
Литвийн Батлан хамгаалахын яам иргэддээ Хятадад үйлдвэрлэсэн гар утаснуудаа хаяж, Хятадад үйлдвэрлэсэн гар утас шинээр худалдан авахаас зайлсхийхйиг зөвлөжээ. Литвийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Үндэсний Цахим аюулгүй байдлын төв Хятадад үйлдвэрлэсэн 5G гар утаснууд дээр туршилт хийж үзсэн ба Xiaomi компанийн гар утсанд тагнах төхөөрөмж суулгасан байсныг мөн Huawei компанийн утсанд аюулгүйн ажиллагааны доголдол байгааг олж тогтоосон гэжээ.
Литвийн Үндэсний Цахим аюулгүй байдлын төвөөс тогтоосноор Xiaomi компанийн Mi 10T 5G гар утасны аппликейшнуудад "Түвдийг чөлөөл", "Тайванийн тусгаар тогтнол", "ардчилсан хөдөлгөөн" гэх мэт нийт 449 үгсийг таних программыг давхар суулгасан байжээ.
Европын улс орнуудад зарагдаж буй утаснууд дээр энэхүү программ идэвхгүй байсан ч уг программыг зайнаас дахин идэвхжүүлж болно гэж үзсэн байна. Түүнээс гадна тус компанийн гар утаснууд хэрэглэгчдийн кодлосон мэдээллийг Сингапур луу илгээдэг нь тогтоогдсон аж.
Xiaomi компанийн албан ёсны төлөөлөгч БиБиСи сувагт өгсөн ярилцлагадаа Xiaomi компани хэзээ ч хэрэглэгчдийнхээ хэрэглээг хязгаарлаж, тагнаж байгаагүй цаашид ч хязгаарлаж, тагнах үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг онцолжээ. Xiaomi компанийн ухаалаг гар утаснууд нь үнийн хувьд боломжийн байдаг ба өнгөрсөн жилийн 2-р улирлын ашиг орлоготой харьцуулахад энэ оны 2-р улиралд тус компанийн орлого 64 хувиар өсчээ.
Huawei компанийн P40 5G гар утаснууд хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэж үзсэн байна. Тодруулбал, тус утасны AppGallery аппликейшн нь хэрэгчдийг гуравдагч e-store луу шилжүүлснээр хэрэглэгчийг аюултай болон вирустэй аппликейшн татах эрсдэлд оруулдаг аж.
Huawei компанийн төлөөлөгч БиБиСи сувагт өгсөн ярилцлагадаа Huawei компани үйл ажиллагаагаа явуулж буй улс орныхоо бүх хууль журмыг дагаж, цахим аюулгүй байдал, хувь хүний мэдээллийг хадгалах явдлыг нэн тэргүүнд тавьдаг гэжээ. Түүнээс гадна Huawei компанийн зүгээс хэрэглэгчдэд ямар нэг вирусгүй, аюулгүй аппликейшнуудыг татах нөхцлийг бүрдүүлж өгсөн гэжээ.
Литва, Хятад хоёр улсын харилцаа сүүлийн саруудад хурцдаад байгаа ба Тайвань Литва дахь төлөөлөгчийн газраа Тайванийн төлөөлөгчийн газар гэж нэрлэснээс хоёр улсын маргаан эхэлсэн юм.
АНУ болон Европын орнууд дахь Тайванийн төлөөлөгчийн газрууд нь нийслэл Тайбэйн нэрээр явдаг ба энэ нь БНХАУ Тайванийг улсынхаа нэг хэсэг гэж үздэгтэй холбоотой аж.
Өнгөрсөн сард Хятадын эрх баригчид Литва улсаас Бээжинд суугаа элчин сайдаа эгүүлэн татахыг шаардсан ба өөрсдөө Вильнюс дахь элчин сайдаа эгүүлэн татахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn