12 настай хүү шүүхэд ялж, КОВИД-19 эсрэг вакцин хийлгэх боломжтой болжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 24-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Нидерландын Гронинген хотод 12 настай хүү өвчтэй эмээтэйгээ уулзахын тулд коронавирусын эсрэг вакцинд хийлгэхийг нь зөвшөөрөөгүй аавыгаа шүүхэд өгчээ. Шүүхийн зүгээс хүүг коронавирусын эсрэг вакцинд хамрагдсанаараа хавдрын эмгэг нь сүүлийн шатандаа орж, эмчилгээгүй болсон эмээдээ коронавирусын халдвар дамжуулах магадлал багасна гэж үзжээ.

Нидерландад 12-17 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцин хийхийг зөвшөөрсөн ч хүүхдүүд заавал эцэг эхээсээ зөвшөөрөл авч байж вакцинд хамрагдах ёстой ба хүүгийн аав "коронавирусын эсрэг вакцин нь туршилтын шатандаа явж байгаа мөн нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлдөг" хэмээн хүүдээ коронавирусын эсрэг вакцин хийлгэхийг нь зөвшөөрөөгүй аж.

Шүүгч хүүгийн аавын мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хүүгийн эрх ашиг нь аавынх нь сэтгэл зовнилоос илүү чухал гэж үзэн, уушгины хорт хавдар нь сүүлийн шатандаа орж, амьдралынхаа сүүлийн мөчүүдийг өнгөрүүлж байгаа эмээтэйгээ уулзаж, хамт цагийг өнгөрөөхийг хүссэн хүүг коронавирусын эсрэг вакцинд хамруулах нь зөв гэж үзжээ.

Тэрчлэн шүүгч хүүхдүүд коронавирусын халдварыг хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрдөг ч хүүхдүүдийн эдгэрэлт удаан байдаг гэдгийг онцолжээ.

Хүүгийн ээж хүүхдээ коронавирусын эсрэг вакцинд хамрагдахыг зөвшөөрсөн ч аав нь эсэргүүцсэн учраас Нидерландын хуулийн дагуу шүүх аль шийдвэр нь хүүхдийн эрх ашигт илүү нийцэх вэ гэдгийг эцэслэн шийдэж өгдөг аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.