Зүрхний өвчнөөс урдчилан сэргийлэх Аюурведийн арга

Twitter Print
2022 оны 04-р сар 30-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Мянга мянган жилийн улбаатай уламжлалт анагаах ухааны "Чарака Самхита" судар номонд бичсэнээр зүрх, цусны эргэлтийн систем, амьдрах хүч тамираа хамгаалая гэсэн хэн боловч бие сэтгэлийн тэнцвэр алдуулах, бие сэтгэлийн дарамт учруулах чадвартай аливаа бүхнээс зайлсхийж явах ёстой.

Зүрх, амьд явах тамираа тэтгэх иогийн дасгал хийж, цус болон дотор эрхтэн цэвэрлэж ариусгах эмт ургамал хүртэж, оюун ухаанаа байнга мэдлэгээр тэтгэн тэлж, сүнс сүлдээ тайвшруулж аргадаж явах учиртай. Үүнээс хамгийн чухал хоёр зүйл нь нэгт хэзээд хүч хэрэглэж түрэмгийлэхгүй байх, уур хилэнд автаж хэрцгий догшин авирлахгүй байх, хоёрт байнга шинийг эрэлхийлж оюунаа мэдлэгээр гэрэлтүүлж явах.

Таван мэдрэхүйдээ эзэн сууж гэмээ нь бие махбодын хүчирхийлэл ба халдлагаас ангид хол явна. Байнга шинээр юм сурж гэмээ нь амьдрах хүсэл бадрана. Энэ бүхнийг тууштай дагаж чадваас хүн урт наслаж удаан жаргахын үүд нээлттэй бөлгөө. Хүний биеийг оромж гэж үзвэл зүрх нь гал голомттой адил. Зүрхнээс бүх биеийг тэтгэх амьдралын шим шүүс арван том судлаар салбарлаж тардаг. Тиймээс зүрхээ хайрлагтун. "Чарака Самхитад" ийнхүү сургадаг.

Тийм ээ, аюурведэд хүний зүрхийг хамгийн чухал эрхтэнд тооцох бөгөөд прана буюу эрчим хүч, ожа буюу амьдралын шим шүүс, мөн сүнс сүлдний орон гэж үзнэ. Зүрх зогсвол хүн амьсгал хураана. Цусны даралт өндөр, цусны холестерин ба триглицирид хэт их, өдөр тутмын ачаалал дэндүү их байвал зүрхний өвчнөөр өвчлөх нигуртай.

Хүнс хоол

Шингэц муутай бүхий л тос зүрхэнд маш муу. Халааж болохгүй ургамалын тосоор хоол унд хийх, малын хуршмал тос мөн транс тос зүрх судсыг бөглөж хатууруулдаг. Шарсан хуурсан хоол тааруухан. Мөн мах сүүний чиглэлээр зохисгүй тэжээлээр бордсон малын сүүгээр хийсэн бяслаг, тараг, мөхөөлдөс гэх мэт бэлэн бүтээгдэхүүн, мөн л тийм тэжээвэр малын улаан мах зүрхний дайсан. Холестерин багасгах чанартай хүнс гэвэл алим, амтат жүржийн шинэхэн шүүс, шар будаа мөн ихэнхи хүнсний ногоо орно.

Биеийн тамирын дасгал

Өөрийн нас, биеийн онцлог болон дошандаа тааруулж биеийн тамираар хичээллэх учиртай. Кафа буюу бадганатай хүмүүс хамгийн хүнд ачаалалтай дасгал, пита буюу шар давамгайлсан хүмүүс дунд зэргийн, харин вата буюу хий давамгайлсан хүмүүс хамгийн хөнгөн дасгал хийвэл зүйтэй. Гадуур аль болох тогтмол спорт алхаагаар хурдан алхах, эсвэл шогших, цаг агаар хүйтэн эсвэл чийгтэй бол гэртээ дороо шогших маш сайн.

