Долоо дахь олимпдоо цэц сорих О.Гүндэгмаа

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Токиогийн олимп эхлэх хугацаа хоног хоногоор ойртлоо. Өгүүлэн буй наадамд шалгаран оролцогчдын нэг нь Монголын О.Гүндэгмаа. Гүндэгмаа мэргэний нэрийн өмнөх О үсгийг нэг хэсэгтээ Отрядын гэж ойлгодог байсан сан. Сүүлийн жилүүдэд Олимпын хэмээн тайлбарладаг болцгоосон. Миний хувьд онцгой гэж тодотгомоор байна, энэ цаг үед.

Харин түүнтэй өрсөлдөгч тив, дэлхийн шилдгүүд осолтой тамирчин хэмээн зүрхшээх болсоор удаж байна. Түүний тухай, амжилт ялалтын талаар ойрд сонин хэвлэлд бараг гарахгүй байх шиг. Тиймээс хэдэн мөр тэрлэх санаатайгаа утсаар цухуйлгахад,

-Та тэгж бодож байгаа бол дургүйцэх юм алга. Хаана уулзах вэ?

-Би хөл муутай, таягтай болсон. Манайд хүрээд ирвэл сайн байна. Баатар, аваргыг дагуулаад ирвэл бүр сайн шүү.

-Ойлголоо, Цагаанаагийн зав ямар байх юм бол доо... гэхчилэн ярилцсаны маргааш нь буюу энэ сарын 5-ны үдээс өмнө утас дуугарлаа. Автал танил дуу гарч “Бид очиж явна” гэв.

Баатар, аваргууд инээлдсээр сүү барьцгаан орж ирэв. Нүүр тулж уулзаагүй уджээ, бид. Сонгосон спортоосоо болоод байнгын хөдөлгөөнтэй байдгаас шалтгаалдаг ч биз. Бас эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа анхаардгийн илэрхийлэл ч биз. О.Гүндэгмаа нэлээд турчихсан юм шиг анзаарагдлаа. Х.Цагаанбаатар баатар жин ахисан нь илт.

-О.Гүндэгмаа баатар одоо хэд дэх олимпдоо оролцохоор шалгараад байгаа билээ.

-Долоо дахь.

Долоон олимпод оролцохоор шалгарсан тамирчин миний мэдэхээс Монголын түүхэнд анхдагч. Дэлхийд олонгүй нь лавтай. Сонгосон спортынхоо онцлогоос үүдээд, өөрийн туршлага, авьяас,хөдөлмөр зүтгэлд түшиглээд эл эрхэм цаашдаа ч бөмбөрцгийн өнөр бүлийнхний спортын их наадам, олимпод шалгаран, алдар нэрээ дуудуулан, амжилт, ялалтаараа эх орон нэгтэн биднийгээ баярлуулсаар байхад эргэлзэх юун. Долоо хоногийн зургаад нь наймаас цөөнгүй цагийн бэлтгэл тогтмол хийсээр яваа инээмтгий баатар Токиогийн олимпын талаар ямар бодол, хүсэл мөрөөдөлтэй явааг уншигч түмэн тандмаар байгаа нь мэдээж.

-Токиогийн цаг агаар, уур амьсгал Бээжингийн наадамтай төстэй болох байлгүй. Энэ утгаар бодвол зөвхөн надад биш, манай Монголын тамирчдад Токиогийн их наадам өлзийгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Биднийг ийнхүү хүүрнэж суутал Х.Цагаанбаатар “Аваргын төлөө гэж хэлээч. Аварга болно л гэж үзнэ шүү дээ” хэмээн хүч нэмлээ.

Нээрээ л О.Гүндэгмааг олимпын аварга болчихоод ирэхэд хэн гайхах билээ, болтугай. Нэгэнт уулзсаных буудлагын спортоос хальж гэр орон, ахуй амьдралынх нь тухай ч ярилцав. Тэднийх бүл нэмж дөрвөн хүүхэдтэй өнөр айл болжээ. Ихэр хоёр жаал нь хоёрдугаар ангид сурч байгаа аж. О.Гүндэгмаагийн ээжийн тэнхээ овоо сайн байгаагаас эдэндээ нэмэр тустай хэвээр бололтой. Х.Цагаанбаатарын хувьд энэ онд нутагтаа, Увсдаа дөрвөнтөө очсоноо бахархан өгүүлж, хөдөөгийн ус, агаарын өгөөжийг магтан биширч сууна билээ.

Баатар зочид “Бидний ажил хөдөлмөрийг харьцангуй хамгийн сайн мэдэх судлаач шүү дээ, Та. Таны шинэ номыг шимтэн уншмаар байна. Бэлэн сайхан шатар байна. Нэг нүүчих үү” хэмээн Х.Цагаанбаатар ажил хэрэгч яриаг завсарлуулав. Агуу их Л.Түдэв гуайн “Мод мэрэх ч архинаас арай дээр юм даа” гэдгийг дурсан бодсоор шатар өрж эхэлтэл “Би дөнгөж сурч байгаа” хэмээн Цагаанаа хэлж байна. Тамирчид тэр дундаа бөхчүүд бэлтгэлд гарсан үед байнга “мод мэрдэг”-ийг гадарлах тул эхнээсээ л хичээлээ. Дэлхийн аваргыг хожсон гэвэл хэн бүхэн юуны хэмээн лавлах нь өдий байлгүй. Өрсөлдөөн амаргүй болох миний таамаг эхний хэдхэн нүднээс зөрсөнгүй ээ.

Амаргүй шатарчин юм аа, аварга.

Тоглож байгаа үеийн зургийг Гүндэгээ аль хэдийн авчихжээ. Бодвол хоёр аваргын хэн нэг нь цахим орчинд байрлуулах биз. За тэр ч яах вэ. Долоо дахь олимпдоо цэц сорих тамирчныхаа тухай хэдэн өгүүлбэр нэмж бичье. Ус, агаар, цагийн зөрүү зэрэг эерэг нөхцөлөөс улбаалаад манайхан Токиод өндөр амжилт гаргах бололцоо бий байх аа. Бээжингийн их наадмын амжилт давтагдах, бүр давах ч юм бил үү. Дэлхийн, олимпын нэршилтэй тэмцээнүүдээс О.Гүндэгмаагийн цуглуулсан медалийн түүх бүр 1996 оноос эхлэлтэй. Америк тивийн Хавана хотоос авчирсан мөнгөн медалийн “дүү” нар одоо талийсан нь тодорхой. Тэр бүхний тухай тоочиж бичвэл баримтат тууж болох нь мэдээж. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аваргуудын сэтгэл зүй, ур чадварын нууц” (2009 он) номоос энд иш татъя. Спорт гар бууны 25 метрийн Азийн финалттай дээд амжилт 592+204.5=796.5. Дээд амжилтыг эзэмшигч нь О.Гүндэгмаа, Монгол Улс гэсэн нь бий.

Бээжингийн олимпын наадамд хурдан буудлагаар 300 онохоос 299 оносон цорын ганц тамирчин нь Монголын О.Гүндэгмаа байсныг түүх гэрчилнэ. Өрсөлдөгчид болон судлаач нар юу андах билээ. Тиймээс осолтой өрсөлдөгч мөнөөсөө мөн, манай баатар. Долоо дахь олимпдоо оролцохоор шалгарчихаад бэлтгэл, дасгалаа шамдан яваа, сэтгүүлчийн тодорхойлсноор мэргэний амжилтын дээдийг догдлон баясах өдөр ойртсоор байна.

Бэлтгэсэн: Р.Чулуун

Өнөөдөр сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.