
Их Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс олонхын саналаар Консерватив намын даргаар сонгогдсоноор Их Британийн Ерөнхий сайдаар томилогдлоо.
47 настай Л. Трасс Консерватив намын 140 мянган гишүүд дунд явуулсан санал хураалтаар өрсөлдөгч болох Их Британийн Сангийн сайд Риши Сунакийг олонхын саналаар ялж, Их Британийн Ерөнхий сайдаар томилогдож буй 3 дахь эмэгтэй улстөрч болж байгаа юм.
Консерватив нам нь Их Британийн парламентын олонхыг бүрдүүлдэг учраас тус нам өөрийн нам дотроо санал хураалт явуулж, Их Британийн шинэ Ерөнхий сайдыг томилох эрхтэй аж. Их Британийн 15 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лиз Трасс эдийн засгийн томоохон асуудлууд тэр дундаа эдийн засгийн уналт, хөдөлмөрийн салбарын хямрал, айл өрхүүдийн эрчим хүчний төлбөрийн өсөлт, эрчим хүчний хомстол зэргийг шийдвэрлэх даалгаврыг хүлээж авч байгаа билээ.
Ялалт байгуулсныхаа дараагаар Лиз Трасс, "Би Консерватив намын гишүүний хувиар кампанит ажлаа явуулсан одоо Консерватив намын гишүүний хувиар улсаа удирдах болно. Татварыг хөнгөлөх, эдийн засгаа өсгөх зоригтой алхмуудыг хийх болно. Иргэдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн асуудлаас гадна эрчим хүчний хангамжний тал дээр олон жилийн турш тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэнэ." гэж мэдэгджээ.
Энэ мягмар гарагт Ерөнхий сайд Лиз Трасс хэрэгжүүлж эхлэх бодлогуудынхаа заримыг танилцуулах ба үүнд эрчим хүчний компаниудад хэрэглэгчдийн төлбөрийг царцаах эсвэл бууруулахад нь шаардлагатай зээл олгох шийдвэр багтах аж. Лиз Трассын хувьд айл өрхүүд, бизнесийн байгууллагуудыг эрчим хүчний үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах нь хамгийн том шийдвэрлэх асуудал нь болоод байгаа юм.
Эрчим хүчний үнээ барьж, хэрэглэгчдийн төлбөрийг царцааж, бууруулах зорилгоор зээл авсан эрчим хүчний компаниуд нь зээлээ ирэх 10-20 жилд төлж дуусгах ёстой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.