А.Навальныйг суллахыг шаардсан жагсаалын үеэр 5000 гаруй хүнийг баривчилжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 01-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын хэдэн 10 хотуудад Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйг суллахыг шаардсан жагсаалууд болж өнгөрсөн ба жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөлгүй зохион байгуулагдсан дээрх жагсаалуудын үеэр цагдаа нар 5000 гаруй хүнийг баривчилжээ.

Нийслэл Москва хотод жагсагчид А. Навальныйгийн хоригдож буй "Матросская тишина" саатуулах байрыг чиглэн жагссан байна. Үүнтэй холбоотойгоор цагдаа нар метроны зарим буудлуудыг хааж, хотын төвийг бүслэн хамгаалалтанд авчээ. Жагсаалын үеэр А. Навальныйгийн эхнэр Юлия Навальнаяг мөн саатуулсан ба түүнийг удалгүй сулласан байна. Тэрээр жагсаал болохын өмнө өөрийн Инстаграм хуудаснаа, "Бид одоо дуугүй байвал маргааш тэд бидний хэнийг ч барихаар ирж магадгүй." хэмээн бичжээ. Цагдаа нар жагсаал зөвшөөрөлгүй гэдгийг онцолсон бол эрх баригчид жагсаал цуглаан зохион байгуулах нь коронавирусын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулсан байна. Ерөнхийлөгч В. Путины төрсөн хот болох Санкт-Петербургэд иргэд төв талбайдаа жагссан бол Новосибирск хотод 2000 мянга гаруй хүн жагсаж, Якутск хотод - 40 хэмийн хүйтнийг үл ажран хэдэн 10 хүн гудамжнаа гарчээ.

Омск хотод 1000 орчим хүн, Екатеринбургд 7000 хүн тус жагссан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. ОВД-Инфо байгууллагаас мэдээлж байгаагаар Оросын 86 хотод зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр цагдаа нар нийт 5000 гаруй хүнийг баривчилсаны 1608 нь Москва хотод, 1122 нь Санк-Петербург хотод саатуулагджээ. Москва хотод саатуулах байрууд бүгд дүүрсэн байна. А. Навальныйгийн Москва дахь штабаас ням гарагийн орой ирэх мягмар гарагт А. Навальныйгийн хэргийг шүүх Москва хотын шүүхийн гадаа жагсахыг уриалсан юм.

Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар А. Навальныйгийн дүү Олег Навальный болон сөрөг хүчний идэвхтэн Любовь Соболь, Мария Алёхина нарыг гэрийн хорионд оруулсан юм. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагч Сергей Смирновыг өнгөрсөн бямба гарагт гэрийнх нь гадаа баривчилсан явдлыг олон улсын сэтгүүлчид шүүмжилж байна.

Эх сурвалж: DW

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.