
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Бээжин цаашид гадаадын улс орнуудад нүүрсний эрчим хүчтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр, "Хятад улс хөгжиж буй орнуудад"ногоон" буюу нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэхэд нь идэвхтэй тусалж, цаашид нүүрсний эрчим хүчтэй холбоотой гадаадын төслүүдэд хөрөнгө оруулахгүй" хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэх үеэрээ онцолжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Си Жиньпин дэлхийн улс орнууд бие биедээ хор хохирол учруулалгүйгээр өөр өөрсдийн тавьсан зорилтондоо хүрэх боломжтой хэмээн мэдэгдсэн нь АНУ-д зориулсан үгс байлаа хэмээн ажиглагчид үзэж байна. Тэрээр, "Нэг улсын амжилт нь заавал нөгөө улсад нь азгүйтэл авчирна гэсэн зүйл байхгүй. Дэлхийн бүх улс орнууд өөрсдийн хөгжил, ахиц дэвшлийн асуудлуудаа дор дороо шийдээд явахад хангалттай том билээ. Бид зөрчил, үл хүдээн зөвшөөрөх байдал руу бус нэгдэж хамтран ажиллах байдал руу тэмүүлэх ёстой." хэмээн онцолжээ.
Түүнчлэн Хятадын төрийн тэргүүн гадаадын улс орнуудад тулгараад буй асуудлуудыг хүчээр шийдэхээс татгалзахыг уриалжээ. Тэрээр, "Цэргийн хүч оруулж, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт гэх зүйлийг хэрэгжүүлэх нь зөвхөн хор хохирол л учруулдаг" хэмээн анхааруулсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулган албан ёсоор мягмар гарагт эхэлсэн ба энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.