Стресс тайлах

Аюурведийн үүднээс үзэхэд бясалгал ба иога ядаргаа тайлахад хамгийн сайн. Өдөр бүр 10 – 20 минут хоёр удаа бясалгал үйлдвэл зүрхэнд нэн тустай бөгөөд стресс ядаргаа найдвартай тайлна.

Иога хийсний дараа хөдөлгөөнгүй хэвтэж амьсгалаа бүх мэдрэмжээрээ мэдрэх савасана дасгал зүрхэнд нэн тустай. Амьсгал аваад хэсэг түгжээд амьсгалаа гаргаад хэсэг түгжиж үүнийгээ таван мэдрэхүйгээрээ мэдэрч хэвтэх.

Алттай ус уух:

24 карат цэвэр алтан гинж хоёр аяга хэмжээтэй тогоотой усанд хийгээд гал дээр тал болтол нь ширгээнэ. Алттай ширгээсэн усаа өдөрт цайны халбагаар хэд таслаж ууна. Мөн цагаан будааг алтан гинжтэй агшааж болно. Хоолоо идэхдээ алтан гинжээ будаанаасаа салгаж авахад л болно. Усанд ширгээх мөн цагаан будаатай жигнэх нь алтан гинжинд ямар ч муу нөлөө үзүүлэхгүй.

Зүрхэнд тустай эмт ургамал

Хамгийн сайн эмт ургамал бол Аржуна. Аржунаны бэлдмэл цайны тал халбагаар өдөрт гурван удаа зөгийн балтай хольж бүлээн усаар даруулж ууна. Аржуна зүрхний титэм судсыг тавиу болгож, цусны эргэлт сайжруулж, зүрхний ховдлын булчинг хүчтэй болгож өгнө. Цагаан гаа буцалсан усанд зөөлөн галаар хандлаад уух хэрэгтэй. Шөлтэй ба шөлгүй хоолонд цагаан гаа тогтмол хийж хэрэглэх зүрхэнд нэн тустай. Зүрхний инфарктаас хамгаална.

Дөрвөн хэсэг Punarnava, гурван хэсэг Kutki, дөрөвний нэг хэсэг Gulwel-Sattva, дөрөвний нэг хэсэг Shilajit хольсон бэлдмэл хийгээд цайны тал халбагаар буцалсан усанд хийж хандлаад өдөрт хоёр удаа үдийн ба оройн хоолны дараа уух хэрэгтэй.

Сармис өдөр бүр идэж байх мөн л зүрхэнд сайн. Цусны холестериныг багасгаж, эргэлт сайжруулж бөглөрөлийг арилгах увьдастай.

Rudraksha хэмээх энэтхэг модны жимсний үрээр эрх хийж зүүх сайн. Ведийн домогт энэ модны жимсний үрийг Шива бурханы нулимс гэдэг. Мөн ийм жимсний үр усанд дэвтээж хонуулаад өглөө нь уух сайн.

Иогийн дасгал

Хамгийн сайн дасгал нь Суряа-намаскар буюу нарны мэндчилгээ гэдэг дасгал юм. Даанч нас явсан, зүрх нь тааруухан хүмүүст хүнддэх тул шууд ийм дасгалаар эхлээд хэрэггүй. Эрүүл залуу хүмүүс зүрхээ хамгаалахын тулд өдөрт 6-12 удаа нарны мэндчилгээ хийвэл маш сайн. Нас ахисан, эсвэл зүрх дорой бол царцаа, бадамлянхуа суулт, гүүр, үнээ, тэмээ, нум, наж могой, зогсож байгаад доош тонгойх, нэг хөл дээрээ зогсох гэх мэт дасгалууд хийвэл зохистой.

Амьсгалын дасгал

Ujjayi-Pranayama хэмээх амьсгалын дасгал үйлдвэл сайн.

Анхааруулга: Та 40 нас гарсан, зүрх чинь дээрхи аргаар сайжрахгүй байгаа бол шалавхан эмчид үзүүлэх хэрэгтэй. Зүрх тоглоом биш.

Эх сурвалж: Васант Ладын ном

Орчуулсан: Хатигин овогт Бат-Очирын Алтантуяа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.