
Хятадын эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд коронавирусын цар тахлын давалгаа дуусах хандлагатай байгааг мөн Цагаан сарын баяртай холбоотой хөл хөдөлгөөнөөс болж халдварын шинэ давалгаа үүсэх эрсдэл бага байгааг онцолжээ.
Хятадын засгийн газрын статистик мэдээгээр тус улсын аялал жуулчлалын салбарын статистик тоо баримтууд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байгааг харж болох ба аялал жуулчлалын салбарын идэвхжил сүүлийн 4 сарын хугацаанд анх удаагаа сэргэсэн нь тус улсын эдийн засаг сэргэх бас нэг том дохио болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Хятадын засгийн газар өнгөрсөн 12-р сард цар тахлын эсрэг бодлогоо сулруулсантай холбоотойгоор тус улсад коронавирусын халдвар хурдацтай тархаж, эмнэлгүүдийн ачаалал өнгөрсөн 1-р сарын дундуур оргилдоо хүрсэн байна.
Хүний хамгийн том нүүдэл гэгддэг Хятадын Цагаан сарын баярын хөл хөдөлгөөнөөс болж коронавирусын халдварын тархалт нэмэгдэнэ хэмээн олон улсын ажиглагчид үзэж байсан ч өнгөрсөн мягмар гарагт Хятадын Өвчний хяналт, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв "коронавирусын халдвар нэмэгдэх шинж тэмдэг байхгүй байгааг" онцолжээ. Тус төвөөс хийсэн мэдэгдэлд, "Өнөөдрийн байдлаар коронавирусын өөр шинэ хувилбар бүртгэгдээгүй, цар тахлын энэ удаагийн давалгаа дуусах хандлагатай байна." гэжээ.
Хятадын Тээврийн яамнаас мэдээлснээр Цагаан сарын баярын амралтын эхний 22 хоногт аялал жуулчлал 2022 оныхоос 75.8 хувиар өссөн байна.
Гэсэн ч энэ тоо нь цар тахлын өмнөх үед буюу 2019 оны Цагаан сарын үеэр бүртгэгдсэн аяллуудын 50 хувьд л хүрч байгаа аж.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Цагаан сарын баярын 40 хоногийн амралт дуусах үед аяллын тоо өмнөх жилийнхээс 99.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийн 70. 3 хувьд хүрнэ гэж тооцолж байгаа аж.
Цагаан сарын үеэр дотоодын аялал жуулчлал 2019 оны үзүүлэлтийн 88.6 хувьд хүрсэн бол хэрэглээний салбар 12.2 хувиар л өссөн байна.
Харин худалдан авалтын менежерийн индекс 12-р сарынхаас өсөж 50.1 болсон байна. ОУВС өнгөрсөн 10-р сард Хятадын 2023 оны эдийн засгийн өсөлтийг 4.4 хувь гэж тооцоолж байсан бол энэ тоогоо 5.2 хувь болгон өсгөсөн байна.
Нөгөө талаас коронавирусын халдварын энэ удаагийн давалгаагаар Хятадад тэр дундаа Хятадын орон нутагт халдварт өртсөн, халдварын улмаас нас барсан иргэдийн бодит тоо хэд хүрсэн болохыг тодорхой хэлэх боломжгүй байгаа ба Хятадын эрх баригчид коронавирусын халдварын улмаас 80 мянга орчим хүн нас барсан хэмээн мэдээлсэн бол олон улсын мэргэжилтнүүд энэ тоо нэг саяыг давсан гэж тооцоолж байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn