар гээд бүтэн 9-н сарын хугацаанд нийт 90,000 ам.доллар авсан бөгөөд үр дүн гарахгүй болохоор аргагүйн эрхэнд гэрээгээ цуцалъя гэж мэдэгдэл хүргүүлсэн байсан юм. Дараа нь 2018 онд Ж.Чинбүрэн захирал шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын дотоод заслыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгч компани санал болгосны дагуу “Нэкст натур” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г нийт 1,270,000,000 /нэг тэрбум хоёр зуун далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий барилгын дотоод заслын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэж, түлхүүр хүлээлцэх нөхцөлтэйгээр хийсэн. Энэ компанийн удирдлагууд эхлээд гэрээний нийт үнийн дүнгийн 20% буюу 254 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төл гэснээр нь уг төлбөрийг манай компани шилжүүлсэн. Ингээд гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг хийсэн боловч уг компани нь хагас жилийн хугацаанд гэрээний дагуу эмнэлгийн барилгын дотоод заслын ажлаа хийж гүйцэтгэлгүй байсаар 2018 оны долоодугаар сарын 19–ны өдөр хүргэсэн. Наймдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой шүү дээ. Энэ 7-н сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ажлынхаа 5 ч хүрэхгүй хувийг хагас дутуу чанаргүй гүйцэтгэсэн гэдэг нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох “Цэц-Эксперт” ХХК-ийн хэмжилтийн тайлангаар дүгнэгдсэн. Сүүлд мэдсэн чинь энэ компани нь Ж.Чинбүрэнгийн төрсөн дүү Ж.Чинтулгын компани байсан бөгөөд дүүгийнхээ компанид урьдчилгаа мөнгийг олгуулаад л санаа амарсан байгаа юм.
-Ж.Чинбүрэн эмч танай компаниас ер нь хэдий хэмжээний мөнгө аваад УИХ луу явсан юм?
-2014 оноос хойш Ж.Чинбүрэн эмч 3 удаагийн үйлдлээр 90000 ам доллар, 254,000,000 төгрөгийг манай компаниас авч зөвхөн манай компанид төдийгүй хавдрын өвчнөөр шаналж байгаа олон мянган хүн, олон мянган гэр бүлд асар их хэмжээний хохирол учрууллаа. Дээр дурдсан тоо бол зөвхөн мөнгөн дүн нь шүү дээ. Гол нь, энэ эмнэлгийн барилгаа ашиглалтанд оруулсан байсан бол нэгдүгээрт, амбулаторийн үзлэг хийх 12 кабинет байгуулагдана, ингэснээр 40 шахам жилийн өмнө ашиглалтад орсон хуучин байранд үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ-ийн хүчин чадал 74 хувиар нэмэгдэх байсан. ХСҮТ-д үзүүлэхээр, эмчлүүлэхээр оочерлож байгаа иргэдийн хүлээх хугацаа 2-3 дахин буурч, төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд 2-3 дахин хүртээмжтэй хүрэх байсан.
Бас хөдөө орон нутгаас ирээд хэдэн сараар эмчлүүлж байгаа хүмүүс ХСҮТ-ийг тойрсон жижиг буудлуудад байрлаж, ах дүүгийнхээрээ хоног төөрүүлэхгүй, маш хямд өртгөөр эмнэлгийн барилгын тусгайлан бэлтгэсэн өрөөнүүдэд хүнд өвчтэй хүнтэйгээ ойрхон хажууд нь шахуу байж, сахих боломжтой болох байсан. Ялангуяа химийн эмчилгээнд орох гэж өглөө ирж, орой буцдаг хүмүүс ингэж ядрахгүйгээр эмнэлэгтээ байрлаж эмчилгээ үйлчилгээгээ авах боломж бүрдэх юм шүү дээ. Химийн эмчилгээнд орно гэдэг зүгээр нэг эм, тариа хийлгээд гарахтай адил биш. Өдөрт хэдэн цагаар сандал дээр эгнээд сууж байдаг. Тэдний дотор нь муухай болно, толгой нь эргэнэ. Өглөө ирээд, орой ядарч зүдэрсэн амьтад буцаж байхаар эндээ байрлаад эмчилгээгээ авсан бол хэчнээн үр дүнтэй, бас эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх байсан бол? Ингээд бодохоор манай компани төдийгүй Монголын ард түмэн үр дүнг хүртэх ёстой байсан эмнэлгийн орчин үеийн стандартад нийцсэн энэ барилга маань улсын комисс нь хүлээж аваад, түрээсийн мөнгө нь улсын төсөвт батлагдсан хэрнээ зальтай, шунахай ганц нэгхэн хүний увайгүй үйлдлээс болоод одоо хүртэл ашиглагдаагүй байж байна шүү дээ.
