ЧЮҮШИНГҮРА буюу Үнэнч сэтгэлийн далай

Twitter Print
2022 оны 01-р сар 14-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Токио хотын Минато дүүрэгт оршдог Сэнгакүжи хийдэд “Акао овгийн үнэнч самүрай нарын дурсгалыг хүндэтгэх” ёслолын арга хэмжээ жагсаал болж байгаа. Манайхан Холливудын бүтээсэн “47 роонин” киноноос энэ тухай мэддэг болсон байх, би өмнө нь олон удаа энэ тухай бичиж байсан.

Энэ бол 1701 онд болсон үйл явдлаас эхтэй Японы түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдэж, япончууд өнөөдрийг хүртэл байнга дурсан санаж байдаг үйл явдал л даа. Акао овгийн самүрай нар өөрийн эзэн самүрайн өшөөг аваад, Шёогүн жанжны өмнө “буруугаа” хүлээн харакири хийж амиа егүүтгэсэн, Японы түүхэнд ЧЮҮШИНГҮРА (“Үнэнч сэтгэлийн далай” гэж орчуулж болно) нэрээр тэмдэглэгдэн үлдсэн, бодитойгоор болж өнгөрсөн түүхэн үйл явдал. 12-р сарын 14 бол өшөөгөө авсан өдөр нь.

Эдгээр 47 самүрайг оршуулсан Сэнгакүжи хийдэд жил бүр “Акао овгийн үнэнч самүрай нарын дурсгалыг хүндэтгэх” арга хэмжээ болдог (өнөөгийн Хёого мужийн нутагт оршдог, Акао овгийнхны төрсөн нутаг Акао хотод бүр ч том арга хэмжээ болдог гэсэн). Токиогийн Чюүоо дүүргийн захиргаанаас энэхүү хийд хүртэл “47 үнэнч самүрайн” хувцсыг өмссөн хүмүүс жагсаалаар явсаар Сэнгакүжи хийдэд ирж, 47 самүрайн шарилын өмнө ёслол хийдэг. Хүн их цугларна, гадаадаас Японы дотоодоос жуулчид ихээр ирж сонирхон үздэг. Өнөөдөр Японы телевизүүдээр Чюүшингүра-гийн сэдвээр хийгдсэн кино, жүжиг гарч байгаа байх.

“Самүрайн өвөрмөц нийгмийн журмыг сахиж өөрөөсөө буюу үнэнч сэтгэлээсээ урвах уу”, эсвэл “ёс зүйгээ дагаж хууль зөрчих үү” гэсэн салаа замын өмнө ирсэн самүрай нар ямар шийдвэр гаргасан бэ? Ийм тохиолдол хүмүүст өнөөдөр ч тулгардаг. Энэ бол яруу найргаар бол “мөнхийн сэдэв”. ЧЮҮШИНГҮРА бол энгийн юм шиг боловч маш том, “хүнд” сэдэв...

2014 оны 12-р сарын 14-нд мөнөөх Сэнкакүжи хийдэд болсон ёслолд оролцон, авсан зургуудаасаа оруулав.

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.