Жар гарчихсан гэхэд ануухан эр шүү, төрсөн өдрийн мэнд хүргэе, Путин

Twitter Print
2016 оны 10-р сар 07-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Жар гарчихсан гэхэд ануухан эр шүү, энэ Путин. Бүр гялалзсан эр гэж хэлэхэд таарна. Өнөөдөр тэрээр 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Аравдугаар сарын 7-нд төрсөн юм билээ. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өмнө хэлж байсанчлан Путин төрийн эрх барьсан 16 жилийн хугацаандаа өнгөрсөн хоёр жил л төрсөн өдрөөрөө амарсан. 2014 онд "маш шахуу, хүнд ажилтай, хоногтоо бараг нойр авах завгүй" байсан учраас амралт авч байсан гэнэ. 

Өнгөрсөн жилийн тэр амралт нь цаанаа учиртай байжээ. Тэрээр 2014 оны аравдугаар сарын 8-нд Сибирийн холбооны тойрогт зохион байгуулсан албан ёсны үйл ажиллагаанд оролцох байсан учир газар дөхөж амрахыг хүссэн болохыг нарийн бичгийн дарга нь тэмдэглэн үлдээжээ.

Төрсөн өдрөөр нь Путинд баяр хүргэсэн асар их захидал ирдэг бөгөөд тэр бүгдийг нь ерөнхийлөгчийн номын санд хадгалахаар шилжүүлдэг бол хувийн бэлэг сэлтээ Путин өөртөө үлдээдэг аж.

Харин өнгөрсөн жилийн энэ өдөр Москва хотноо ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулсан "Путины 12 гавьяа" нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Уг үзэсгэлэнд "Немейн арсланг багалзуурдалт-терроризмын эсрэг тэмцэл", "Лернейн олон толгойт лууг мөхөөсөн нь – хориг арга хэмжээний хариу", "Стимфалийн шувуудыг устгасан нь – Сирийн бөмбөгдөлтийн дүр зураг", "Керинейн марал бугыг барьсан нь – Сочигийн Олимп", "Эриманфийн бодонг номхруулж, кентавруудтай тулалдсан нь – олигархиудыг устгасан", "Авгиевын адууны жүчээг цэвэрлэсэн нь – авилгатай хийсэн тэмцэл", "Критийн бухыг номхруулсан нь - Крым", "Диомедийн хүлэгийг хулгайлж, морьдоо хүний махаар хооллодог Диомедийн хааныг ялсан нь – Францын "Мистрали" нисэх онгоц тээгч хөлөг онгоц худалдан авах гэрээ, "Амазоны дайчин бүсгүйчүүдийн хатан хаан Ипполитын бүсийг хулгайлсан нь - Байгалийн хийн өмнөд урсгал", "Гурван толгойт аварга биет Герионы үхрийг хулгайлсан нь – Хятадтай хийсэн байгалийн хийн гэрээ", "Гесперидийн цэцэрлэгээс алтан алим хулгайлсан нь – Украйны хямралыг зохицуулах "Минскийн эвлэрэл", "Церберийн нохой Аидыг хамгаалагчдыг номхруулсан нь – АНУ-ын эсрэг тэмцэл" гэх зэрэг хачин сонин нэр өгсөн уран зургууд тавигдсан нь хэвлэл мэдээлийнхэнийг гайхашруулж байна.

В.Путины 2013 оны төрсөн өдөр хэрхэн өнгөрсөн бэ?

ОХУ-ын ерөнхийлөгч 2013 онд төрсөн өдрөө Индонезийн Бали арал дээр, Ази Номхон далайн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр тэмдэглэсэн. Путин тэр өдрийн өглөө хуралдааны танхимд хөл тавихад Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно гитар хөгжим тоглож Happy Birthday to You дууг дуулж байсныг дэлхий дахин эргэн санаж байна.

Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчид, төрийн тэргүүн нар энэ үед түүнийг дагалдаж алга ташин байхад АНДЭЗХ-ны уулзалтыг зохион байгуулсан Индонезийн Үндэсний зохион байгуулах Хорооны дарга Хайрул Танжунг баярын бялуу барин орж ирсэн нь Путины сэтгэлийг юу юугүй хөдөлгөж орхисон. Ийм гэнэтийн явдал болно чинээ бодоогүй байсан Путин багагүй барьц алдаж сандарсан шинжтэй харагдаж байсныг Оросын хэвлэл мэдээллүүд тухайн үед онцолж байсан билээ.

Харин энэ жил тэр юу хийж амрах вэ?

Энэ жил мань хүн дэлхий дахинд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад юун амрахтай манатай байх шиг. Украйны асуудлаар дорвитой шийдвэрт хүрч чадаагүй байтал Сирийн асуудалд анхаарлаа хандуулах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л ОХУ-ын агаарын хүчин Сири дахь Исламын улс бүлэглэлийн найман байршилд агаараас цохилт өгсөн. Ерөнхийлөгч В.Путин Башар Аль-Асадын Засгийн газрыг дэмжиж, Исламын улсын хэт даврагчдын эсрэг тэмцэх нь Ойрхи Дорнодын орнуудад үүсээд буй тогтворгүй байдлыг таслан зогсоох гол арга зам гэж үзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ долоо хоногт Оросын төрийн тэргүүн ISIS-ийн дайчдыг намнахаар Сири рүү тусгай хүчний /Спецназ/ элит багийг илгээсэн тухай зарим эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн элит шүхэрчдийн нэг батальон тус бүс нутаг руу явсан байна.

Спецназ буюу Оросын тусгай хүчнийхэн нь алан хядах ажиллагаа, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэхээр бэлтгэгдсэн алба бөгөөд тэдний дотор нууц ажиллагаа гүйцэтгэх үүрэгтэй мэргэжлийн алуурчид хүртэл багтдаг аж.

Гэсэн ч Ерөнхийлөгч Путин төрсөн өдрөөрөө чимх ч гэсэн амарч, алжаалаа тайлахаар шийдсэн гэнэ. Өнөөдөр тэрээр 63 насныхаа ойг Сочид угтах бөгөөд алдартай тамирчид болон улстөрчидтэй хоккей тоглох гэнэ. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга нь В.Путины энэ өдрийн ажлын талаар мэдээлэл өгөөгүй, харин Шөнийн хоккейн лигийг зохион байгуулах хорооноос төрийн тэргүүн тоглолтод оролцох тухай мэдэгдсэн бөгөөд түүнд зориулсан ямар нэгэн тусгай арга хэмжээ зохиохгүй гэж мэдэгдсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.