Ээж нь өсвөр насны охиноо Сибирь лүү цөлж шийтгэжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 23-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

София Петрова бол хаанаас нь ч харсан байдаг л нэг 17 настай охин. Тэр бусдын л адил найз залуутай, Фейсбүүк-ээр дамжуулан бусадтай санаа бодлоо хуваалцдаг, архи сонирхон хэрэглэж үзсэн ийм л охин. Яагаад Софиягийн тухай ярих болсон бэ гэхээр түүнийг хоёр жилийн өмнө ээж, хойд эцэг хоёр нь шийтгэл болгож Америкаас Оросын тэсгэм хүйтэн улиралтай, цас мөсний орон гэгддэг Сибирь лүү “цөлсөн” юм.

Петрова хэдийгээр Орост төрсөн ч гэлээ дөнгөж хоёрхон настай байхдаа Америкт суурьшихаар ээжийнхээ хамт явжээ.

Петровагийн ээж Наталья Робертс Вашингтонд ирснийхээ дараа Фарид хэмээх Ирак залуутай танилцаж, улмаар гэр бүл болсон байна. Петрова “Сибирьский час” сонинд саяхан өгсөн ярилцлагадаа Фаридыг ээжтэйгээ суухад их жоохон байсан болохоор өөрийнхөө аавыг гэж боддог байсан тухайгаа хэлжээ. Харин ээж нь Фаридаас түүнийг 12 настай байхад салсан бөгөөд ахиж түүний барааг нэг ч хараагүй гэнэ. Харин ээж нь одоогийн нөхөр Цагаачлалын хуулиар мэргэшсэн өмгөөлөгч Жеймс Робертстой Петроваг 14 настай байхад гэр бүл болжээ. Тэд Петроваг 15 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд яг нэг долоо хонож байхад Сибирь лүү явуулжээ.

Петровагийн ээж, хойд эцэг хоёр Сибирь лүү явуулсан шалтгаанаа охин хэрээс хэтэрсэн зан ааш гаргах болсноос үүдэлтэй гэж мэдүүлсэн ба Петрова ч эцэг эхийнхээ хувцасны шүүгээнээс 1,000 доллар хулгайлж байснаа хүлээсэн юм. Иймд тэд охиныг өөрийнх нь төрсөн эцэг болох, урд нь хэзээ ч харж байгаагүй Игорьтой хамт амьдруулахаар Сибирь лүү явуулсан байна. Охин аав дээрээ очихдоо оросоор ярьж чаддаггүй, аав нь англиар ярьдаггүй тул нэлээн бэрхшээл учирчээ.  Охин эхлээд 3 долоо хоногийн хугацаатай аавтайгаа уулзаж танилцахаар түр ирж байгаа гэж ойлгожээ. Өдөр, хоног, сар нисэн өнгөрсөөр 2 жил болжээ. Харин ээж, хойт аав хоёр нь буцааж авсангүй.

Петровагийн ээж аль хэдийн Америкийн иргэн болсон ч, Америкт 2-хон настай ирээд хамаг насаа өнгөрөөж, өсч хүмүүжсэн Петрова охин Америкийн иргэн биш байгаад гол учир байгаа юм. Хэрэв тэр 18 нас хүрэхээсээ өмнө амжиж Америкт ирж чадахгүй бол хэзээ ч буцаж ирж чадахгүй тийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Виржиниа мужид байх түүний нэг ангийнхан нь Петроваг буцааж авчрах компанит ажил өрнүүлээд байгаа гэнэ. Бусад сайн санаат хүмүүс ч энэ аянд нэгджээ. Харин түүний ээж, хойт аавын хэлж байгаагаар охины буцаж ирэх эсэх нь өөрөөс нь шалтгаална гэсэн байна. Харин яавал тэд охиноо буцааж авчрах тухайгаа тодорхой хэлэхээс татгалзсан байна.

Хүүхдийн нэрийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр шуугиан дэгдээж байна гэж зарим хүн буруушааж байгаа ч хэл мэдэхгүй, орчинд нь өсөөгүй хүүхдийг урьдчилан сануулж зөвшилцөлгүйгээр олон жилээр амьдралын хүнд нөхцөлтэй газар луу цөлсөнд олон хүн дургүйцэж байгаа юм. Өсвөр насныхан аль болохгүй юм хийхийг тэр гэх вэ, хамгийн гол нь охиныг ингэж шийтгэж, сэтгэл санаагаар тамлан зовоох биш өөр аргаар асуудлыг шийдэх боломж байсан гэж олон хүн үзэж байна.

 

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.27.244) 2014-06-12 10:23
      • 0
      • 0

      Үнэн хэрэг дээрээ зальтай эвдэрсэн охин, энэ нь өөрт нь хэрэгтэй гэж орос сайтад

      Хариулах