Huawei компанийн Санхүү хариуцсан захирал суллагдаж, эх орондоо буцлаа

Twitter Print
2021 оны 09-р сар 26-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Хятадын харилцаа холбооны Huawei компанийн Санхүү хариуцсан захирал Мэнь Ванжоу АНУ-ын Хууль зүйн яамтай зөвшилцөлд хүрч, эх орон руугаа буцжээ.

Уолл Стрит Жорнал сонинд бичсэнээр АНУ-ын Хууль зүйн яамтай хийсэн гэрээний дагуу Мэнь Ваньжоу АНУ-ын хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Huawei компанийг үндэслэгч Рэн Жэньфэйн охин Мэнь Ванжоуг АНУ-ын хүсэлтээр 2018 оны 12-р сард Ванкуверийн нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан билээ.

Түүнийг АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн, HSBC банкаар дамжуулж хууль бус шилжүүлэг хийсэн хэмээн буруутгаж байсан юм. Тэрээр Канадад гэрийн хорионд 3 жилийг өнгөрүүлээд байсан юм.

Түүнийг АНУ-д шилжүүлэх шүүх хурал 2019 оны 3-р сард эхэлсэн ба шүүх ажиллагаа 2021 оны 8-р сар хүртэл сунжирсан билээ. Мэн Ванжоуг саатуулсны дараахан БНХАУ-ын эрх баригчид Канадын 2 иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилж, хорих ял оноосон юм.

Бээжин Канадын 2 иргэнийг баривчилсан явдал нь Мэнь Ванжоугийн хэрэгтэй огт холбоогүй хэмээн удаа дараа мэдэгдсэн ч ажиглагчид Мэнь Ванжоу суллагдсанаар АНУ-Хятадын харилцаа сайжирч, Хятадад хоригдож буй Канадын 2 иргэнийг эх оронд нь буцаахад түлхэц болж өгнө гэж үзэж байна.

Канад дахь гэрийн хорионоосоо суллагдсан даруйдаа Мэнь Ванжоу Хятадын Шэньжен хот руу нисэх Air China компанийн онгоцонд суужээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.