-Ж.Чинбүрэн эмчийг чинь манай ард түмэн бараг л бурхан шиг шүтэж, өнөө жилийн их хурлын сонгуулиар тэр хүндтэй сэнтийд суулгачихлаа. Гэтэл таны ярьж байгаагаар бол...?
-Энэ хүний дотоод мөн чанар сүүлийн үед улам л тодорхой болж байна. Манай барилгыг өргөтгөлөө болгоод түрээсэлж ашиглана гээд “Бусад этгээдэд хандахгүй” гэж байсан хүн чинь 2020 оны сонгуулийн өмнө, манай эмнэлгийн барилгыг ХСҮТ–ийн өргөтгөлөөр түрээслэхийг эрс эсэргүүцэн, уг асуудлыг улс төржүүлж бүх бурууг манай компани руу чихэж эхлэсэн. Өөрийнхөө бүх булхайг нуун дарагдуулсан. Сошиалд намайг зүйл бүрээр гүтгэн доромжилж бичүүлсэн. Энд хамгийн гол нь гэрээ хэлцлүүддээ эхнээс нь
”... хамтрагчийн нууцыг чандлан хадгална”... гэсэн өгүүлбэр оруулдаг байсан. Би түүнийг нь огт анзаардаггүй байж. Тэр чинь “би элдэв янзын булхай хийнэ. Түүнийг л гадагш нь гаргаж болохгүй” гэсэн утгыг агуулж байж л дээ. 2019.10.20-нд Ж.Чинбүрэн эмч өөрийн цахим хуудаснаа “Би ХСҮТ-д тасралтгүй 22 жил ажиллахдаа өвдсөн зовсон, аврал эрсэн хүмүүст яаж туслах тухай бодож, зорьж баг хамт олноороо хичээн ажилласнаас ямар нэг гавьяа шагнал авах хүсэл, зорилго агуулаагүй. Өвчин зовлонг ялах гарц, арга зам ярьж дуугарахаар өөдөөс хүнд өвчнөөр шоудлаа гэнэ, эсвэл гавъяа шагнал ярих. Энэ мэтээр бидний хүсэл зорилгыг бүү мохоо!.. гэж ярьж байсан хүн 45 хоногийн дараа гавъяатаа аваад “... сүүлийн 3-н жилийн турш хорт хавдрын тусламжийг чанартай хүртээмжтэй болгох гэж байсан эрхэм зорилгоосоо буцчихсан даа!
-Ж.Чинбүрэн эмч маань УИХ–ын гишүүн болчихсон. Өөрөө бол шийдвэр гаргуулах түвшинд очиж байж эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийнэ гээд байгаа. Тэгтэл олон түмэн, арай өөр өнцгөөс нь хараад байх шиг?
