В. Путин: ОХУ Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлнэ

Twitter Print
2022 оны 08-р сар 15-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын төрийн өмчит KCNA агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хоёр улс хамтын хүчээр бүх талын харилцаагаа үр дүнтэйгээр өргөжүүлэх болно хэмээн мэдэгджээ.

Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Унд Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний ойн баярын өдөрт зориулж илгээсэн захидалдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин талууд харилцаагаа сайжруулах нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэхээс гадна Солонгосын хойг төдийгүй Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд илгээсэн хариу захидалдаа хоёр улсын нөхөрлөл Дэлхийн 2-р дайны үед Солонгосын хойгийг эзэлсэн Япон улсыг ялсны үндсэн дээр тогтсон. Энэ цагаас хойш хоёр улсын стратеги болон тактикийн хамтын ажиллагаа, туслалцаа дэмжлэг, эв санаа зэрэг нь дайсагнасан цэргийн хүчний заналхийлэл, өдөөн хатгалтын эсрэг хамтын тэмцлийн ачаар шинэ түвшинд хүрсэн хэмээн Ким Жон Ун захидалдаа онцолжээ.

Дайсагнасан цэргийн хүч гэсэн нэр томъёогоор Ким Жон Ун хэнийг илэрхийлсэн нь тодорхойгүй ч хойд солонгосчууд уг нэр томъёог АНУ болон АНУ-ын түнш орнуудыг тодорхойлоход ашигладаг билээ. Ким Жон Уны бичсэнээр хоёр улсын хамтын ажиллагаа 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй хийсэн гэрээний үндсэн дээр цаашид сайжрах аж.

Өнгөрсөн сард БНАСАУ Украины Донецк болон Луганск мужуудыг тусгаар тогтносон, бие даасан улс гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэний дараа Украины тал Пхеньянтай бүх талын харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.