“Худалдан авах ажиллагааны газар” мэдээлэл хийлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр бүтээн байгуулалтын цагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар”-ын удирдлага мэдээлэл хийлээ. Тус газар нь 2012 оны наймдугаар сард байгуулагджээ. Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах юм байна.

“Худалдан авах ажиллагааны газар” тендерийн бүх үе шатыг цахимжуулж, e-tender.mn вэб сайтад мэдээллийн санг төвлөрүүлжээ. Тус газрын дарга Д.Энхжаргал хэлэхдээ “энэ онд манай газар хариуцан гүйцэтгэх ёстой 395,5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерээс эхний 9 сарын байдлаар 320 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан ба эдгээрийг 100 хувь цахимаар явууллаа. Цаг, зардал хэмнэж, өрсөлдөөнийг дэмжсэн энэ шинэчлэлийн үр дүнд нэг тендерийн үйл ажиллагаанаас 450-550 сая төгрөг, нийт дүнгээрээ 34,4 тэрбум төгрөг хэмнэлээ” гэсэн аж.

Мөн тендерт оролцогч компани өмнө нь олон байгууллагаар орж бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо ХААГ дахь нэг цэгийн үйлчилгээний төвөөс бүх үйлчилгээг авч байна. Үүнээс гадна худалдан авалтад хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, сургалтыг аж ахуйн нэгжүүдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 15:00 цагт ХААГ-т зохион байгуулж байна.

Тендерт оролцогчдын мэдээллийг нээлттэй болгосон, зарласан тендерийн гүйцэтгэлийг ил тод тайлагнаж эхэлсэн, тендерийн үнэлгээний хороонд олон нийтийн болон мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулдаг болсон зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжиж байна. Эдгээр мэдээллийг e-tender.mn цахим хуудаснаас авах боломжтой. Одоогийн байдлаар худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 2500 гаруй иргэн, олон нийтийн байгууллагын төлөөлөл тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхтэй юм.

Тендерийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг зарласан. Банкны тодорхойлолт, санхүү татварын тайлан зэргийг хуурамчаар бүрдүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад бүртгээд байна.

Удахгүй худалдан авах ажиллагааны мэдээллийг иргэд гар утаснаасаа авах боломжтой болно. Цахим тендерийн шинэчлэлийг цаашид үргэжлүүлж, 2016 он гэхэд цахим гэрээ, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХААГ-аас танилцууллаа.

Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар 9 дүгээр сарын 19-нээс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний дагуу хугацаа хожимдуулсан худалдан авалтын гэрээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх юм. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулах 925 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1272 төсөл арга хэмжээний худалдан авалт одоогийн байдлаар 92,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.