-Хавдар судлалын үндэсний төвийн дарга гэдэг өндөр албан тушаалд байсан хүн гэв гэнэтхэн УИХ–ын сонгуульд өрсөлдсөн нь ард түмэндээ сайндаа ч биш, хийсэн гэмт үйлдлүүдээсээ зугтаан, УИХ–ын халдашгүй дархан эрх гэдэг “окопонд” орж нуугдах л гэж яарсан байх. Та бүхэн харж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд Ж.Чинбүрэнгийн тухай шинэ шинэ ноцтой зүйл гарч ирсээр л байгаа шүү дээ. Зөвхөн манай компанид л гэхэд дээр дурдсанчлан 3 удаагийн үйлдлээр хохирол учруулсан. Бас цахим орчинд Чинбүрэн эмчийн талаар асар олон фактууд гарч ирсээр байгаа. Чинбүрэн эмч өөрийн найзын нэр дээрх “Мед портал” гэх эмнэлэгт ХСҮТ–ийн 40–өөд өрөөг түрээсээр эзэмшүүлж, ядарсан хүмүүст оношилгоог маш их өндөр үнээр шахаж байна. Их асуудал бий шүү. “Тэнд тавьсан аппарат яг хэнийх вэ? гэтэл өвчитнүүд оочер дараалал хүлээн, зовж шаналж, арай ядан өдөр хоног тоолон хүйтэн шалан дээр хэвтэж байдаг юм билээ. Дарга нар хардаггүй юм уу!” гэж сошиалд бичсэн байна. Бас, Энэрэл гэж хүний бичсэн коммент байна: “...Чинбүрэн хавдар судлалд Улсын эмнэлэг дотор өөрийн хувийн аппарат аваачаад тавьчихсан, улсын үнэгүй аппарат байсаар байтал өөрийн үнэтэй рүүгээ явуулдаг...” гэх зэрэг маш олон баримтуудыг дурдаж болохоор байна.
-Би боддог байхгүй юу. Тэр сайхан эмнэлэг баригдчихаад өчнөөн жил болоход ашиглаж чаддаггүй. Даан ялангуяа энэ цар тахлын үед эмнэлгээс чухал юм алга болчихоод байхад тийм сайхан байрлалтай эмнэлэг яагаад ажиллаж болоогүй юм бол гэж гайхдаг л даа. Учрыг нь сайн ойлголоо. Хэдэн мянгаар биш, хэдэн зуун сая, тэрбумаар хохироно гэдэг танд үнэхээр хүнд байгаа биз?
-Хүндээр барахав. Насаараа хөлс хүчээ шавхан байж хураасан хэдэн төгрөгөө нэг хүнд залилуулчихна гэдэг чинь үнэхээр хэцүү юм. Би өөрийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж 2010 оноос эхэлж эмнэлгийн барилга бариагүй бол энэ газарт орон сууцны барилга л баригдах байсан. ХСҮТөв улсын эмнэлэг өөрийн мэдлийн газар дээрээ 2016 оноос 5-н орцтой 10-н давхар орон сууцны барилга эхлүүлж байхад би тэр үед орон сууцны барилгын суурь худалдаж аваад өндөр хөгжилтэй орны стандартын дагуу эмнэлгийн барилгын цогцолбор байгуулахын тулд тухайн үед 23сая ам.доллар буюу 28-30 тэрбум төгрөгөөр Японы мэргэжлийн багаар ТЭЗҮ хийлгэж, олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нөхцөл байдлын үнэлгээ гаргуулж ер нь л эхнээс нь олон улсын эмнэлгийн стандарт шаардлагад нийцэх хэмжээний томоохон эмнэлгийн цогцолбор байгуулахаар зориглосон.
Шинэ эмнэлгийн барилгын угсралтын ажилд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас арилжааны ам.долларын зээл авч барьж дуусгасан бөгөөд зөвхөн зээлийн хүүний төлбөрт сар бүр 135 мянган ам.доллар, жилдээ 1.6 сая ам.долларын буюу одооны ханшаар 4,9 тэрбум төгрөгийг төлдөг. Гэтэл ХСҮТ-ийн өгсөн жагсаалтад эмнэлгийн барилгын түрээсэнд 3.7 тэрбум төгрөг төлөхөөр тусгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 11 мянган ам метр талбайтай энэ том барилгад хавдрын эмнэлэг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ХО болон урсгал зардлын санхүүжилтэд улсын төсөвт суугдсан дүнгээс байрны түрээсийн 1 жилийн зардалд 3.7 тэрбум төгрөг л баталсан. Тиймээс энэ л үнийн дүнгээр түрээсийн гэрээ хийгдэхээр тохиролцсон байсан.
Хавдрын өвчтэй иргэддээ эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хямд хүргэх ЗГ–ын саналыг дэмжиж өөр дээрээ жил бүр 1.3 тэрбум төгрөгийн эрсдэл үүрч байгааг нь жинхэнэ ард түмнээ гэсэн чин сэтгэл биш үү? Үүний ард хорт хавдар гэдэг өвчнөөр зовсон ард иргэд минь байна.
