Хятадууд бас илжигнийхээ юунд дуртай

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Хятадуудын хоол ундны ямар хачин аймшигтайг бид ямар эс мэдэх биш, гэвч бас сонин хачин зүйл бишгүй л дуулдах аж. Жишээлбэл илжигний сэлдийнд тэд хачин их дуртай гэнэ. Эр хүний бэлгийн чалхад сайн гэж байгаа. Ер нь Хятадууд янз бүрийн амьтны үржлийн эрхтэнг сонирхон дурладаг уламжлалтай улс. Харин илжигнийх бол бүр онцгой гэнэ. Тансаг зоогийн газруудад ганц ширхэгийг нь 200 $-оор бэлтгэж “хоолой давуулах эд” болгодог байна.

Хятадын нийгмийн харилцааны нэгэн сүлжээнд, “Илжигний сэлдийнд үндсэндээ онцгой зүйл ердөө байхгүй, зүгээр л булчин мах, харин жаахан гормоны үлдэгдэл байж болно. Хэрвээ бэлгийн чалхын тухайд ярих юм бол илүү их бэлгийн эстэйгээр нь илжигний төмсөг идэх хэрэгтэй. Уламжлалт мал аж ахуйтай орнуудад бол хонины засаа болгож иддэг, тухайлбал эр хонины засаагаар сайхан шорлог хийж болно, эсвэл зүгээр төмс, сонгиноор хачирлаж шараад идсэн ч болдог. Би хэд хэдэн удаа идэж үзсэн, сайхан амттай байдаг юм. Гэвч бүхэл бүтэн хониноос зуухан грамм засаа гардаг нь харамсалтай. Хятадад энэ хоолыг илүү тансагт үзэж чухалчилдаг нь зөвхөн хүний сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй бэлгийн эсийн нөлөөгөөр химийн урвал явагдаж, бэлгийн чадавхи сайжруулдагтай холбоотой” гэж нэгэн хэрэглэгч сэтгэгдлээ бичиж үлдээсэн байх аж.

Могой, оготно, мэлхий, өт, хилэнцэт хорхой, элдэв шавж, нохой, муур гээд амьтай хөдөлдөг бүхэн, тэр атугай гэдэс дотрыг нь хүртэл шарж иддэг Хятадуудын хувьд амьтны засаа төмсөг идэх асуудал тийм ч хачирхалтай зүйл бус, Европынхонд л хачин жигтэй байдаг байх. Нүүдлийн соёл иргэншилтэй улс бүхэнд малаасаа хаяж орхих зүйл ер байдаггүй. Арабын нүүдэлчин Беберүүд хүртэл хонь ямаа, тэмээгээ засаж, өөр өөрсдийн өвөрмөц хоол унд бэлтгэж иддэг бол Монголчууд бидний хувьд ч хаврын хавартаа төл малаа засаж, тогоо дүүрэн буцалгаж суудаг билээ.

Сониноос Хятадууд өнөөдөр нохой муур идэж чадахаа байсан юм байх. Төрөөс хориглосон гэнэ. Нохой муур идсэн нь мэдэгдвэл бүр 2500-5000 юаниар торгож, 15 хоног шоронд хорих болсон аж. Хэрвээ дэлгүүр, зах газар нохой муурын мах зарж байгаад баригдах юм бол 500 000 юаниар торгуулаад зогсохгүй олон нийтийг муу зуршилд уруу татсан гэх үндэслэлээр шоронд хоригдох нилээдгүй хүнд шийтгэлтэй болсон байна. Гэвч ийм шийтгэлтэй болсон нь үнэн байлаа гэхэд сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэгтэй адил цаагуураа далд хэрэглээ, бизнес болж хувирах нь тодорхой бизээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.