-Одоо тэгээд та яая гэж бодож байна? Цаад хүн чинь халдашгүй дархан эрхтэй болчихсон. Их мөнгөтэй, баян тансаг хүн яаж ч маргаад нэмэргүй юм биш үү?
-Явнаа явна. Хууль хяналтын бүх байгууллагад шалгуулахаар хандсан байгаа. Хамгийн сүүлд Авилгатай тэмцэх газрын удирдлагад хандаад байна. Нэг үеэ бодвол шудрага үнэний салхи сэвэлзэж байх шиг байна. Даанялангуяа, Авилгатай тэмцэх газрын З.Дашдаваа тэргүүтэй шинэ удирдлагууд нэлээн тууштай ажиллаж эхлэлээ. Би гүтгүүлж доромжлуулсан нэр төрөө сэргээж, эмчийн баг өмссөн Ж.Чинбүрэнгээс сэтгэл санааны болон эд материалын хохирлоо бүрэн төлүүлж авна гэдэгт итгэлтэй байгаа.
Миний энэ ажлыг Эрүүл мэндийн яамны удирдлага, тухайлбал сайд асан Д.Сарангэрэл чин сэтгэлээсээ дэмжиж байсанд баярлаж явдаг. Монголд ганцхан байгаа Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар төв эмнэлэг, улсын 3-р төв эмнэлэг зэрэг эмнэлэгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд манай шинэ эмнэлгийг ашиглаж хамтран ажиллах гарц байна гэж харж байгаа. Жишээ нь: “Тархи нугасны мэдрэлийн мэс заслын” тасаг Монгол Улсад ганцхан Улсын 3-р төв эмнэлэгт байгуулагдаад 50 жил болж байгаа бөгөөд “Тархи, нугасны мэдрэлийн” хорт хавдрын мэс заслыг энэ тасаг дээр л хийдэг. Зөвхөн 2019 онд тархины хавдар 245, нугасны хавдар 41, нийт 286 хавдрын хагалгаа хийгдсэн. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг бөөр урологийн хавдрын мэс заслыг өдөр бүр хийдэг, зөвхөн 2019 онд хортой, хоргүй хавдартай 3034 өвчтөн хагалгаанд орсон.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслаа амжилттай хийж дэлхийд эрэмбэлэгдлээ. Энэ мэтчилэн улсын 1, 2, 3-р төв эмнэлгүүдэд олон мянган хортой, хоргүй хавдрын мэс заслууд хийгддэг боловч зөвхөн туяа, хими эмчилгээг ХСҮТөв дээр хийлгэхээс болоод үйлчлүүлэгчид нь алга болчихоод энэ 1, 2, 3-р эмнэлгийн мэс заслын эмч нар үйлчлүүлэгчийнхээ эмчилгээний эцсийн үр дүнг хянах боломжгүй болдог.
Хавдрын эмнэлэгт химийн эмчилгээг 21-24 хоногийн зайтай хийлгэх ёстой байдаг юм билээ. Хавдар дахиж гарсан үед бас хими эмчилгээнд орж байна. Оочер нь дийлдэхгүй саяхан ээлж эмчилгээгээ 37 хоногийн зайтай хийлгэсэн хүмүүс Солонгосоос үс унадаггүй гаж нөлөө байхгүй химийн тариа өөрсдөө авчирч хийлгэж байна. Боломж бололцоо муутай иргэдийн хийлгэж буй эм тарианаас тэс өөр. Ийм хэцүү, хавдрын өвчиндөө шаналсан иргэд Монгол Улсад ганцхан хавдрын эмнэлэг дээр оочер дараалал ихтэйгээс болж туяа, хими эмчилгээгээ хугацаандаа ч хийлгэж чадалгүй өвчин нь сэдэрч, амь эрсдэж байгааг төр засаг анхаарч зохицуулалт хийх байх гэдэгт итгэлтэй байна. Буянтай үйлс заавал ялдаг жамтай.
Г.ЖАМЬЯН
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.